Химийн “анагаах“-ын Нобель

Хуучирсан мэдээ: 2012.10.11-нд нийтлэгдсэн

Химийн “анагаах“-ын Нобель

Химийн
шинжлэх ухааны Нобелийн шагналтнаар АНУ-ын анагаахын ухааны профессор
Роберт Лефковиц, Брайан Кобилка нар тодорлоо.      

    
Химийн
шинжлэх ухааны Нобелийн шагналаар АНУ-ын анагаахын  ухааны профессор
Роберт Лефковиц, Брайан Кобилка нарыг шагнахаар болсноо зарлав. Нобелийн
хороо  G-уурагтай холбоотой рецепторуудыг судалсан ажилд ийнхүү шагнал
олгож байна. (Реце́птор гэдэг нарийн бүтэц бөгөөд терминалууд (мэдрэлийн
төгсгөл) мэдрэмжийн нейрон, глийн дендритууд, эс хоорондын бодисийн
тусгай бүтцүүд, бусад мах бодийн тусгай эсүүд зэргээс бүтэх бөгөөд гадна
дотны  хүчин нөлөөг мэдрэлийн импульс болгон хувиргадаг.)

“Хүний
бие нь нарийн тооцоологдсон механизм бөгөөд ажиллагаа нь хэдэн арван
тэрбум эсийн харилцан үйлдлээр тодорхойлогдож байдаг. Эс бүр нь маш
жижиг рецептортой бөгөөд түүгээрээ дамжуулан орчноо “мэдэрч” байдаг.
Тэдний дохиог боловсруулан хувирч буй нөхцөлд зохицдог ажээ. Эдгээр
рецепторуудын ангиллын чухал нь болох G-уурагтай холбоо бүхий рецептор
хэрхэн ажиллаж байдаг талаар үндсэн нээлтийг Роберт Лефковиц, Брайан
Кобилка нар хийлээ” гэж Нобелийн хорооны мэдэгдэлд өгүүлжээ.

Эс
хүрээлэн буй орчноо хэрхэн мэдэрдэг нь урт хугацааны турш эрдэмтдэд
таамаг хэвээр байлаа. Адреналин гэх мэтийн гормонууд гайхмаар өөрчлөгдөг
цусны даралтыг нэмэгдүүлж, зүрхний цохилтыг хурдасгадаг нь одоо
ойлгомжтой болсон юм.

Ингээд эрдэмтэд эсийн гадарга нь гормоноос
дохио авах ямар нэгэн хүлээн авагчтай гэж тооцоолж байсан ч эдгээр
рецепторууд хэрхэн ажилладаг талаар тогтоож чадаагүй байсан юм.
 
Лефковиц
1968 оноос эхлэн эсийн рецепторуудын мөрийг олохоор цацраг туяаг
ашиглаж эхэлжээ. Тэр янз бүрийн гормонуудыг йодын цацраг идэвхтээр
тэмдэглэн тэдний хөдөлгөөнийг ажиглаж байв. Ингээд тэр эсийн гадрага
дээр хэд хэдэн рецепторууд түүний тоонд адреналиний β-адренорецепторыг
илэрүүлжээ. Түүний удирдлаагаар ажиллаж байсан эрдэмтэд эсийн ханаас
рецепторыг ялган авч хэрхэн ажилладаг талаар нь анхны мэдэгдэхүүнтэй
болсон байна.

Анхны том алхамыг 1980-аад онуудад хийлээ.
Лефковицийн  группт ирсэн Кобилка β-адренорецепторыг кодлодог генийг
тогтоов. Түүний ажиллагааны механизм нь нүдний гэрэл мэдрэгч
рецепторынхтай төстэй байжээ.
Рецепторуудын бүхэл бүтэн аймаг бөгөөд
бүтэц, ажиллагааны механизмаар адилхан гэдгийг тэд тогтоож чаджээ.
Өнөөдөр энэхүү аймгийг G-уурагтай холбогдсон рецепторууд гэж нэрлэсэн
бөгөөд энэ нь өнгө, үнэр, адненалин, гистомин, дофомин, серотин зэрэг
мэдээлэл бүхий бараг мянга орчим генийн тайлалтай.  Бүх эмийн бараг тал
хувь нь G-уургийн рецепторуудад нөлөөлдөг. Лефковиц, Кобилка нарын нээлт
нь эдгээр рецепторуудын ажиллагааны гол асуудалд хариулт өгчээ. Түүгээр
ч барахгүй, 2011 онд Кобилка шинэ лут амжилт гаргаж чадсан байна.
Түүний эрдэмтдийн групп гормон идэвхжин эсэд дохио өгч буй эгшинд
β-адренорецепторын “зургийг авч” чадав. Энэхүү молекулын суут  зураглал
нь олон арван жилийн ажиллагааны оргил болж чадав.

Рецепторуудын
ажиллагааны тайлал болгон Нобелийн хорооны төлөөлөгч аяга кофе захиалан
балгаад “Тэр рецепторууд, серпантины буянаар би кофены үнэрийг мэдэрч
энэ гоё аягыг харж чадаж байна” гэв.

Үүний дараа Нобелийн хороо шагналтнуудын нэг Роберт Лефковицтай утсаар холбогдсон байна.

-Баяр
хүргэе, профессор оо! Одоо танай Америкт өглөөний зургаан цаг болж
байна. Манай хорооны профессор дөнгөж сая аяга кофе уулаа. Та ч уусан
биз дээ. Та Шведийн Шинжлэх ухааны академийн шууд эфирт байна. Одоо та
ямар сэтгэгдэл, мэдрэмжтэй байна вэ?

-Би маш их сэтгэл
хангалуун байна. Намайг унтаж байхад утас дуугарчээ. Би унтахдаа чихээ
бөглөчихдөг учраас сонссонгүй. Эхнэр тохойгоороо намайг ёвроод “Хэн
нэгэн чам руу утасдаад байна” гэлээ. Утас авсан тэр эгшин миний хувьд
жинхэнэ сюрприз боллоо. Би ийм шагнал авна гэж огт хүлээж байгаагүй.
Одоо ч хэн нэгэнд дуулгаагүй байна гэлээ.

Хэвлэлийн бага хурлын өмнө өөр нэг шагналтантай нь скайпаар холбогдон баяр хүргэж, ярилцжээ.

-Өнөөдөр та юу хийхээр төлөвлөсөн бэ?

-Миний
хувьд маш их ээдрээтэй өдөр байна гэж бодож сууна. Ажилдаа очно. Үсээ
засуулах гэсэн юм. Үүнийгээ хойшлуулах болж байх шиг.

-Та өмнө нь Стокгольмд ирж байсан уу? Шагнал гардуулах арванхоёрдугаар сард ирнэ биз дээ?

-Тийм
ээ, олон ч шинжлэх ухааны чуулга уулзалтад очиж байсан. Арванхоёрдугаар
сард эхнэрийн хамт ёслолд очих нь мэдээж хэрэг. Манайх өнөр өтгөн айл.
Би таван хүүхэд, таван ач, зээтэй. Тэд бүгд очиж чадах болов уу гэдгийг
мэдэхгүй байна. Очиж чадах  бүгдийг нь би урина.

-Таныг
шагналтан болгосон  G- уурагтай холбоо бүхий рецепторуудын судалгаа нь
их хэмжээний эм тариа бүтээхэд шаардлагатай гэсэн. Яагаад гэдгийг
тайлбарлаж өгнө үү?

-Үүний тулд олон хүчин зүйл байгаа.
Эхнийх нь, манай организмд маш олон тооны рецепторууд байгаа нь эсэд
орох “хаалга” юм. Ийм рецепторууд нь маш чухал бөгөөд организмын
физилогийн бүх үйл явцыг зохицуулахад оролцдог.
Хүн өвчилсөн байхад
эмч нар янз бүрийн бодис, дофамин мэтийн гормонуудыг удирдах
шаардлагатай болдог. Үүний тулд л рецепторуудын “ажил”-ыг ойлгох нь
бидэнд чухал юм.

-Танд шагнал олгоно гэж бодож байсан уу?

-Урт
хугацааны ирээдүйдээ…. Одоохондоо тайван унтаж болно гэж бодож байсан
юм. Намайг Шинжлэх ухааны академиас утасдаж сэрээлээ. Миний судалгаа
ийм их анхаарал татана гэдэгт би одоо ч дасаагүй байна Яагаад надад ийм
шагнал олгосныг би яг мэдэхгүй. Гэхдээ саяхан би эдгээр уургийг ялган
авч чадсантай холбоотой байх гэж тэрээр хэлээд шагналын мөнгөө хэрхэн
зарахаа одоохондоо мэдэхгүй байна гэжээ.

Шагнал гардуулах ёслол
уламжлал ёсоор Нобелийн шагналыг үндэслэгч, Шведийн бизнесмен, зохион
бүтээгч Альфред Нобелийн (1833-1896) нас барсан арванхоёрдугаар сарын
10-нд Стокгольм хотноо болно. Санхүүгийн хямралтай байсны улмаас энэ
жилийн шагналын дагалдах мөнгөний хэмжээг 20 хувиар бууруулан найман сая
крон буюу 1,2 сая ам.доллар болгожээ.

Роберт Лефковиц
1943 онд Нью-Йоркт төрсөн. Колумбийн коллежийг 1962 онд дүүргээд
Колумбийн их сургуулийн ерөнхий эмчилгээний коллежид 1966 онд анагаахын
докторын зэрэг хамгаалсан. Анагаахын эрдэм шинжилгээний олон хүрээлэнд
ажиллаж байлаа. 1980-аад оны дунд үеэс G-уургийн судалгааны салбарын
тэргүүлэх мэргэжилтнүүдийн нэг болсон. Одоо Хойд Каролина мужийн Дарем
хотын Дьюркийн их сургуулийн анагаахын төвд ажилладаг. 

Брайан Кобилка
1955 онд Миннесота мужид төрөөд Дулут хотын их сургуулийг төгсчээ.
Йелийн их сургуулийн болон Вашингтоны их сургуулийн Анагаахын
сургуулиудад шинжлэх ухааны ажил хийж байсан. Дараа нь Лефковичийн
удирдлага дор Дьюркийн их сургуульд докторын зэрэг хамгаалсан. Одоо
Кобилка Стэнфордын их сургуулийн Анагаахын сургуульд ажиллаж байна.

Химийн
шагналыг квантын цэг гэх хагас коллоидын дамжуулагчийн наноталстыг
нээсэн Колумбийн их сургуулийн Луис Брюс авч магадгүй гэж Томпсоны
судлаачид таамаглаж байсан юм. Мөн титаны диоксидын фото катализ чанарыг
нээсэн Токиогийн Шинжлэх ухааны их сургуулийн ерөнхийлөгч  Акира
Фүжишимаг ч авч магадгүй гэж байв. Профессор Хондагийн удирдлагаар 
тэрээр бүтээлээ 1967 онд хийснээс хойш түүнийг нь “Хонда-Фүжишимагийн
үйлдэл” гэх болсон юм. Он цагийн туршилтаар диоксид титаны өөрийгөө
цэвэрлэх чадвар нь керамик, шил үйлдвэрлэлд зэрэгт хувьсгал хийсэн
гэгддэг. Ийм зарчмаар салхивчийн төхөөрөмжид диоксид титанаар агаар
цэвэршүүлдэг ажээ.

Токиогийн Их сургуулийн  Машатака Харута,
Кардиффийн  Их сургуулийн Грэхэм Хатчингс нар алтны нано бичил хэсгийн
катализийн чанарыг нээсэн бүтээлээрээ ч Нобель авах хүмүүс гэж шинжээчид
дүгнэж байлаа.

Аравдугаар сарын 11-нд Нобелийн уран зохиолын
шагналтан, 12-нд Энх тайвны шагналтан, 15-нд Эдийн засгийн шагналтнууд
нь тодорно.

Бэлтгэсэн: Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж