Хуучирсан мэдээ: 2012.10.11-нд нийтлэгдсэн

Баяртай Ленин. Анх бүтээгдсэнээсээ хойш 58 намрыг үдсэн Ленины баримал энэ жил алга болно. Энэ бүх хугацаанд бүх юм өөрчлөгдсөн. Нийгмийн үзэл суртал, номлол эрс өөрчлөгдөж, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг сонгоод 20-иод жилийн нүүрийг үзжээ. Бүтээсэн ач холбогдол гундсан өнгөтэй нь адил болж, шилжилтийн нийгмийн эрээн барааныг чухам түүнтэй л холбох болсон билээ. Угтаа Ленины хөшөөн дор биеэ үнэлэгчид бойжиж, одоо архинд толгойгоо мэдүүлэгчдийг хүлээн авах болжээ. Өөрөөр хэлбэл энэ л хөшөөн дор архичид, биеэ үнэлэгчид орогносоор уджээ.
Азийн орнуудад үлдсэн цорын ганц Лениний хөшөөг нураахаар боллоо гэж гадны хэвлэлүүд гарчиглаж байна. Үнэндээ Лениний хөшөөг нураах нь хэнд ч хамаа байхгүй. Гэхдээ уул уурхайгаас орж ирж байгаа баялгийг чухамдаа хэрхэн хуваарилах нь гадныхны анхаарлыг татаж байгаа хэрэг. “Лениний хөшөөг нураана. Энэ улс тэс ондоо нийгэмд шилжсэн ч энэ хөшөө амь бөхтэй хэвээр байсан. Басхүү төрийн бодлого нь ч өмнөх нийгмээ санагалзсан хэвээр. Уул уурхайгаас орж байгаа энэ их баялагыг зөв зарцуулж, өмнөх нийгмийн үзэл сурталаасаа ангижирч чадах уу гэдэг томоохон асуулт” энэ бол Английн жирийн эдийн засагчийн бичсэн сэтгэгдэл.

Хөшөөг нураах шийдвэр гаргасан ч Лениний номлодог байсан номлолыг санагалзагчид олон. Зарим нь одоогийн төрөөс бүрэн гарч чадаагүй л байна. Засаг захиргааны хуваарилалт, орон нутгийн биеэ даасан төсөв одоогоор алга. Яг л төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үеийнх шигээ. Халамж, шагналыг ёоз, ёозоор нь цацсан хэвээр. Шинэ санаа гаргаж, өөрөөр сэтгэдэг хүмүүсийг хяхаж хавчсан хэвээр. Эдийн засгийн бүхэл амьралд төр нь хутгалдаж, бүгдийг шийдэх гэж зүтгэдэг нь хэвээр. Гэхдээ түүнийг барьж байсан тэр цаг үеэс зарим зүйлс тэс өөр болсон. Ардчилсан нийгмийг зарлан тунхаглаж, хүний эрхийг дээдэлдэг болсон. Хүн бүр чөлөөтэйгөөр үзэл бодлоо илэрхийлдэг болсон. Хүссэн хэлээ хүн болгон чөлөөтэй сонгон судалж, гадны техник, технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн алхдаг болсон. Дэлхий бидэнд нээлттэй болж, хүссэн ажлаа хийдэг болсон. Өндөр шилэн барилгууд ар, араасаа сүндэрлэх болсон. Гэхдээ үүнийг зөвхөн хэлбэр төдий зүйл гэдгийг санах хэрэгтэй.

Өнгөрөгч есдүгээр сараас хойш Лениний хөшөөний газрыг суллаж, дуудлага худалдаанд оруулах тухай яригдаж эхэлсэн юм. Энэхүү хөшөөг 400 мянган төгрөгөөс эхлэн дуудах ажээ. Бүр хоёр ч компани саналаа ирүүлсэн гэх. Гэхдээ хөшөөний оронд өндөр барилга сүндэрлүүлэхгүй. Харин хоёр төрлийн хөшөө босгохоор ярилцаж байна. Монгол улсын ерөнхий сайд агсан А.Амар, эсвэл 2008 оны үймээний үеэр амиа алдсан таван залуусын дурсгалд зориулсан хөшөөний аль нэгийг босгохоор төлөвлөж байгаа гэх.

XX зууны дэлхийн түүхэнд хамгийн их нөлөө үзүүлж байсан Лениний ази дахь сүүлийн дүр ийнхүү нуран унах гэж байна. Харин өмнөх нийгмээсээ салаад удаагүй байгаа манай улс ардчилалын замдаа хэзээ эргэлт буцалтгүй орох нь асуулт хэвээр.

Баяртай Ленин.

Б.БОЛОРСҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж