Таэквондогийн оюутны ААШТ эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.10.11-нд нийтлэгдсэн

Таэквондогийн оюутны ААШТ эхэллээ

Азийн оюутны аварга шалгаруулах таэквондогийн гуравдугаар тэмцээн Малайзын Саба мужийн нийслэл Кота Кинабалу хотноо өнөөдөр эхэлж байна. Энэ сарын 13-ныг дуустал үргэлжлэх тус тэмцээнд Монгол, Хятад, Тайланд, Казакстан, Малайз, Филиппин, Вьетнам, Сингапур зэрэг есөн орны тамирчид өрсөлдөх юм байна.

Тэмцээн эрэгтэйчүүдийн 54кг, 54-58кг, 58-63кг, 63-68кг, 68-74кг, 74-80кг, 80-87кг,  +87кг ба эмэгтэйчүүдийн 46 кг, 46-49кг, 49-53кг, 53-57кг, 57-62кг, 62-67кг, 67-73кг,+73кг-ийн жингүүдээр аваргаа тодруулна.

Тус тэмцээнд оролцох Монголын баг тамирчдыг дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар удирдаж буй бөгөөд багийн бүрэлдэхүүнд, эрэгтэйчүүдээс МУБИС-ийн оюутан М.Мягмарбаяр /58кг/, ХААИС-ийн оюутан М.Түмэнбаяр /54кг/ нар, эмэгтэйчүүдээс МУБИС-ийн оюутан Н.Долгормаа /49кг/, Г.Оюун-Эрдэнэ /53/ нарын тамирчид багтжээ.

Өмнөх тэмцээн 2011 онд Казакстаны Алматы хотноо болж, Монголын тамирчдаас С.Мөнгөнцэцэг эмэгтэйчүүдийн 46 кг-ын жинд хүрэл медаль хүртэж байсан юм.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж