”Тэд ажлаа хийж чадахгүй байвал бидэнд ашигтай”

Хуучирсан мэдээ: 2012.10.11-нд нийтлэгдсэн

”Тэд ажлаа хийж чадахгүй байвал бидэнд ашигтай”

УИХ дахь МАН-ын бүлгийн ахлагч Н.Энхболдтой ярилцлаа.

-Та өмнө нь УИХ-ын дэд даргаар ажиллаж бай­сан. Одоо намынхаа УИХ дахь бүлгийг ахлаж байна. Гэх­дээ танай намын бүлэг ал­бан ёсоор байгуулагдаа­гүй. Ийм үед бүлэг ах­­лах нь амаргүй байгаа байх. Энэ бүхэнд та ямар дүгнэлт хийж бай­на?

-Юуны өмнө хэлэхэд, на­мын бүлэг байгуулагд­сан. Аливаа намын бүлэг сон­гуулийн үр дүнд бий бол­дог бүтэц. Байгуулах, бай­гуулахгүй тухай асууд­лыг аль нэгэн албан ту­шаал­тан юм уу, эрх мэдэл­тэн мэддэг юм биш. 2012 оны УИХ-ын сонгуулиар Ардын нам сонгогчдын 40 орчим хувийн саналыг авч, 25 гишүүн сонгогдсон нь МАН УИХ-д бүлэгтэй ажил­лах ёстой гэдгийг сонгогчид шийдчихсэн гэсэн үг. Энэ талаар 2004, 2008 онд ч гэсэн янз бү­рийн асуудлууд гарч, УИХ-аар ярьж, хэлэлцэж байсан. Тухайлбал, одоо­гийн Ерөн­хийлөгч Ц.Эл­бэгдорж “Нэ­­гэнт ард тү­мэн сон­голтоо хийсэн бол дараа нь шүүх болон хөнд­лөнгийн байгууллагуудын оролцоо байх ёсгүй” гэж маш тодор­хой хэлж байсан.

Тэр үг нь Их хурлын протоколд бий. Гэтэл одоо зөвхөн бүлэг албажуу­лахгүй байх төдийгүй ерөөс УИХ-д сонгогдчих­сон байгаа болон түр үнэм­лэхээ авчихсан байгаа гишүүдийн сонгогчдоос авсан тэрхүү мандатад нь халдах явдал өргөн цар хүрээтэй явагдаж эхэлж байна. Иргэд төлөөллөөрөө дамжуулан төрийн эрх барих Үндсэн хуулийн зарчимд маш бүдүүлгээр халдаж буй үйл явц өрнөж байна. Үүнийг би улс төр тогтворгүй болох, ард түмний сонголт хүчингүй болох, иргэд сонгогчдын бодож санаж байгаад хөндлөнгөөс хэн нэгэн, эсвэл аль нэгэн байгууллага ордог маш ноцтой үйлдэл рүү түлхэж байна гэж харж байна. Төрийн тогтвортой байдал, гишүүдийн халдашгүй байдал, иргэдийн сонгох, сонгогдох эрхэнд халд­сан, улс төрийн хямрал руу чирсэн үйлдэл ажиглагдаж байна.

-Зөвхөн бүлэг алба­жуулах биш улс төрийг тогтвортой болгох, төрийн хямралаас сэргийлэх ямар гарц байна вэ?

-Иргэд Үндсэн хуулийн цэцэд хандсаныг бид анхааралтай ажиглаж байгаа. Цэцийн нэг гишүүн асуудалд туйлын хариуцлагагүй хариу өгсөн. Тэр нь ерөнхийдөө ийм хурал болсон юм байна. Олонхи нь оролцсон юм байна. Тэгээд даргаа сонгожээ гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл, хэлбэр талаас нь хариу өгсөн байгаа юм. Яг түүний цаана байгаа хуулийн заалт, агуулга руу огт ороогүй. Нөгөө талаар, хуулийн хүрээнд ойлголцох гэж оролдож байгаа зүйлүүд бий. Намын бүлэг албан ёсоор байгуулагдсан, харин албажуулах тухайд хуульд 24 цаг гэсэн үг орсоныг хуулийн зохицуулалт дутуу гэж үзэж, УИХ-ын тухай болон Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, хуулийн төсөл болвсруулах хамтарсан ажлын хэсэг гарч ажиллаж байна. Ажлын хэсгээр хуулийн зохицуу­лалтад дутуу байгаа зүй­лүү­дийг засч залруулах, мөн тэр хүрээндээ Их ху­рал байгуулагсдан цагаас үүссэн нөхцөл байдлуудыг арилгах, гацаанаас гаргах, Ардын намын бүлгийг ал­ба­жуулах асуудлыг ший­дэ­хээр ажиллаж байна.

-Ер нь УИХ-ын түүхэнд парламентад суудалтай аль нэг нам нь бүлгээ байгуулж чадахгүй хэдэн сар болж байсан түүх байгаагүй. Бусад улс орны жишиг ямар байдаг юм бол?

-Ийм түүх манай пар­ламентад байхгүй. Харин эвсэл болж сонгуульд оролцоод УИХ-д бүлэг байгуулсны дараа эвсэл нь задарч, түүний үр дүнгээр хуулийн дагуу бүлэг нь тарж байсан тохиолдол бий. Тухайн үед манай нам УИХ-д олонх байхдаа нэ­гэнт ард түмний сонгол­тоор бүлэг байгуулах хэмжээ­ний гишүүд сонгогдсон байхад ард түмний эрх ашиг зөрчигдөж болохгүй УИХ-ын үйл ажиллагаанаас хол хөндий байлгах зарчим байж таарахгүй гэж үзэж байсан. Ингээд манай бүлг­жиж зөвлөл гэж байгуулж байсан. Та бүхэн санаж байгаа бол АН-ын эвсэл задарснаас хойш сул байсан гишүүд зөвлөл байгуулагдсанаар түүнд орж, УИХ дахь намын бүлэгтэй адил тэгш эрхтэй хуралд санал, дүгнэлтээ хэлдэг, байнгын хорооны хуралдаанд оролцдог нөхцөл байдлыг нь хангаж өгч байсан. Энэ дашрамд хэлэхэд, одоо УИХ-д олонхийг бүрдүүлсэн нам, эвсэл, тухайлбал Ардчилсан нам Монголын парламентын үндсэн зарчим болсон сө­рөг хүчнээ сонсох, цөөн­хийн санал, бодлыг бодлого, шийдвэрт тусгаж байх, зөвшилцөж, ойлгол­цож байх асуудалд тооны олноор биш, зөвшилцлөөр шийдэж байхыг уландаа гишгэсэн байдлаар хандаж ирлээ.

Сүүлийн үед өөрсдөө ч энэ байдалдаа дүгнэлт хийж байх шиг байна. Тиймээс цаашид цөөн­хийн байр суурь, түүний ард байгаа иргэд сонгогчдын санаа, бодлыг сонсч, УИХ-аас явуулж буй бодлого, үйл ажил­лагаанд тусгуулахгүйгээр явбал бидэнтэй нэг га­раанаас эхэлсэн социа­лист системийн орнууд, гадаад ертөнц, бүс нутагтаа мундаг том ардчиллын жишээ болгож ярих хэмжээнд хүртэл ирсэн Монгол Улсын парламентын нэр төрийг унагаасан, олон нийт, тэр дотроо олон улсын хамтын нийгэмлэгийг эргэлзсэн байдалд хүргэсэн нөхцөл рүү аваад ирлээ. Үүнийг бид хэлээд байгаа юм биш. Бидэнтэй уулзсан гадаад, дотоодын нэр хүндтэй хү­мүүс, тэр дотроо ард­чилсан хүчнийхнийг илүүтэй дэмжсэн олон хүн үүссэн нөхцөл байдалд гайхсан, эргэлзсэн бай­далтай байна. Бусад улс орны жишиг гээд яривал, хаана ч ийм байдаггүй. Цөөнхөө хүндэтгэх талд ч, сонгуулийн үр дүнгээр байгуулдаг бүтэц, зохион байгуулалтын хувьд ч тэр. Гэтэл манайд тэр цензур байхгүй болчихлоо. Төрийн тогтворгүй байдал, Үндсэн хуулийн хямрал руу түлхсэн энэ алхамаа зогсоох ёстой.

-МАН бүлгээ байгуулж чадахгүй байгааг танай намын зарим гишүүн намын дарга, бүлгийн ахлагч нар үг дуу муутай, хэтэрхий зөөлдөөд байгаатай холбоотой гэж шүүмжилсэн. “Шаварт унасан шарын эзэн хүчтэй” гэдэг өнцгөөс харахад тийм ч юм шиг, нөгөө талаас МАН олонхи байхдаа баталсан хуульдаа өөрсдөө хөлөө тушуулчихаад байгаа юм шиг. Харин та ямар тайлбар хэлэх бол?

-Хүмүүс янз бүрээр харж байгаа болов уу. Бид тухайн байдал, хууль эрх­зүйн орчиндоо тохируулан ажиллаж байна. Дашрамд хэлэхэд, сүүлийн үед “Бид өөрчлөлт, шинэчлэлт хийх гэж байна. хууль ямар хамаатай юм бэ” гэх үгс дуулдах боллоо. Зарим нь “Ёс жудаг ямар хамаа­тай юм бэ” гэж байна. Ёс жудгаа болъё гэхэд хууль ямар хамаатай юм бэ гэдэг үг маш аюултай. Бидний Үндсэн хуулиараа баталгаажуулсан хамгийн том зарчим нь хуульд захирагдаж байх ёстой гэсэн зарчим. Өөрчлөлт, шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай бол түүнийгээ хийх эрхзүйн орчныг шинээр бий болгож, тэр хүрээндээ л хийх ёстой. Түүнээс биш цаг хугацаа давчуу, яарч байна, сандарч байна гэж наанаа гоё үг хэлчихээд хууль зөрчөөд хийж байгаа үйлдлүүдийг хэрхэвч өөгшүүлж болохгүй. Бидний хуулийн хүрээнд ажиллах гэж байгаа нь одоогийн олонхи урд өмнөх парламентад, намуудын хооронд, нийгэмд тогтож ирсэн дэг, жаяг, ойлголцож ирсэн хүрээнд ажиллана гэж бодсоных. Ингэж ажиллаж байгааг удаан байна, зөөлдөөд байна гэж хэлж байж магадгүй. Эд ингэж байгаа бол бид ч гэсэн хуулиас гадуур янз бүрийн арга хэмжээ зохион байгуулъя, янз бүрийн үйлдэл хийе гээд байвал түүн шиг амархан зүйл үгүй.

Хуулийн хүрээнд нийгэмд тогтсон дэг жаяг, хэм хэмжээ, хэдийгээр цаасан дээр бичээгүй ч ийм байх ёстой гэж хүмүүс ойлгочихсон тэр хүрээнд ажиллана. Бидний байр суурь зөв гэдэгт итгэлтэй байна. Үүнийг хэн нь ч ойлгох ёстой. Эхнээсээ ойлгож байна. Харин олонхи байхдаа баталсан хууль­даа өөрсдөө хөлөө ту­шуулчихаад байгаа гэдэг өрөөсгөл юм. Би УИХ-д сонгогдон ажиллаж ирсэн хугацаандаа энэ хуулийг аль нэг намд зориулж хийх юм шүү гэж хэзээ ч бодож байгаагүй. Нийг­мийн харилцааг зохи­цуулдаг байх ёстой гэсэн үүднээс хандаж ирсэн. Тэгэхээр, биднийг олонхи байхад гарсан хуулиуд саад тотгор болж байна гэж харахаас илүү тэр хуульдаа яаж зохицох вэ, эрхзүйн ямар зохицуу­лалттай вэ, ямар хүрээнд ажиллаж болдог вэ гэдэг талаас ажлаа уялдуулах болохоос биш олонхи байхдаа баталсан хууль маань одоо бидэнд гай болж байна гэж харвал тэр мухардсан хүний л бодол.

-Улстөрчид янз бүрийн араншинтай байдаг. Тэр дотор таныг зөөлөн хүн гэлцэх юм билээ. Шүүмж­лэл ч бас тэр өнцгөөс тавигдаж байна шүү дээ. Та хэр зөөлөн хүн бэ?

-Би өөрийгөө зөөлөн гэхээс илүү тэвчээртэй гэх үү дээ. Аливаа асуудлыг ярихад олон өнцгөөс харж тэр дотроос аль болох зөв бодлого, шийдвэр гараасай гэж боддог. Энэ зарчмаар ажиллаж ирсэн. Манай нам ч энэ зарчмаар ажилладаг. Тухайлбал, МАН УИХ-д 45 суудал авч олонхи болчихоод байхдаа АН-д санал тавьж, хамтарсан Засгийн газар байгуулж ажиллаж байсан. Тэгэхээр зөөлөн, хатуу гэж тайлбарла­хаасаа өмнө тэр нь өнөөдөр нийгэмд ямар хэрэгтэй шийдвэр болсон бэ гэдэг талаас харах хэрэгтэй байх. Жишээ нь, дөрвөн жилийн хугацаанд бид эдийн засгийн өсөлтөөрөө тэргүүлж яваа улс орнуудын нэг болох хэмжээнд хүргэсэн зөв шийдвэр болсон гэж боддог. Хамтарсан Засгийн газрын талаар хүмүүс янз бүрийн шүүмжлэл хэлдэг. Би алдсанаасаа оносон нь илүү, тийм ч жишиг тогтоосон шийдвэр гэж үздэг. Гэтэл одоо олонхи болсон нам ийм байдлаар ажиллахгүй байна. Тэ­гэхээр зөөлөн, хатуу гэж дүгнэхээс илүү хандаж байгаа хандлага, барим­талж байгаа бодлого нь хэр олон хүнд үр өгөөжөө өгч вэ гэдэг өнцгөөс асуудалд хандах хэрэгтэй юм даа.

-УИХ-ын сонгуульд намаа ялагдуулсан дарга нар хариуцлагаа бүрэн хүлээгээгүй. “Нам нэрээ солиод ялагдвал, хариуцлагыг би хүлээнэ” гэчихээд генсекийн ажлаа өгсөн болоод намын жагсаалтаар УИХ-д ороод суучихдаг байж таарахгүй гэж танай намын зарим гишүүн шүүмжилж байна. МАН хариуцлага тооцож чаддаг шударга нам мөн үү. Хүчтэй сөрөг хүчин болж дуугарсан шиг дуугараасай гэсэн хүсэлт ард түмэнд байгаа учраас танд энэ асуултыг тавьмаар санагдлаа?

-Хүн бүр өөрийн гэсэн ойлголттой байдаг. Улс төрийн намын хариуц­лагын тухай асуудал нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадаж байна уу, үгүй юу. Чадаагүй бол түүнтэйгээ хариуцлага тооцож, чадсан бол түүнийгээ хэрхэн дүгнэхээс улс төрийн намын шударга, шударга бишийг дүгнэнэ. Энэ утгаар авч үзвэл манай нам шударга нам. Хамгийн сүүлд, урьд өмнө хэн ч хийж байгаагүй, цаашид ч манайхаас өөр нам хийж чадах юм уу, үгүй юу гэхээр алхмыг бид хийж намын удирдлага улс төрийн хариуцлагаа хүлээсэн. Өөрсөдтэйгээ хариуцлага тооцож чаддаг, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чаддаг нам гэдэг нь тодорхой харагдаж байгаа. Харам­салтай нь хүмүүс хэтийн зөв хандлага, чиглэл талаас нь ойлгохгүй байх шиг. Дараа дараачийн хүмүүс энэ байдлаар өөртөө хариуцлага тооцоод дадчихвал Монголын улс төрийн соёлд оруулж буй шинэ үзэгдэл, шинэчлэл юм.

-Намынхаа нэрийг сольсон нь хамгийн том алдаа байлаа гэж халаглах хүн танай гишүүдийн дотор одоо ч байна. Зарим нь дотроо бясалгаж байгаагаас биш ил тод хэлэхгүй байх шиг. Харин та ямар бодолтой байна?

-Би намын нэр солихыг дэмжсэн. Зөв алхам байсан. Буруу зүйл болсон гэж огтхон ч боддоггүй. Нам сонгуульд ялагдсанд олон шалтгаан бий. Гэхдээ зөвхөн намын нэрийг сольсноос болсон гэж үзэхгүй байна. Шилээ дарсан олон үйл явдал, нөхцөл байдал нөлөөлсөн.

-Одоо орон нутгийн сонгууль болох гэж байна. Өмнөх алдаагаа давтах­гуйн тулд МАН цаашид яах вэ?

-УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлснээс эхлээд сурталчилгаа хийсэн, оролцсон байдал гээд олон зүйлд судалгаа, дүгнэлт хийж, алдаагаа давтахгүй байхаар ажиллаж байна. Юуны өмнө нэр дэвшигчдээ сонгох, тодруулах, түүний дотор намын нэрийн жаг­саалтад ямар хүмүүсийг ямар дарааллаар байр­шуулах вэ гэдэг асуудал холимог тогтолцоогоор явж байгаа үед маш чухал. Үүнд намын шат, шатны байгууллага анхаарч байгаа. Хамгийн түрүүнд бодох зүйл энэ. Хэдийгээр өмнө нь улстөрд байгаагүй ч гэсэн тухайн орон ну­тагтаа хүлээн зөвшөө­рөгдсөн, иргэдийн итгэ­лийг хүлээж чадах хүмүү­сээ сонгож, жагсаалтад оруулахдаа дараалалд нь хүртэл анхаарах нь ач холбогдолтой байдаг. Жагсаалтыг гаргахдаа эмэгтэйчүүдийн төлөөлөл, ахмад болон залуу гишүүдийн харьцаа гэх мэт олон зүйлийг харах ёстой юм билээ. Нөгөө талаас зорилтууд маш тодорхой байх ёстой. Тэгэхгүйгээр цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж нэмэх юм уу, эсвэл үйлдвэр аж ахуй байгуулах зорилт дэвшүүлчихээд түүнийгээ яаж хийхийг тайлбарлахгүй орхих нь учир дутагдалтай. Түүнээсээ болж хүмүүсийн саналыг дутуу авах нөхцөл байдал үүсдэг. Өөр нэг асуудал нь бид хийсэн ажлаа хүмүүст хүргэх талд дутуу ажиллаж ирсэн. Тухайлбал, эдийн засгийн чиглэлээр хүрсэн ололттой талууд, улстөрийн тогтвортой байдлыг хангаж ирсэн болон нийгмийн халамжийн талаар авсан олон арга хэмжээ бий. Бид энэ бодлогын хүрээнд ийм зорилготой хийсэн юм шүү гэдгээ дутуу таниулж ойлгуулж ирсэн нь сонгуулийн үр дүнд нөлөөлсөн.

-Сүүлийн үед эвсэл задарч, улстөр бужигнах нь гэсэн утгатай “бор шувуу” нисэх боллоо. Улстөрийн нөхцөл байдал, өнөөдрийн улстөрийн өнгийг та хэрхэн харж байна?

-Эвслийн доторх асуудал амаргүй байна гэж харж байгаа. Парламентад зэрэгцээд сууж байгаагийн хувьд мэдэж байна. Гол нь томилгооны асуудал байх шиг. Цаашид Засгийн газрын ажлын байдал, улсын төсөв ярьж эхлэхэд энэ зөрчил хурцдахгүй гэх газаргүй.

-Танай нам сөрөг хүчин учраас аливаа асуудал муу байх тусмаа бидэнд сайн гэсэн байдлаар хандаад байгаа юм биш үү?

-Эвсэл задрах нь гэсэн ярианд Ардын намынхан дуртай байгаа гэсэн яриа гаргаж байна. Мэдээж, тэд ажлаа сайн хийж чадахгүй байвал бидэнд ашигтай. Харин тэд ажлаа хийж чадахгүй байгаагаас болж улс орон хохирвол хэнд ч ашиггүй. Бид асуудалд энэ өнцгөөс хандана.

Ажлаа муу хийж байвал шүүмжилж, Засгийн газартай хариуцлага тооцож таарна. Энэ Засгийн газар хууль зөрчсөн олон шийдвэр гаргаж байна. Үүнийг манай нам сөрөг хүчний хувьд зүгээр харж суухгүй нь ойлгомжтой. Зөвхөн эрх мэдэлд очихын тулд улстөрийг бужигнуулж, эвсэл тараасай, Засгийн газар унаасай гэсэн байдлаар хандах нь аль ч улстөрийн хүчний хувьд тийм сайн зүйл биш. Улстөрийн намын хийж буй ажил хэрэгжүүлж буй бодлогоос заавал олон түмэнд тустай зүйлүүд гарч байх ёстой. Улстөрийн хүчнүүдийн хоорондын тэмцлээс иргэд хохирч болохгүй.

-МАН-ын гишүүд намаасаа олноор гарч, МАХН-д элсч байна. Ер нь мөнгөтэй хүмүүсийг элсүүлдэг, сонгуульд нэр дэвшүүлж албан тушаал наймаалцдаг явдалд жирийн гишүүд нь бухимдаж, намаасаа гарч эхэлсэн юм биш үү?

-Ингэж олноороо намаас гарч байгаа юм уу даа. Ямар тоолж үзсэн биш, хүн болгонтой уулзсан биш. Сонин хэвлэлээр зарим мэдээ гарсаныг харсан. Тодорхой тооны хүмүүс намаас гарч байна, МАХН-ын гишүүнчлэлээ сэргээж байна гэсэн мэдээлэл байгаа. Хүмүүс янз бүрийн бодолтой сонголтоо хийж байх шиг байна. Тэр хүмүүсийн ямар сонголт хийх нь эрхийнх нь асуудал. Гэхдээ цаг хугацааны хувьд авч үзвэл, яагаад эвсэл засагт орж эрх мэдэлтэй болсон үед нь орж байгаа юм бэ гэсэн асуулт гарна. Алийг нь дагавал өөрт нь ашигтай вэ гэсэн байдлаар сонголт хийсэн нь олонхи байх шиг байна. Сонгуулиас өмнө болоод хойно эсвэл болж Засгийн эрхэнд гараагүй байхад нь биш яахаараа одоо эрх мэдэлд хүрч, юм хуваарилаад эхлэхээр нь элсч байгаа нь анхаарал татахгүй гэж үү.

-Сүүлийн үед өрнөж буй томилгоонуудын тухай таны байр суурийг сонирхмоор байна. Тухайлбал, хариуцлагагүй албан тушаалтнуудыг халлаа л гэх юм. Оронд нь томилсон хүмүүс хариуцлагатай байж чадах болов уу. Тэр дотор үнэн хаана байна гэсэн асуулт гарна?

-Томилгоонууд утга учраа алдлаа. Монголын төр төрийн албыг тогтвортой, мэргэшсэн, улстөрөөс хараат болгох гэж 20 жил ажиллаж ирсэн. Мэдээж тэр дотор алдсан, оносон зүйл бий. Хийсэн томилгоо болгон нүдээ олсон байсан гэхэд хэцүү. Ажил хийж байхад алдаа, дутагдал дагаж явдаг хойно алдаатай зүйлүүд байсан байх. Гэхдээ манай нам олонхи болж төр барьж байх үед хууль зөрчсөн, олноор нь ингэж улс төржүүлж хоморголон халсан зүйл байхгүй. Бид хуулийн дагуу бүлгийн эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан бол ийм байдалд хүрэхгүй байсан. Үүнийг мэдсэн учраас олонхи Ардын намыг бүлэггүй, “зэвсэггүй” байлгаж хууль зөрчсөн үйлдлүүдээ хийж байна. Ганц жишээ дурдахад, төрийн нарийн бичгийн дарга нарын асуудал байна. Төрийн нарийн бичгийн дарга бол улстөрийн бус хамгийн дээд албан тушаал. Түүгээр дамжин төрийн алба тогтвортой ажиллах тогтолцоог бий болгох гэж бид хэд хэдэн хууль баталж, бүтэц бий болгож байж арайхийн төлөвшүүлж ирсэн. Гэтэл төрийн нарийн бичгийн дарга нарыг улстөрийн албан тушаалтан болгоно гэх бодлого явж байна. Хуулийн төсөл ч боловсруулж байгаа юм билээ. Нөгөө талаас, тэднийг халж, сольж байгаа нь өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиудыг зөрчиж байна. Төрийн албаны зөвлөлөөс ч гэсэн энэ талаар байр сууриа албан ёсоор илэрхийлж УИХ-ын даргад хандсан байна. Хууль гэдэг зүйл мөрдөгдөх ёстой л юм бол дуртай ч бай, дургүй ч бай мөрдөх ёстой. Дургүй бол өөрчилж байгаад дараа нь түүнийхээ хүрээнд ажиллах ёстой. Өнөөдөр төрийн ажил завхарч, парламентын мөн чанар алдагдаж байгаагийн хамгийн том жишээ нь томилгоо.

-Хүн амын 40 гаруй хувийн санал авсан том намын бүлгийг даргалж байгаагийн хувьд МАН-ын хувь заяаг хэр өөдрөгөөр харж байна. Та энэ намын өндөр боловсролтой нэр цэвэр цөөхөн удирдагчдын нэг. Тиймээс таны манлайллаас олон зүйл шалтгаална гэдэгтэй санал нийлэх үү?

-Энэ асуудал зөвхөн намын удирдлагууд биш тухайн намд сэтгэлийн дуудлагаар нэгдсэн, улстөрийн хүчийг бүрдүүлж байгаа бүх хүний манлайлал, итгэл үнэмшлээс хамаарна. Мэдээж, тухайн үед намынхаа өмнө, гишүүд, дэмжигчдийнхээ өмнө хариуцлага хүлээж байгаа намын удирдлагад байгаа хүмүүс хэд дахин илүү манлайлалтай, аливаад оройлж оролцдог байх учиртай. Би МАН-ын УИХ дахь бүлгийн ахлагч, Ардын намын нарийн бичгийн дарга, удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаагийн хувьд миний байр суурь, манлайллаас их зүйл хамаарна гэдгийг ойлгож байна. Хүн болгоны арга барил, асуудалд хандах хандлага өөр байдаг. Яг өнөөдөр цөөнх болсон үед улстөрийн гол ажлыг УИХ дахь намын бүлэг илүү үүрдэг. Энэ тохиолдолд бидний хийх ёстой ажил эв нэгдэлтэй, хатуу сахилга баттай байж бүх шатанд хуулийг чанд сахиулах, аливаад ёс зүйтэй, байр суурьтаа туйлбартай байх явдал. Ардын нам бол ард түмний төлөө нам гэдгийг хүмүүст илүүтэй ойлгуулж ажиллахад бидний манлайлал оршино.

Ч.ҮЛ-ОЛДОХ
Эх сурвалж: Зууны мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж