![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/9/e0ce55f88f5fa8d3/9cfff73219d95f26big.jpg)
“Эрдэнэс МГЛ” ХХК нь Монгол Улсын Компанийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийн дагуу Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 266 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 2007 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 52 тоот тогтоолоор байгуулагдсан. “Эрдэнэс МГЛ” нь стратегийн ач холбогдол бүхий орд, улсын төсвийн хөрөнгөөр эрэл хайгуул хийж нөөцийг нь тогтоосон ордын ашигт малтмалын хайгуул ба ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж үйл ажиллагаа эрхлэх, стратегийн ач холбогдол бүхий ордыг ашиглах үед төрийн оролцоог хэрэгжүүлж төрд ногдох ашгийг төвлөрүүлэх, ашигт малтмалын нөөцийн үнэлгээ хийх, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй төрийн өмчийн оролцоотой компанийн төрийн мэдлийн хувьцааг борлуулахад зөвлөх үйлчилгээ үзүүлэх зэрэг үйл ажиллагаа эрхлэх юм.
“Эрдэнэс Оюутолгой” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийг “Эрдэнэс МГЛ” компанийн охин компани хэлбэрээр байгуулсан байна. Энэ компани нь стратегийн ач холбогдол бүхий Оюутолгойн ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Оюутолгой” компанийн төрийн мэдлийн хувьцааг эзэмших эрхийг хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй юм. “Эрдэнэс Оюутолгой” компанийн өөрийн хөрөнгийг бүрдүүлэхэд шаардлагатай хөрөнгийг “Эрдэнэс МГЛ” компанийн хөрөнгөнөөс гаргах, компанийн дүрмийг зохих журмын дагуу баталж мөрдүүлэхийг Төрийн өмчийн хороонд даалгалаа. Ер нь стратегийн ач холбогдол бүхий орд тус бүрээр “Эрдэнэс МГЛ” компанийн охин компани байгуулагдах юм. Анхных нь “Эрдэнэс Тавантолгой” байсан бол дараагийнх нь “Эрдэнэс Оюутолгой” ХХК болж байна.
Танилцуулгыг хийсний дараа гишүүд асуулт асуусан. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн гэрээ 71/29 гэсэн зар сурталчилгаа явж байгаа. Үүнд энэ хоёр охин компани оролцсон уу. Хувь эзэмшигчийн үүргээр санхүүгийн тайланг авч чаддаг эсэх талаар тодруулахад “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн захирал н.Батбаатар “Хувь нийлүүлэгч гадны хөрөнгө оруулагчтай хамтран Оюутолгой төслийг хэрэгжүүлж байна. Энэ төсөл амжилттай хэрэгжих эсэхийг цаг хугацаа харуулна. Манай хоёр компани ТУЗ-ийн гишүүдээрээ дамжуулан аливаа асуудалд нээлттэй оролцож байдаг. Оюутолгойн гэрээг буруу хийгдсэн гэж ярьдаг. Бид дөрвөн гэрээ байгуулсан. Үүнийгээ ч олон нийтэд ил тодоор зарлаж, харуулсан. Ер нь бол менежментийн хувьд Оюутолгой компани 100 хувь хариуцдаг. Харин Монголын талаас тавих хяналт нь нухацтай ярих ёстой гэж үзэж байна” гэж тайлбарлалаа. Оюутолгойн гэрээ ашигтай, ашиггүй гэж ярьдаг ч хамгийн гол нь Монголын талаас тавих хяналтыг сайжруулах, ярилцах хэрэгтэй гэдгийг онцлох гишүүд олон байлаа.