”МАН, МАХН-ыг нэгтгэхэд би чухал үүрэг гүйцэтгэнэ”

Хуучирсан мэдээ: 2012.10.11-нд нийтлэгдсэн

”МАН, МАХН-ыг нэгтгэхэд би чухал үүрэг гүйцэтгэнэ”

УИХ-ын гишүүн асан, Ардын намын Бага хурлын гишүүн Ц.Батбаярыг “Ярилцах танхим”-даа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Сонгуулиас хойш та хэвлэлд ярилцлага өгсөнгүй. Ямар ажил алба эрхэлж байна даа?

-Монголын иргэдийн эрх ашгийг хамгаалах үндэсний хорооны ерөнхийлөгчөөр сон­гог­дон ажиллаж байна. Ний, нуугүй хэлэхэд улс төр рүү хэтэрхий анхаарсаар бай­гаад энэ ажлаа хэдэн сар хийж чадсангүй. Одооноос л хол­бооныхоо ажилд анхаарлаа хандуулж эхэлж байна. Сар бүр энэ чиг­лэлээр томоохон аянуудыг зохион байгуулахаар зэхлээ.

-АТГ-аас таныг болон НИТХ-ын дарга асан Н.Бо­лор­мааг тусгайлан шал­гаж бай­гаа гэсэн утга бүхий мэдээлэл хийсэн. Таныг УИХ-ын гишүүн байх үед л АТГ-ынхан “Өргөө” зочид буудлын хувьчлалтай хол­боотой асуудлаар шалгаж эхэлсэн. Энэ шалгалт ямар шатандаа яваа вэ?

-“Өргөө” зочид буудлыг хувьчлаагүй шүү дээ. Одоо ч гэсэн нийслэлийн өмч хэвээрээ байгаа. Хамгийн гол хийсэн ажил нь  хувийн хэвшлийн оролцоог удирд­лагын төвшинд нь оруулсанд л бай­гаа юм. Тусгайлан шалгаж байгаа гэсэн мэдээллийг нь би нэг их сайн ойлгохгүй л байна. Өнгөрсөн долоо хоногт АТГ-аас намайг дуудаж, энэ талаар тайлбар авсан нь үнэн. Гэхдээ тийм ч ноцтой зүйл болоогүй. Ганц, хоёрхон зүйл л тодруулсан.

-Та ямар тайлбар өгсөн бэ?

-“Өргөө” зочид буудалд менеж­ментийн өөрчлөлт хийснээр нийслэл ногдол ашгаа аваад явж байгаа тухай л хэлсэн. Нийслэлийн өмч НИТХ-ын мэдэлд байдаг. Тухайн үед НИТХ-аас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлсэн гэдгээ ч мөн дуулгасан.

-НИТХ-ын дарга асан Н.Бо­лор­маатай уулзаж, энэ талаараа ярилцаж байгаа юу?

-2008 оноос хойш Н.Болормаа даргатай зорьж уулзаж, энэ асуудлаар ярилцаж байгаагүй юм байна. Хааяа нэг хурал зөвлөлгөөн дээр тааралддаг л юм. Тэглээ гээд энэ асуудлаар яриад байх нь хаашаа юм бэ дээ.

-Энэхүү мөрдөн шалгах ажиллагааны төгсгөлд буруугүй тань тогтоогдвол та хуулийн бай­гууллагад гомдол гаргаж, нэр төрөө сэргээлгэх үү?

-Үнэнийг хэлэхэд би энэ талаар огт бодож байгаагүй. Би өөрийгөө нийслэлд ашигтай наймаа хийсэн хүн л гэж боддог. “Өргөө” зочид буудлын менжментийн өөрчлөлт чинь нэг ёсны наймаа шүү дээ. Хууль хяналтын байгууллага үнэн, худлыг тогтоох байлгүй дээ.

-Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярыг буруутай гэдэг шийдвэрийг хоёр ч шатны шүүхээс гаргалаа. Энэ хүнд хамаатуулж байгаа хэргийн талаар ямар бодолтой явдаг юм бэ. Та түүнтэй хамгийн сүүлд хэзээ уулзав?

-Н.Энхбаяр даргатай би 2010 оноос хойш бараг тааралдаагүй юм байна. Бид уулзалдаж энэ асуудлын талаар ярилцаж байсан тохиолдол ч байхгүй. Н.Энхбаяр даргыг шүүх хуралд  тухайн үед нийслэлийн  өмч хувьчлалын асуудлыг хариуцаж бай­сан хэлтсийн дарга гэрчээр очиж, мэдүүлэг өгсөн. Тэр хүн ч гэсэн надтай ижилхэн тайлбар хийсэн. Мэдээж намайг гэрчээр дуудсан бол би ч гэсэн адилхан л тайлбар хийх байсан.  

-МАХН-ынхан Н.Энхбаяр даргыг хохирогчгүй хэргийн золиос болсон гэдэг. Тэгэхээр та тэдэн­тэй санал нэг байна гэсэн үг үү?

-Бидэнд шүүхийн шийдвэрийг шүүх эрх байхгүй. Тийм учир хөндлөнгөөс дүгнэлт хийх нь утгагүй байх гэж бодож байна.

-НИТХ-ын дарга асан Т.Би­лэгтийн талаар танд мэдээлэл байна уу. Түүнийг АТГ-ынхан хай­гаад олохгүй байгаа гэсэн?

-Энэ хүнийг эмчилгээ хийлгэж байгаа л гэж бодож байгаа шүү. Жилийн өмнөөс л зүрх нь муудсан гээд сайн дураараа ажлаа өгч эмчилгээнд явсан хүн. Тиймээс  эрэн сурвалжилж байгаа гэж ярих хэрэггүй байх аа.

-Таныг МАХН-д элсэх гэж байгаа тухай мэдээлэл гараад намжлаа. Тухайн үед та энэхүү мэдээллийг үгүйсгэж байсан л даа. Ер нь танд энэ намд элсэх бодол төрж байв уу?

-Ер нь МАН, МАХН гэдэг хоёр нам чинь нэг цул шүү дээ. Гишүүд нь үзэл бодлын зөрүүтэй байдлаасаа болоод л хоёр хуваагдчихаад байгаа болохоос МАН-ын гишүүд МАХН-ынх, МАХН-ын гишүүд МАН-ынх. Түүнээс биш шинэ хүмүүс  энэ хоёр намд элсээд байгаа зүйл байхгүй байна. Би анхнаасаа л МАХН-д орохгүй гэж хэлсэн. Энэ байр суурин дээрээ ч бат зогсоно. МАХН-ын батлахаа сэргээх боломж надад байсан ч би тэгээгүй нь ийм л учиртай. Хэзээ нэгэн цагт энэ хоёр нам нийлнэ. Тиймээс үүний төлөө явах ёстой хүмүүсийн нэг нь гэж би өөрийгөө боддог.

-Өнөөдөр танай нам ялагдсан нь хэний буруу гэж та боддог вэ. Намынхаа уугуул нэрийг сэр­гээх нэрээр “хувьсгалт” гэдэг үгийг намынхаа нэрнээс хассан У.Хүрэл­сүхийн үү, МАХН гэдэг нэрийг сэргээсэн Н.Энхбаярын буруу юу?

-Намын нэр солих шийдвэрийг намын Их хурлаас гаргасан учир хэн нэгэн хүн үүний бурууг хүлээхгүй гэж бодож байна. Хүмүүс Ерөнхий нарийн бичгийн дарга асан У.Хүрэлсүхийг харуцлага хүлээх ёстой гэдэг ч үнэндээ бүх хариуцлагыг намын дарга л хүлээх учиртай юм. Ерөнхий нарийн бичгийн дарга бол намын өдөр тутмын үйл ажиллагааг л зохицуулдаг хүн шүү дээ. “Хувьсгалт” гэдэг үгийг намынхаа нэрнээс хасаж болохгүй гэсэн саналтай олон хүн байсны нэг нь Н.Энхбаяр дарга. Тэр хүн өөрийнхөө үзэл бодолдоо үнэнч байж МАХН гэдэг намыг байгуулсан гэж би боддог. Тиймээс энэ хоёр нам улс эх орныхоо эрх ашгийн төлөө нийлж, нэгдэж ажиллах ёстой.

-Энэ хоёр намыг нэгдэх ёстой гэсэн байр суурьтай хүн хэр олон байна вэ?

-Олон байгаа. Сүүлийн үед бүр ч нэмэгдэж байгаа шүү. Эв нэгдэлтэй байж бид улс орныхоо хөгжлийг түргэсгэж чадна. Харин эсрэгээрээ хагарч, бутраад байх юм бол манай хоёр намыг байхгүй болгох гэсэн бодолтой хүмүүсийн өгөөш ч болж магадгүй л юм. Одоо ч гэсэн ийм үйл ажиллагаа хийж байхыг үгүйсгэж чадахгүй л байна.

-Тэгвэл танай намын залуус МАХН-д, МАХН-ын залуус танай намд элсэж байгааг та юу гэж харж байна вэ?

-Ингэснээр манай хоёр намын нэгдэл илүү хурдасна гэж би ойл­гож байна. Одоогийн Ардын намыг МАХН байхад нь элсэж бай­сан хүмүүс МАХН-ын батлахаа сэр­гээгээд байгаа нь хоёр намаа аль болох хурдан нэгтгэх гэсэн нэг оролд­лого юм болов уу гэж горьдож суугаа шүү.

-УИХ-ын сонгуулийн үеэр МАХН-ынхан МАН-ыг, МАН-ынхан МАХН-ыг хамгийн ихээр муулж байсан. Хэзээ ч эргэж нийлэхгүй юм шиг. Гэтэл одоо нэгдэх ёстой гэж байгааг нь юу гэж ойлгох вэ?

-Мэдээж хүн бүрийн үзэл бодол нэг зүйл дээр төвлөрнө гэж юу байх вэ. Тухайлбал, гэр бүлийн гишүүд ч гэсэн нэг үзэл бодолтой байдаггүй шүү дээ. Тухайн үед үүнтэй л ижилхэн зүйл болсон байх. Энэ хоёр намын гишүүдэд эрүүл ухаан гэж байдаг бол эцэстээ нэгдэж, нийлсний үндсэн дээр улс орноо цаашид авч явах учиртайг мэдсэн байх. Хүн хувийн эрх ашгийнхаа төлөө юу ч гэж ярьж, мөрөөдөж болно. Монгол Улсын эрх ашгийн төлөө эцэст нь нэгдэх ёстой л гэж хэлмээр байна.  Өөрийн эрх ашгаа хамгаалж хатуу зогсож байсан хүмүүсийн үзэл бодол одоо өөрчлөгдөж байгаа болов уу. Тиймээс бид нэгдэж нийлэхгүй салангид яваад ямар ч амжилтад хүрэхгүй. С.Батболдыг намын дарга байхад би “УИХ-ын сонгууль болохоос өмнө МАХН, МАН хоёр нэгдэх ёстой. Энэ ажлыг би гардан зохион байгуулъя” гэж хэлж л байсан. Харамсалтай нь тийм зүйл болсонгүй.

-Орон нутгийн хурлын сонгуульд та нэр дэвших үү?

-Би нэр дэвшихгүй. Гэхдээ тодорхой хэдэн дүүрэгт залуусаа дэм­жиж зохион байгуулалтын үйл ажиллагааг хариуцаж ажиллана.

-УИХ-ын гишүүн асан Э.Бат-Үүл хотын даргын албан тушаалд очоод олон шинэчлэлийг хэрэгжүүлж байна. Энэ бүхэнд ч нийслэлчүүд ам сайтай байна. Түүний өмнө байсан Засаг дарга нар яагаад энэ ажлуудыг хийгээгүй юм бэ?

-Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч гэж ярьдаг учрыг тайлбарлая. Нийслэлийн Засаг дарга бол улс төрийн албан тушаал Улаанбаатар хотын захирагч гэдэг нь аж ахуйн менежер юм. Тэгэхээр хотын дарга хоёр албан тушаалтай гэсэн үг байгаа биз. Авто замын асуудлыг бид шийдчихсэн байсан. Нийтийн тээврийг нэгдүгээр эгнээгээр явуу­лах асуудлыг бид санаачилсан ч хэрэгжүүлж чадаагүй. Учир нь нийслэлийн төсөвт мөнгө бай­гаа­гүй. Гэтэл энэ жилээс энэ ажлыг хэрэгжүүлж 390 гаруй тэрбум төгрөг зарцуулсан. Ирэх жилээс нийслэлийн төсөв улам мөнгөжнө. Учир нь Улаанбаатар хот улсын төсөвт төвлөрүүлдэг мөн­гөө өөртөө үлдээдэг болно. Улаанбаатар хот жилдээ 400 орчим тэр­бум төгрөгийн татвар цуглуулаад талыг нь улсын төсөвт төвлөрүүлдэг байсан юм. Нөгөөтэйгүүр, өнөөдөр тавьж байгаа замын зургийн ажлыг би хотын дарга байхдаа 2007 онд хийсэн байдгийг хүмүүс мэдэх хэрэгтэй. Үүнээс гадна энэхүү зураг төслөө ажил хэрэг болгохын тулд улаа эргэтэл хөөцөлдөж байж 2011, 2012 оны төсөвт мөнгийг нь тусгуулсан байдаг юм. Түүнээс биш Э.Бат-Үүл өнөөдөр гарч ирээд энэ бүхнийг хийгээд байгаа юм биш. Ийм байж өөрөө хийж байгаа юм шиг ярих нь ичгэвтэр байх. Би энд нэг үгийг онцолж хэлмээр байна. “Өнгөрсөн үеэ гар буугаар буудвал ирээдүй чамайг их буугаар буудна” гэдэг үг байдаг байх аа. Хотын өмнөх удирдлагууд алдаж, оносон зүйл байдаг л байх. Тэр бүхнийг нь үнэнээр нь хэлэх ёстой. Хотын өм­нөх удирдлагууд телевизээр гарах гэж зүтгэдэггүй л байсан юм болов уу даа.

-Нийслэлийн Ардын намын байрны асуудал өнөөдөр олны анхаарлын төвд ороод байна. Түрээсээр байдаг, үгүй гэсэн асуудал гараад байна. Та энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-МАН-ын байр ч бай, АН-ынх ч бай бүгд л нийслэлийн өмч. НИТХ-ын 2008 оны арванхоёрдугаар дугаар сарын шийдвэрээр Дуурийн театр болон Соёлын төв өргөөний дундах барилгыг АН-д өгч байсан юм. Тэр үед МАН-ынхан ямар нэгэн байр аваагүй. Одоогийн байгаа намынхаа байранд түрээсээр л сууж байсан. Тухайн үед тэр байрыг өөрийн болгож авах боломж байсан ч аваагүй. Энэ байрыг одоо МАН-д өгөх боломжтой ч АН-ынхан хүсэхгүй байх шиг байна. Энэ бол цэвэр улс төр. Тухайн үед НИТХ-д МАН-ын гишүүд олонхи байсан ч АН-д дээрх байрыг өгсөн. Гэтэл тэд эсрэгээр нь ажиллаж байна.

-Та УИХ-ын гишүүн байхдаа “УИХ-ын 57 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ёстой” гэж үздэг бай­сан. Одоо таны энэ байр суурь өөрчлөгдсөн үү. Тухайн үед санаа нэгтэй байсан хүмүүстэйгээ хол­боотой байгаа юу?

-Холбоотой байгаа. Анх “УИХ-ын 57 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ёстой” гэж үзэж байсан УИХ-ын 22 гишүүн байсан ч сүүлдээ есхөн болж цөөрснийг хүмүүс мэдэж байгаа байх. Одоо энэ тоо бүр цөөрсөн шиг байна. Миний хувьд байр суурин дээрээ хэвээрээ байгаа.

-Оюутолгойн гэрээг өөрчлөхөд  ямар эсэргүүцэлтэй тулгардаг юм бэ. Тухайлбал, танай намын Удир­дах зөвлөлийн гишүүдийн ашиг сонирхлын зөрчил тэнд яваад байдаг юм шиг ээ. Энэ бүхнээс болоод буцаад байдаг юм уу?

-Ний, нуугүй хэлэхэд энэ бол маш олон хүний хошуу дүрэгдчихсэн асуудал шүү дээ. Тиймээс тухайн үед маш олон дарамт ирж байсан. Тэр хүмүүс л өнөөдрийг хүртэл байр сууриа тавьж өгөхгүй байна. Бид өнөөдөр Оюутолгойн гэрээг зогсоох гээгүй. Харин Монголын ард түмэнд үр өгөөжтэй, ашигтай л болгох гэсэн юм. Өнөөдөр гадуур нэг сонин сурталчилгаа цацаад байна. Энэ бол Монголын ард түмний толгойг угаах гэсэн л нэг хэлбэр. 71 хувь нь Монголын ашиг 21 хувь нь хөрөнгө оруулагчийн ашиг гэдэг нь худлаа шүү. Оюутолгойн гэрээг сайжруулахаар зүтгэж байгаа УИХ-ын гишүүд битгий цөөрөөсэй гэж хүсэж байна. Би УИХ-д байхгүй ч гэсэн тэднийг гаднаас нь дэмжиж ажиллана гэдгээ хэлмээр байна. Өнөөдөр Оюутолгойн гэрээг 30 жилээр байгууллаа л гэх юм. Гэтэл хэдхэн жилийн дотор баялгийг маань цөлмөөд гарахыг үгүйсгэхгүй шүү дээ. Учир нь орчин үед техник, технологийн дэвшил хурдацтай өсөж байна.

-Танай намынхан шинэчлэлийг нэгдүгээрт тавина гэж байгаа ч бүх зүйл нь хуучнаараа яваад байна уу гэсэн сэтгэгдэл төрөх юм. Та ер нь шинэчлэлийг юу гэж харж байх юм?

-Шинэ хүн гаргаж ирснээр шинэчлэлийг хийдэггүй юм. Шинэ үзэл бодол, арга барил, шаардлага, хариуцлагын цогц нийлбэр  гэдэг шинэчлэл. Хуучин хүн ч үүнийг хийж чадна. Энэ систем, үзэл бодол манай намд байсан бол манай намын шинэчлэл дорвитой болох байсан юм. Ер нь бол нийт гишүүд, дэмжигчиддээ хүрч ажиллаж чадахгүй, тулга тойрсон тогоон дот­роо л гүйгээд байна. Иймхэн газарт тоглолт хийх юм бол бид өнөөдөр ялалт байгуулж чадахгүй.

-Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.

Р.САРАНГОО
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж