NBA-ийн аварга цолыг хоёронтоо хүртсэн Двейн Вейд Хятадын спортын хувцас, хэрэглэл үйлдвэрлэгч Ли Нин брэндтэй шинэ гэрээ үзэглэсэн байна. Ингэснээр Ли Нин компани “Вейд” нэртэй шинэ загварын пүүз гаргах аж. Өнгөрсөн долоо хоногт “Майами” Хит баг Хятадад аялан тоглолтоор очоод байх үед компанийн удирдлагууд түүнд дээрх саналыг тавьжээ. “Би маш гайхалтай есөн улирлыг NBA-д өнгөрүүллээ. Цаашдаа ч энэ хэвээрээ байна гэдэгт итгэлтэй байгаа. Ли Нин бол Азидаа дээгүүрт орох брэнд. Өөрийн нэрийн пүүзийг гаргах гэж буйдаа баяртай байна. Ирэх улиралд би маш сайн тоглох болно” гэж Двейн Вейд AP агентлагт өгсөн ярилцлагадаа дурьджээ. Тэрээр өөрийн шинэ пүүзийг орон нутгийн цагаар пүрэв гаригийн өглөө “Лос Анжелес Клипперс” багтай бэлтгэлийн тоглолт хийх үеэрээ өмсөх аж. Харин тун удахгүй Хятад улсын зах зээлд худалдаанд гарах бөгөөд АНУ-д 2013 оны нэгдүгээр сараас худалдаанд гарах аж. Дунджаар 120 ам.доллараар зарагдах юм байна.
Б.БОЛОРСҮХ