ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн 500 сая төгрөгийг зориулалтын дагуу ашиглаагүй, тодорхой хэмжээг нь хувьдаа завшсан гэх хэргийг УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж эхэлсэн байна. Тодруулбал, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Т.Гантулга тус яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмагнай нарт эрүүгийн хэрэг үүсгээд байгаа гэнэ. Нийслэлийн прокурорын орлогч Е.Сагсай “Завхан аймагт 2012 оны тавдугаар сард жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих нэрийн дор 500 сая төгрөгийг ямар ч сонгон шалгаруулалт явуулахгүйгээр долоо хоногийн дотор нэр бүхий 108 иргэн, хуулийн этгээдийн хувийн дансанд шилжүүлсэн нь тогтоогдсон. Уг нь энэ мөнгө дээр дурдсанчлан иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд, тэдний үйл ажиллагааг дэмжихэд зориулагдах ёстой байсан. Гэтэл одоог хүртэл тэр мөнгөөр иргэд ямар үйлдвэр, үйлчилгээ эрхэлсэн нь тодорхойгүй байгаа юм. Төсвийн мөнгийг их хэмжээгээр шамшигдуулсан эл хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дөнгөж эхэлж байгаа ч анхан шатанд цугларсан баримтаас үзэхэд энэ онд УИХ-д нэр дэвшсэн зарим хүний сонгуулийн сурталчилгаанд дээрх мөнгийг ашигласан байж болзошгүй байгаа” гэсэн юм.
Тэгэхээр УИХ-ын 2012 оны сонгуульд Завхан аймагт нэр дэвшсэн эрхмүүд, тухайн үед шийдвэр гаргасан яамны сайд, удирдлагуудыг дээрх хэрэгт сэжиглэн шалгаж эхэлжээ.
Д.ЖАРГАЛ