“Аморе интернэшнл” төсөл нураажээ

Хуучирсан мэдээ: 2012.10.11-нд нийтлэгдсэн

“Аморе интернэшнл” төсөл нураажээ

Утаагүй түлшний 50 хувийг нийлүүлэх төслийг “Аморе интернэшнл” компани нураажээ

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга П.Цагаан сарын өмнө манай сонинд ярилцлага өгөхдөө “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд ТЭЦ-II-Ыг түшиглэн утаагүй түлшний үйлдвэр байгуулахаар болсон. Энэ үйлдвэр Улаанбаатарт нийлүүлэх нийт утаагүй түлшний 50 хувийг нийлүүлэх учраас ихээхэн анхаарал тавьж байлаа. Гэтэл тендерт шалгарсан компани хариуцлага алдаж юу ч хийгээгүй байна. Агаарын бохирдлыг бууруулах ажил нурлаа. Тендерт шалгаруулсан компани, шалгаруулсан хүмүүсийг хуулийнхан шалгах ёстой” хэмээн байр сууриа хатуухан илэрхийлсэн. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар, тендерт шалгарсан компанийн нэр нь “Аморе интернэшнл” юм байна. Тэдэнд улсын төсвөөс нийслэлд хуваарилсан 20 тэрбум төгрөгөөр коксжсон түлшний үйлдвэр бариулах тендерийг өгсөн байна. Тэд хоёр жилийн өмнө тендерт шалгарсаны дараа “Бид жилд 210 мянган тонн хагас коксжсон шахмал түлш нийлүүлэх хүчин чадалтай цогцолбор байгуулна. Энэ байдлаараа гэхэд 2011 оны сүүлээр түлшээ нөөцлөөд эхэлнэ” гэж ам өчгөө өгчээ.

Гэтэл тус компани тендер авч найдлага төрүүлчихээд, утаагүй түлшээ нийлүүлж амжихгүй хэмээн үндэсний хорооны даргын нүүрийг түлсэн байна. 20 тэрбум төгрөгнийхөө 80 хувийг авчихаад гэдийсэн тэднийг хууль, хяналтын байгууллагад шалгуулах хүсэлтээ нийслэлийн удирдлагууд гаргахаар болжээ. Мөн тухайн үеийн Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар нарыг “Аморе интернэшнл” компанид давуу эрх олгож, нэг нь татаж, нөгөө нь түлхэж тендерт шалгаруулсан хэмээн зарим хүн гомдол гаргахаар болсон байна. Хамгийн гол нь тус хариуцлагагүй компанийн уршгаар нийслэлчүүд бид энэ жил дахиад л хорт утаагаар амьсгалах болж байгаа юм. Уг нь энэ жил утаагүй түлшээр 79605 айл өрхийг хангаж, агаарын бохирдлыг өмнөх жилийнхээс илүү бууруулах боломж байсан. Гэвч энэ мөрөөдөл эцэстээ зүүд болж хувирав бололтой. Ерөнхийлөгчийн Тамгын газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Цэвэр агаар” сангаас “Агаарын бохирдлын эсрэг орон байраа дулаалцгаая” сарын аяныг зарлаад байгаа нь үүний илрэл юм. Ямар сайндаа Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга нь “Бид цонх, хаалгаа сайн дулаалаагүйгээс болж гэрт байгаа дулааныхаа 30-40 хувийг алддаг юм байна. Иймээс агаарын бохирдолтой гэрээ дулаалж тэмцье” гэх вэ. Арга ядсан хүний үг шүү.

Г.УЛСБОЛД

Эх сурвалж: “ҮНДЭСНИЙ ШУУДАН” сонин.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж