Хуучирсан мэдээ: 2012.10.11-нд нийтлэгдсэн

“Хэвтээ” цагдаа

Автозамын хэллэгээр хурд сааруулагчийг ингэж нэрлэдэг. Харин сүүлийн үед замын цагдаа нар “Хэвтээ” цагдаа боллоо. Саяхан би ОХУ-ын Элчин сайдын яамны ард, төв зам дагуу төв шуудан чиглэлд явж байгаад “Мөнгөн завьяа”-гийн зүүн талын байрны завсраар орж дүрэм зөрчсөн юм. Ажил нь амжихгүй яарч, замын түгжрэлд орж цагаа алдсан хүн болгоны боддог бодол. Гэтэл байрны хажууд гэнэт хоёр, гурван цагдаа уралдаж гарч ирэн, улаан дохиураа чиглүүллээ. Дүрэм зөрчсөн би ч “эрхээ хасууллаа даа” гэж бодлоо. “Хэвтээ цагдаа” ч айхтар гярхай байна лээ шүү. Ажлаа сайн хийж байгаа нь тэр. Би ч чимээгүй хэдэн төгрөг өгөөд салахаа бодлоо. Цагдаа “За эрхээ хасуулах уу, хорин мянгаар торгуулаад явах уу” гэхэд ямар их баярласан гээч. Торгуулийн хуудас бичиж өгөх нь ч хамаагүй, бушуухан салахыг бодлоо. Цагдаа нар ч айхтар улсууд шүү.  “За дүү, дахиж битгий дүрэм зөрчөөд байгаарай” хэмээн инээмсэглэн үлдсэн.

Бас нэг найз маань бүсээ зүүгээгүй, зам товчлоод гэртээ очих гэтэл яг орцных нь гадаа нэг цагдаа дохисон гэсэн. Цагдаа  бүсээ зүүгээгүй гэсэн шалтгаанаар таван мянган төгрөгөөр торгосон аж. Гэхдээ энэ удаад торгуулийн хуудас бичиж өгсөн гэсэн шүү. Замын цагдаа нар үнэхээр сайн ажиллаж байгаа биз. Тэднийг магтах хэрэгтэй. Төрийн үйлчилгээг иргэдэд сайн үзүүлж байна. Сүүлийн үед тэднийг “нийтийн үйлчилгээнийхэн” гэж нэрлэдэг болсон.

 Мөн ажлын таван өдөрт бөөн, бөөнөөрөө төв зам дагуу ажлаа сайн хийж байгаа мэт санагдаад байгаа юм. Оройн цагаар энд тэнд байрны завсраар нуугдаж, дүрэм зөрчигчдийг бариад л. Өдрийн ид түгжрэлийн үед гялс алга болоод л.  Өдрийн цайны цагаар ойр хавийн  “том” газруудаар үйлчлүүлдэг гэсэн.    Хамгийн гол нь ажлаа л сайн хийж байвал хаана яаж явах нь хэнд хамаатай юм.

Хааяа тэд их ууртай, зан ааш нь ширүүн болдог. Ажлын онцлог гэж ойлгож болно. Машинтай хүн бүхний толгойг “хяргачих” гээд л.   Өнгөрсөн долоо хоногт тэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр жолооч нарыг “занасан”, “сүрдүүлсэн” утга агуулсан мэдээл­лийг цацсан. Бидний сайн сайхны төлөө тэд их уурладаг гэдгийг жолооч бид мэддэггүй. Товчхондоо,  төв замын уулзварууд дээр байрлуулсан камераа ашиглан дүрэм зөрчсөн этгээдийг тэр дор нь “хашрааж” өгдөг. Дүрэм зөрчиж байгаа бичлэгийг зам дээр хяналт хийж байгаа цагдаа нарт яаралтай мэдэгдэж, зохих журмын дагуу торгодог болсон. Манай улсад ийм сайн ажлаа хийдэг мэргэжилтэн байхгүй гэдэгт итгэлтэй байна.

Тэдний “Амрыг эрье, бичиг баримтаа үзүүлнэ үү. За, эрхээ хасуулна аа, өөр ямар ч арга байхгүй” гэсэн үгс түр­гэн хэллэг шиг болсон. Эдгээр үгсийг хэн хамгийн хурдан хэлэх тэм­цээн зохиох нь ч бас хаашаа юм. Тэдний ойлголтоор нийслэлийн автозамаар дан­даа л үл бүтэх этгээдүүд, гэмт хэрэгтнүүд зорчдог мэт харилцах нь хааяа таагүй санагддаг шүү. Мэдээж Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолоо­чид хариуцлага хүлээлгэх нь зүй ёсны хэрэг. Бусад оронд  жолооч нарт хариуцлага хүлээлгэх гэдэг нь олон янз, авах арга хэмжээ нь олон үе шаттай байдаг юм билээ. Жишээ нь, сануулах, жолоочийн үнэмлэхийг нь цоолох, жолоо барих эрхийг нь хасах, мөнгөн торгууль ноогдуулах зэрэг олон төрлийн хариуцлага хүлээлгэдэг. Тэр ч бүү хэл шөнийн цагаар явж байгаа зарим жолооч нарт халуун кофе, нойр сэргээх шин­гэн  хүртэл үнэртүүлдэг гэсэн. Манайд тэгэх нь ч хаашаа юм. Хүмүүс замын цагдаа нарыг шоолох биз. Өнөөгийн нийгэмд тэдэн шиг “ашигтай”, хурдан шуурхай жолооч нарт үйлчилдэг төрийн албан хаагч хаа ч байхгүй. Ер нь энэ дэлхий дээр байхгүй дээ. Монгол Улсын замын цагдаа болно гэдэг нэр төрийн хэрэг. Ийм сайн үйлчилгээ үзүүлж байгаа салбар байхгүй. Замын цагдаагийн газар татва­рын албаны үүрэг гүйцэтгэн, замын цагдаа нар байгууллагынхаа төс­вийг бүрдүүлэхийн төлөө ажилладаг “мөнгөний машинууд” гэж гоочлогддог. Иргэдэд үйлчилж, аюулгүй байдлыг нь хангах үүрэгтэй албаа мөнгө олох арга хэрэгсэл бол­гож байгаа ч гэж зэмлүүлдэг. В.Маяковский гэж нөхөр “Миний цагдаа намайг хамгаална” гэж хэлсэн байдаг. Харин “Монголын цагдаа жолооч нартай сайхан харилцдаггүй ч гэмт хэрэг гарах бүх нөхцлийг сайн арилгадаг” гэж Баянгол дүүргийн нэгэн ахмад настан хэлсэн юм.

“Шидэт дохиур” бол тэдний гол зэмсэг. Албан үүргээ гүйцэтгэж байхдаа цагдаа нар жолоочийн аюулгүй байдал, найрсаг сайхан харил­цаа, зорчигчдод үйлчлэх талаар хааяа мартчихдаг сул талтай нь үнэн. Зарим жолооч нар замын цаг­даагийн талаар арай дэндүү ярих юм билээ. Дүрэм зөрчиж байгаа жолооч нарт зориулан цагдаа нарт торгуулийн хуудасны норм тараадаг гэсэн. Дүрэм зөрчсөөр байгаа цагт тэдний нэр хүнд, ашиг орлого, цалин нэмэгдсээр л байх болно. Замын хөдөл­гөөний тухай бүх дүрэм, заалтаа цээжээр сайн мэддэг. Дүрэм зөр­чөөд эсэргүүцсэн тохиолдолд таныг хэдхэн секундын дотор амыг тань хуулийн заалтаар таглаж орхино. Мянга хэрэлдээд сайн зүйл олж “долоохгүй” гэж тэд боддог. Мэдээж шүү дээ, та дүрэм зөрчсөн, тэд ажлаа сайн хийж байна. Дээхэн үед зарим жолооч нар дарга нар руу нь утас цохин “Танай тийм цолтой, тэр чинь намайг явуулахгүй байна. Зохицуул” хэмээн “томордог” байсан. Харин одоо бүгд хуулийн өмнө хатуу хариуцлага хүлээдэг болсон. Дарга руу нь ярилаа гээд ямар ч нэмэр байхгүй гэдгийг дүрэм зөрсөн жолооч та санаарай.

Манай улс замын нөхцөл байдлаараа хамгийн аюултай, найдваргүй орнуудын жагсаалтад нэлээд дээгүүр бичигдсэн байна лээ. Тэгэхээр замын осол, хэрэг бүхэн жолооч нараас л шалтгаалдаг. “Хэвтээ” цагдаа нар л үүнийг өдий хүртэл зохицуулж байна. Бид ямар дүрмээрээ явах ухамсар, ойлголт бий болгохын тулд нэг ч удаа бодож байсан биш. Энэ их түгжрэл, бухимдлыг өөрсдөө бий болгодог гэхэд хилсдэхгүй.

Ядаж л бид зогсоолгүй газар машинаа тавихдаа дандаа дүрэм зөрчдөг. Тэгээд ч “нийслэлд зог­соол байхгүй юм чинь хаа ч машинаа тавьсан ч яадаг юм” гэсэн бодлоор түр зогсох, удаан зогсох уулзваруудын хажуугаар машинаа тавьдаг. Ажлаа амжуулаад гараад ирэхлээр машиных нь дугаар байхгүй, замын цагдаа нар цонхон дээр нь шар хуудас наагаад алга болдог. “Хэвтээ” цагдаа нар ч ажлаа хэзээ хийх, хэзээ нь гарч ирэхээ сайн мэддэг. Улсын дугаараа хураалгасан жолооч дүүргийн замын цагдаа дээр очин бөөн юм болж байж дугаараа олж авна. Зогсоол байхгүй гээд хаа дуртай газраа машинаа тавих нь бас л буруу зүйл. Замын цагдаа нарын зөв. Яаж ч бодсон тэдний зөв.

Өнгөрсөн өвөл тэднийг халуун чацарганаар дайлсан.  Цалин бага, нийгмийн сайн сайхны төлөө тэд халуун чацарганаар дайлуулах эрхтэй. Энэ өвөл ч тэдэнд халуун чацаргана биш юмаа гэхэд халуун цай чанаад очдог юм бил үү. Зарим нь албан үүрэг гүйцэтгэж яваад улсын цолтой бөхөөс “шанаа авсан” удаатай. Үнэхээр хэцүү ажил, Замын цагдаа болохын тулд олон шалгуур давах хэрэгтэй.  Жолооч нарт сэтгэлээсээ үйлчилсэн шиг үйлчилдэг цорын ганц мэргэжил…

Б.БААТАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж