Оюутолгойн хөрөнгө оруулалт төлөвлөснөөс хэтэрчээ

Хуучирсан мэдээ: 2012.10.10-нд нийтлэгдсэн

Оюутолгойн хөрөнгө оруулалт төлөвлөснөөс хэтэрчээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Эрдэнэс МГЛ” ХХК, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-уудын үйл ажиллагааны талаар нээлттэй хэлэлцүүлэг хийлээ. Эрдэнэс МГЛ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Я.Долгоржав, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн захирал Д.Батбаатар, дэд захирал Г.Тэмүүлэн нар гишүүдийн асуултад хариулсан юм. Гишүүд эдгээр эрхмүүдээс тийм ч бүрэн дүүрэн хариулт сонсч чадсангүй. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Бид мэдээлэлгүйдээ та нараас танилцуулга хүсч байгаа биш. Иргэдэд мэдээлэл хүргэх хэрэгтэй байна” гэж байлаа.

Я.Долгоржав захирлын танилцуулснаар Тавантолгойн нэг сая төгрөгийн хувьцаагаа бэлэн мөнгө болгох гэсэн 1700 иргэний 1,7 тэрбум төгрөгийг орлогын дансаар нь дамжуулан шилжүүлжээ. Нийт насанд хүрсэн 1,5 сая, насанд хүрээгүй 883 мянган хүний мэдүүлгийг хүлээн авсан байна. Мөн 763 мянган иргэн Тавантолгойн 1072 ширхэг хувьцаагаа эзэмшихээр мэдүүлгээ өгсөн байна.

Гишүүн Н.Батбаяр Оюутолгойд оруулах гадаадын хөрөнгө оруулалт хэтэрсэн. Энэ нь Монголын өр нэмэгдэж байгаа хэрэг шүү гэдгийг анхаарууллаа. Мөн гадаад, монгол ажилчдын цалингийн зөрүү хэр байдаг, Үйлдвэр хэзээ ашиглалтад орох, юун дээр гацаж байгаа, Рио Тинто дэлхийн том компани. Гэтэл дэлхийд томд орох орд дээр ажиллаж байгаа атлаа яагаад эрчим хүчний асуудлыг орхигдуулав. Гадуур сурталчлаад байгаа монголчууд 71 хувийн, гаднынхан 29 хувийн ашиг олно гэсэн 71:29 гэх сурталчилгаа  хэр бодитой вэ гэх зэрэг асуултыг тавьж  байлаа. Эдгээрт Д.Батбаатар захирал хариулахдаа “Оюутолгойн төсөл сайн хэрэгжиж байгаа. Үүгээр монголчууд бахархах хэрэгтэй. Гадаад хөрөнгө оруулалт хэтрээд явж байгаа нь үнэн. Үүнд анхаарна. ТЭЗҮ-ээс хэтрүүлж хөрөнгө оруулж байгаа нь буруу. ТЭЗҮ-ийг сайжруулъя” гэж байв.

Өнгөрсөн 2011 оны сүүлийн байдлаар Оюутолгойн гадаад хөрөнгө оруулалт нэг тэрбум 50 сая орчим ам.доллараар хэтрээд байгаа юм байна. Энэ нь жижиг бус ноцтой зөрчил гэсэн юм. Оюутолгой анхны бүтээгдэхүүнээ 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс гаргахаар болсон байна.

Эрчим хүчний хувьд Хятадын тал эрчим хүч болон баяжмалын үнэ, нийлүүлэлтийг уяж асуудалд хандаж байгаа юм байна. ӨМӨЗО-ны Баяннуур аймаг нийт баяжмалыг 100 хувь авна гэдэг ажээ. Ямар ч гэсэн зэсийн баяжмалыг Хятадад гаргана. Гэхдээ 50 хувийг Өвөрмонгол, Баяннуурт нийлүүлнэ гэсэн асуудлыг Монголын талаас тавьжээ. Гэрээнд зааснаар эрчим хүчийг бүгдийг 100 хувь Хятадаас авна гээгүй аж.

Оюутолгойг ашиглалтад оруулахад Монголоос шалтгаалах зүйл байхгүй. Хийх ажил 99 хувьтай. Гаднаас шалтгаалах зүйлс л үлджээ.

Монголын талын авах ашиг 59 хувь, нэрлэсэн үнээр 53 хувь байгаа. Тэгэхээр 71:29 гэдэг бол боломжит дээд хувилбар гэж байгаа юм болов уу гэсэн хариултыг дэд захирал Г.Тэмүүлэн өгч байв.

“Монгол, гадаад ажилчдын цалингийн зөрүү хэд вэ гэдэг нь компанийн нууц. Шатлалаар зөрүүтэй байгаа” гэж Д.Батбаатар захирал хариулсныг Н.Батбаяр гишүүн “Энэ бол буруу. Бүх зүйлийг компанийн нууц гэж халхалж болохгүй. Монгол, гадаад бүгд ижил цалин авах ёстой” гэсэн юм. Ямар боловч дараа энэ талаар тодорхой хариулт авахаар болов. Сургууль, цэцэрлэг, нийгмийн бусад чиглэлээр Өмнөговь аймгийн Ханбогд сумтай хамтарч ажиллаж байгаа юм байна.
Энэ үеэр Тавантолгойн Баруун цанхийг АНУ-д өгсөн үү гэсэн асуулт гарлаа. Я.Долгоржав захирлын хариулснаар саяхан “Эрдэнэс МГЛ” Баруун цанхийг нээсэн бөгөөд Америкийн “Пибоди” компани оператор компани болох санал тавьсан ч хүлээж аваагүй аж.

Гишүүн Г.Баярсайхан “71:29 гэдэг бол худлаа сурталчилгаа. Худлаа сурталчилгааг хуулиар хориглох ёстой. Бодит байдал үүнээс өөр. Монголчуудыг доромжилж болохгүй. Бодитоор амьдаръя” гэлээ. Мөн Оюутолгой хавьд гүний ус доошлон хатаж малчид усгүйдэж байгааг сануулсан юм. Тэрбээр “Оюутолгойд усны хайгуул хийхдээ зөвшөөрөлгүй ус татаад явж байна. Компанийн нууц гэдэг нэрийн дор монгол хүний үнэлэмжийг муутгаж болохгүй. УИХ-ын 57 дугаар тогтоолыг яаралтай хэрэгжүүлье” гэж байлаа. Оюутолгой ашиглалтынхаа зургаа дахь жилээс үйл ажиллагааныхаа хоёр дахь шатанд орох юм байна. Үүгээр нээлттэй хэлэлцүүлэг өндөрлөлөө.

                                Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж