ДОХ-оос сэргийлж, тамхитай тэмцэнэ

Хуучирсан мэдээ: 2012.10.10-нд нийтлэгдсэн

ДОХ-оос сэргийлж, тамхитай тэмцэнэ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдааны эхэнд ХДХВ ДОХ-оос сэргийлэх тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Уг төслийг өмнөх УИХ-аар хэлэлцэж байгаад дуусгалгүй орхисныг үргэлжлүүлж байгаа юм. Гишүүн Г.Баярсайхан “Цаг үеэсээ арай хоцорч энэ хууль орж ирж байна. Өндөр хөгжилтэй зарим оронд ДОХ буурч байхад Монголд энэ өвчнөөс сэргийлэх хуулийг гаргаагүй байна” гэсэн бол гишүүн Ж.Батсуурь  ч түүнийг дэмжсэн юм. Монгол Улсын хоёр хөрш ОХУ, БНХАУ нь ДОХ-ын тархалт өндөртэй орны тоонд багтдаг. Иймд урьдчилан сэргийлэх арга хэжээ чухал гэсэн юм.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Өнөөдрийн байдлаар Монголд ДОХ-ын 113 тохиолдол илрээд байна. Илэрсэн нэг хүний цаана 100 тохиодол байдаг гэж үздэг. Тэгэхээр 1100 гаруй тохиолдол байж болзошгүй. ДОХ-оос сэргийлэхийн зэрэгцээ  тийм өвчтэй хүмүүсийн хүний эрхийг хүндэтгэх ёстой” гэж байв. Хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг гишүүд дэмжлээ.

Үүний дараа Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн юм. Гишүүд тамхины хяналтыг чангатгах талаар өөр өөрийн байр суурийг илэрхийллээ. Засгийн газраас 21 нас хүрээгүй хүнд тамхи худалдаалахыг хориглоод буй. Гишүүн Л.Эрдэнэчимэг тамхины хэрэглээг хязгаарлахын тулд гар дээрээс тамхи ширхэглэн зардаг  иргэдэд нэг сая хүртэл төгрөгийн татвар ногдуулах ёстой гэв. Харин гишүүн О.Баасанхүү хоногийн хоол залгуулах гэж тамхи ширхэглэж яваа иргэдэд дааж давшгүй татвар ногдуулах ёсгүй. Харин тамхи үйлдвэрлэгчдэд энэ арга хэмжээг авах ёстой гэлээ. Гишүүд уг хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов.

Мөн Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байр, биеийн тамирын заалны барилга, хангамжийн талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

                                Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж