засаг ноёдыг толгой дараалан шалгаж зүрхэнд нь шар ус хуруулж эхэлсэн ч
хэргээ хүлээн, дээлээ нөмөрсөн ноёнтон бараг л алга. Томоохон хэргүүд
шүүх, хяналтын байгууллагын аль нэг шатанд очин хэрэгсэхгүй болох,
нэмэлт мөрдөн байцаалтад буцах, номлох баримт хангалтгүй зэргээр
замхарсаар байна. Амбан ноёнтнуудын хэргийг мөрдөн байцаах ажлын
явцын талаар шинэхэн мэдээллийг АТГ-ын Мөрдөн шалгах албаны дарга
Э.Амарбат болон Нийслэлийн прокурорын газрын орлогч дарга Е.Сагсай
нараас тодруулснаа хүргэе.
Мянганы
сорилтын сангийн “Цэвэр агаар” төслийг хэрэгжүүлэх явцад нийслэлд оршин
суугаа ядуу өрхөд утаагүй зуух олгох ажлыг зохион байгуулах явцдаа
Баянзүрх дүүргийн хороодод иргэндийн иргэний үнэмлэхийг ашиглан худал
баримт үйлдэн, хувьдаа их хэмжээний мөнгө завшсан гэх хэргийг УМБГ-аас
Мөрдөн байцаалт явуулж, Нийслэлийн прокурорын газар хяналт тавьж байгаа аж.
Энэ
хэрэгт сэжигтэнээр Баянзүрх дүүргийн XI хорооны Засаг дарга н.Атар,
“Хас” банкны удирдах ажилтнууд, “Сэлбэ дулаан” ХХК—ын захирал
Н.Мөнхтогтох нарыг хоорондоо хуйвалдаж, төсвийн хөрөнгөнөөс их хэмжээний
мөнгө завшсан хэмээн эрүүгийн хэрэг үүсгээд байна. Нийслэлийн
прокурорын газрын орлогч дарга Е.Сагсай “Энэ хэрэгт Баянзүрх дүүргийн
Засаг дарга Б.Батзориг үүрэг өгч, үгссэн нь тогтоогдсон тул түүнийг
шалгахаар болсон” гэв.
Говьсүмбэр
аймгийн Засаг дарга Ж.Баянмөнх, тус аймгийн Татварын хэлтсийн дарга
С.Мөнхжаргал нарын хэргийг өчигдөр Улсын дээд шүүхийн хяналтын шатны
шүүх хуралдаанаар шүүж, Нийслэлийн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн
байна. Ингээд гурван ч шатны шүүхэд дарга нарын авлигын хэрэг нотлогдов.
Тодруулбал, С.Мөнхжаргал нь Говьсүмбэр аймгийн Татварын хэлтсийн
даргаар ажиллаж байхдаа “Шивээ говь” ХК-ийн НӨАТ-д төлсөн 80 сая
төгрөгийг төрийн сангаас гадуур данс нээн авсан эсэхийг шалгаж байсан
шалгалтыг зогсоолгох зорилгоор өнгөрсөн 2009 онд аймгийн Засаг дарга
Ж.Баянмөнхийг хоёр сая төгрөгөөр хахуульдсан байна. Нийслэлийн Баянзүрх
дүүргийн шүүх дээрх хэргийг өнгөрсөн тавдугаар сарын 23-нд анхан шатны
журмаар хянан хэлэлцээд Ж.Баянмөнхөд 5.1 жилийн хорих ял оногдуулсан.
Харин С.Мөнхжаргалд нэг жилийн хорих ял оногдуулсан ч Өршөөл үзүүлэх
тухай хуульд хамруулан ялгүй хоцорсон. Нийслэлийн шүүх уг хэргийг давж
заалдах шатны журмаар өнгөрсөн долдугаар сард хэлэлцээд Ж.Баянмөнхөд 5.1
жилийн ялыг 2.6 жил болгон өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг
хэвээр үлдээжээ.
Увс
аймгийн Засаг дарга Э.Цасчихэр, ИТХ-ын дарга Д.Батсайхан нарт холбогдох
хэргийг анхан шатны шүүхээс шүүн хэлэлцээд гэм буруутайд тооцож ял
оноосон.
Гэвч эрхэм ноёд Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэрийг
эсэргүүцэн давж заалдсан юм. Тэдний гомдлыг Нийслэлийн шүүхэд хэлэлцэн
хавтаст хэрэгт нэмж тодруулах зүйл байна гэж үзэн нэмэлт мөрдөн
байцаалтад буцаагаад байгаа. Э.Цасчихэр, Д.Батсайхан нарыг эрх мэдлээ
ашиглан төрийн албан хаагчдын таван давхар барилгыг дөрвөн давхар болгон
барьж 120 сая төгрөг завшсан. Түүнчлэн Увс аймагт улсын төсвийн
хөрөнгөөр барихаар шийдвэрлэсэн. Нарийний голын 325 км, Тээлийн голын
75.3 км зам, гүүрийн барилгын ажлыг өөрийн “Мөнхжим” компаниар
гүйцэтгүүлэхээр 710 сая, төрийн албан хаагчдын орон сууцны хөрөнгөөс
завшсан, төрийн албан хаагчдын цалинг барьцаалан зээл авсан зэрэг
хэрэгт буруутгаж байгаа юм.
Өмнөговь
аймгийн МАН-ын хорооныхон Засаг дарга Б.Бадрааг дөрвөн тэрбум орчим
төгрөг шамшигдуулсан гэж үзэж Авлигатай тэмцэх газарт шалгуулсан.
Тодруулбал, түүнийг тус аймагт 14 километр хатуу хучилттай зам тендерийг
өөрийн хөрөнгө оруулалттай “Далан говь” компанид өгч мөнгийг хувьдаа
завшсан. Мөн төсвөөс 180 сая төгрөг хувьдаа завшсан гэж буруутгасан юм.
Уг гомдлын дагуу АТГ-аас Б.Бадраад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, яллах
дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлээд
байсан юм. Гэтэл прокуророос энэ хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр
гарчээ.
Авлигатай
тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Говь-Алтай аймгийн Засаг дарга
Ш.Амгаланбаярын хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр саяхан прокурорт
шилжүүлсэн байна. Түүнийг албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн бараа, ажил
үйлчилгээг тендергүйгээр худалдан авч, танил талынхаа компанид давуу
эрх олгосон хэрэгт сэжигтнээр татан эрүүгийн хэрэг үүсгэсэн
байдаг. Тодруулбал, ХХААХҮЯ-наас хөдөө аж ахуйг дэмжих зорилгоор 200 сая
төгрөгөөр трактор, комбайн худалдан авах эрх олгосныг “Агсу-Алтай” гэх
компанид тендергүйгээр 100 сая төгрөг шилжүүлсэн. Үлдсэн 100 саяыг нь
хувьдаа завшсан гэм буруу нь хяналтын шатанд тогтоогдоод байгаа юм.
Түүний хэргийг прокурор хянаж үзээд, харъяаллын дагуу шүүхэд шилжүүлэх л
үлдлээ.
Сонгинохайрхан
дүүргийн Засаг дарга Ц.Болдыг Авлигатай тэмцэх газраас 2006 оноос эхлэн
шалгаж эхэлсэн. Түүнийг Нийслэлийн хот тохижилтын газрын даргын алба
хашиж байхдаа цас хайлуулах бодис худалдан авахад төсөвлөсөн хөрөнгөөс
300 сая төгрөг завшсан гэсэн үндэслэлээр АТГ-аас шалгаж, Нийслэлийн
прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн юм. Улмаар Улсын дээд шүүхээс
харьяалал тогтоон, Баянзүрх дүүргийн шүүхэд шилжүүлсэн юм. Уг хэргийг
анхан шатны шүүхээс хохирлын хэмжээ тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр
нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ.
Өвөрхангай
аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэнг албан тушаалаа хэтрүүлэн ашигласан
гэх гомдлын дагуу өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн гурван сарын
хугацаанд Авлигатай тэмцэх газраас шалгасан. Түүнийг орон нутгийн өмчит
компанийн үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргээ умартан Өвөрхангай
аймгийн “Баянтээг” төрийн өмчит компанийн захирал Н.Ганболдын хууль бус
үйлдэлтэй хамтрагч болсон эсэх. Мөн аймгийн ИТХ-ын дарга, Засаг даргаар
ажиллах хугацаандаа өөрийнхөө хүмүүсээр багаа бүрдүүлэн, их хэмжээний
мөнгө завшсан гэх мэтчилэн есөн асуудлаар шалгасан. Ингээд төрийн
хөрөнгө мөнгө идсэн, авлига авсан асуудал байхгүй гэсэн прокурорын
дүгнэлт гарсан. Үүний дараа өнөөх нэр бүхий иргэд Улсын ерөнхий
прокурорын газарт Авлигатай тэмцэх газар хэргийг буруу шалгалаа, түүнийг
нь прокурор хянасангүй гээд дахин гомдол гаргажээ. Эндээс хэргийг
хянаад үндэслэлгүй гэж үзэн хэрэг үүсгэхээс татгалзсан байна.
Налайх
дүүргийн засаг дарга Б.Баяндэлгэрийг 320 га газрыг БНСУ-ын хөрөнгө
оруулалттай “Жэхуан групп”-т их хэмжээний мөнгөөр зарахыг завдсан байж
болзошгүй гэх үндэслэлээр, иргэдийн гомдлын дагуу шалгасан байдаг. Мөн
газрын гэрчилгээ өгөхөөс өмнө урьдчилгаа төлбөр хэрэгтэй гэдгийг ч
хэлсэн зэрэг мэдээллээр шалгаж байсан юм. Гэвч мөрдөн байцаалтын явцад
дээрх мэдээллүүд тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр Нийслэлийн прокурорын
газраас Б.Баяндэлгэрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Ховд
аймгийн Засаг дарга Г.Нямдавааг Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах
хэлтэст шалгасаар байна. Түүнийг БНХАУ-аас аймгийнхаа гудам, талбайн
гэрэлтүүлгийн хэрэгслийг авч оронд нь их хэмжээний загас агнуулах
зөвшөөрөл өгсөн, хөшөөтийн нүүрсний уурхайтай холбоотой хэд хэдэн
тендерийг будлиантуулсан гэх хэрэгт сэжингтэнээр татан шалгаж байгаа юм.
Авлигатай тэмцэх газраас тусгай байцаагч томилогдон Ховд аймагт очин,
ажиллаад ирсэн байна.