Хууль зүйн сайдыг заналхийлэв

Хуучирсан мэдээ: 2012.10.10-нд нийтлэгдсэн

Хууль зүйн сайдыг заналхийлэв

УИХ-ын
гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд өнөөдөр үдээс хойш заналхийлсэн
утгатай захидал иржээ. Захидал буцах хаяггүй боловч  Төрийн
ордны ард байрлах шуудангийн 46-р салбараар дамжуулж, “УИХ-ын гишүүн
Х.Тэмүүжинд гарт нь. УБ хот БЗД Жамцаас”
хэмээн хаяглаж, ирүүлжээ.

Уг захидалд
“Тэмүүжин новш оо. Чамайг юу хийж, хэнтэй уулзаж, хогийн амьтдаар
өөрийнгөө тойруулан буруу мэдээлэл авч далдганаж байгааг алган дээрээ
тавьсан юм шиг харж байгаа шүү. Тэд чамайг хамгаалж чадахгүй. Тэдний
тэнэгтэж, яахаа мэдэхгүй мангартаж байх хооронд бид урьтана. Чиний
амьдралыг там болгоно, ах дуу, гэр бүлийн хүмүсийг чинь толгой дараалан.
Энэ бол айлган сүрдүүлэлт биш. Эр хүний хувьд, ганц олдох амьдралаа
чамаар тоглуулсныхаа хувьд авч буй өшөө авалт. Чи их өндрөөс унах болно,
тэнэг үйлдэл болгоны чинь шанг хүртээнэ. Бид андгайлсан, ээлж ээлжээр,
хамгийн шилдэг аргаар гүйцэтгэнэ. Цагийн зүү явж байгаа шүү далдганасан
новш минь. Бид олуулаа, чи ядуу, найз нөхөдгүй. Бидэнд мэдээлэл байна
аа. Машинаар явж байгаад л аваар, хоол идээд л хордлого, яг хажууд чинь
цаг хараад л алхаж байгаа…” гэх зэргээр бичсэн байна.

Заналхийлсэн
захидлыг компьютерээр шивж, “УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинд гарт нь” гэдэг
үгийг харин дугтуйн дээр гараар дармалдан бичжээ. Х.Тэмүүжин сайд уг
захидал, захидлын гаднах дугтуйны зургийг авч твиттер хуудсандаа
байрлуулаад “Дөнгөж л эхэлж байна даа. Ийм утгатай захиа цаашид ч олон
ирэх биз. Тэглээ гээд шинэчлэл хийх бодлоосоо буцахгүй л дээ” хэмээн
бичсэн боловч одоогоор хэвлэлийнхэнд хандаж ямар нэг мэдэгдэл хийгээгүй
байна. 

Дашрамд дуулгахад, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин маргааш
Хууль зүйн салбарт 2013-2014 хийгдэх шинэчлэл болон Төрийн тусгай алба
хаагчдын эмнэлгийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр өнөөдөр зар
тараасан байна. ТТАХЭ-ийг нүүлгэж, Цэргийн нэгдсэн эмнэлэгтэй нэгтгэх
тухай яриа гарснаас хойш тус эмнэлгийн дарга, ажилчид сайдынхаа эсрэг
“бослого” маягийн зүйл зохион байгуулж, түр хороо хүртэл байгуулаад
байгаа. Хууль зүйн сайд өнөөдөр өглөө түр хороонд оролцсон эмч, ажилчид,
эмнэлгийн дарга нартай яаман дээрээ уулзсан боловч одоогоор ямар нэг
нэгдсэн шийдвэрт хүрээгүй байгаа гэнэ.

Б.ГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж