Дэлхийн банк анхааруулж байна

Хуучирсан мэдээ: 2012.10.10-нд нийтлэгдсэн

Дэлхийн банк анхааруулж байна

Дэлхийн банкнаас Монгол Улсын санхүүгийн байдлын талаарх судалгааг гаргажээ. Ингэхдээ санхүүжилтийн хүртээмж, хөрөнгийн зах зээл, орон сууцны санхүүжилт гэсэн гурван чиглэлээр судалгаа, зөвлөмж гаргасан талаараа өнөөдөр танилцууллаа. Монгол Улс шиг хөгжиж буй орны хувьд эдийн засгийн өсөлтөө цаашид хадгалж, тогтвортой хөгжихөд санхүүгийн байдлаа сайтар тогтоож, түүн дээр үндэслэн арга хэмжээ авах шаардлагатай байгаа гэж Дэлхийн банкнаас онцолж байгаа юм.

Санхүүгийн салбарт гадаадын банк оруулж ирэх нь ашигтай гэв

 
Уул уурхайн төслүүдэд их хэмжээний хөрөнгө оруулалт орж ирж буйн хүчинд Монголын эдийн засаг урт хугацааны их хөгжлийн зам дээр гарч ирээд буй гэдэг. Шинэ уул уурхайн төслүүд, ялангуяа Ази дахь хамгийн том зэсийн орд, дэлхийн хамгийн том коксжсон нүүрсний ордтой Монгол Улсын бодит ДНБ 2013 он хүртэл жилд дунджаар 16 хувиар өсөх бөгөөд энэ нь цаашид улам нэмэгдэх хандлагатай гэж байна. Гэвч тэлэлттэй төсвийн бодлого, дэлхийн зах зээл дэх үнийн тогтворгүй байдал, өсөн нэмэгдэж байгаа капиталын урсгал зэрэг нь Монгол Улсын эдийн засагт бараан толбо үлдээх магадлалтай талаар Дэлхийн банкнаас анхааруулж байна.

Монголд санхүүгийн зуучлал хурдтай өсч буй хэдий боловч санхүүжилтын хүртээмж нь үйлдвэр эрхлэгчдэд, ялангуяа жижиг болон дунд бизнест хязгаарлагдмал хэвээр байна. Энэ хүртээмжийг нэмэгдүүлэхэд хууль эрхзүйн орчин болоод зохион байгуулалтын тогтолцоо, санхүүгийн дэд бүтцийг илүү сайжруулж, зээлдэгчийн эрх болон төлбөрийн чадваргүй болох үед мөрдөх журмыг чангатгах хэрэгтэй тухай зөвлөв. Учир нь, өндөр инфляци болон валютын хэлбэлзлээс үүсэх макро эдийн засгийн тогтворгүй байдалд жижиг, дунд байгууллагууд мэдрэмтгий байдагтай холбоотой байдаг аж.
Харин банкны салбарт гадаадын банкууд орж ирэх нь энэ салбар дахь өрсөлдөөнийг дэмжих, урт хугацааны санхүүжилтыг авчрах давуу талтай юм байна.

Орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр алдагдаж байна

Эдийн засгийн үзүүлэлтэд чухал нөлөөтэй орон сууцны санхүүжилт, эрэлт нийлүүлэлтийн талаар Дэлхийн банкны зүгээс дараах дүр зургийг гаргаж ирж байна. Тухайлбал,

Нэгдүгээрт, орон сууцны эрэлт, нийлүүлэлтийг илүү сайн тэнцвэржүүлэх шаардлагатай байгаа бөгөөд үүний тулд Засгийн газар орон сууцны зээлийн стандарт, хяналт шалгалтыг хянамгай байлгах, орон сууцны инженерийн шугам сүлжээ байгуулах, бүсчилсэн газар хуваарилж өгөх зэрэгт түлхүү анхаарах,

Хоёрдугаарт,
төсвийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа болон төлөвлөгдсөн орон сууцны санхүүжилтийн хөтөлбөрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлж, орон сууцны зээлийн зах дээр үнэлгээний гажуудал үүсэхээс сэргийлж, төлөвлөлтийг оновчтой хийж, ил тод байдал, засаглалын хатуу шаардлага тавихад онцгойлон анхаарах,

Гуравдугаарт, Засгийн газар орон сууцны зээлийн эх үүсвэрийн бүтцийг оновчтой зохион байгуулж, хөрөнгийн захын хууль эрх зүй, зохицуулалтын орчинг, боловсронгуй болгоход анхаарах нь зүйтэй гэв.

Түүнчлэн энэ салбарт 100 мянган айлын орон сууцны хөтөлбөр зайлшгүй хамаатай учраас уг хөтөлбөрийг онцоллоо. Энэ том хэмжээний, төсвийн санхүүжилттэй, орон сууцны хөнгөлөлттэй хөтөлбөрүүдийг сайтар төлөвлөж, орон сууцны санхүүжилтын захад нийтэд нь аль болох бага гажуудал үүсгэхэд анхаарах шаардлагатайг сануулав. Тиймээс Засгийн газраас хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэхдээ амжилтыг тодорхойлогч гол хүчин зүйлс болох засаглал, ил тод байдал, дэд бүтцийн хөгжил, хамрагдах өрхөд тавих шалгуур, нийт захын борлуулалттай харьцуулахад нэг жилийн санхүүжилтын эзлэх хувь зэргийг тусгасан байх нь чухал ажээ.Одоогоор Орон сууцны санхүүжилтийн корпораци (ОССК)-аас зээл хүсэгчдэд тавьж байгаа шалгуур нь арилжааны банкуудынхтай төстэй байгааг Дэлхийн банкныхан олж харсан байна. Үүний үйл ажиллагааны цар хүрээ нь өргөжиж байгаагаас зах зээл дээр гажуудал үүсгэж болзошгүй байна. Цаашилбал, ОССК нь орон сууцны барилга үйлдвэрлэл болон зээлийн санхүүжилтын үйл ажиллагаанд давхар оролцож байгаа нь орон сууцжуулах хөнгөлөлттэй үйл ажиллагааны үндсэн зарчимтай зөрчилдөж буй гэнэ. Тиймээс дараах зөвлөмжийг Дэлхийн банкнаас хүргүүлж байна.

  1. Орон сууцны үнийн индексийг боловсронгуй болгож, орон сууцны зээл олгож байгаа байгууллагад мөрдөгдөж байгаа зохистой харьцааны хяналт шалгалтанд ашиглах.
  2. Зохистой харьцааны мөчлөг сөрсөн арга хэмжээг хэрэгжүүлж, орон сууцны зээл олголтыг орон сууцны нийлүүлэлт, шинэ зээлийн өсөлтийн хурд, чанартай нийцүүлэн урьтач байдлаар тэнцвэржүүлэх. 
  3. Сууц өмчлөгчдийн холбооны хууль эрх зүй, зохицуулалтын орчинг бэхжүүлэх замаар хувийн сууцны санхүүжилт, нийтийн орон сууцны браилга байгууламжийг засаж сайжруулах, нэн ялангуяа 2000 оноос өмнөх барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх зориулалттай зээлийг хөхүүлэн дэмжих.
  4. Захиалагчдад мэдээлэл өгөх журам, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний стандарт, үл хөдлөх хөрөнгийн зуучлалын салбарын хяналт шалгалтыг боловсронгуй болгох. 
  5. Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын үйл ажиллагааны хүчин чадал, үр ашгийг нэмэгдүүлэх. Газар, барилга, барьцааны хөрөнгийн эрхийн бүртгэлийг нэгтгэж, автоматжуулах.
  6. Гэрээний зохицуулалтыг боловсронгуй болгож, барилгын санхүүжилт хийх санхүүгийн хэрэгсэл бий болгох замаар барилга гүйцэтгэгчийн санхүүжилтийн эрсдэлийг бууруулах. 
  7. Эрчим хүч, ус, халаалтын дэд бүтэц байгуулахад анхаарах замаар баригдаж буй нийтийн орон сууцны тоог нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх. 
  8. Дэд бүтэц, барилга үйлдвэрлэл, засаглал, гүйцэтгэлийн ил тод байдал, санхүүжилт, хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй өрхөд тавих шалгуур, мониторинг, үнэлгээ хийх хараат бус бие даасан механизм зэргийг харгалзаж үзэж хөтөлбөрийн бүтэц агуулга, хэрэгжилтийг хангах стратегийг тодорхойлох гэнэ. Энэ бүгдийг богино хугацаанд хийх боломжтой талаарх судалгаа гарчээ.
Банкны салбар давамгайлах нь хөгжлийг барьж чадахгүй гэв

Дэлхийн банкнаас Монголын хөрөнгийн биржийг орчин үеийн болгон хөгжүүлэх, хөрөнгийн зах зээлийн хууль, эрх зүй, зохицуулалт болон дэд бүтцийг буй болгох талаар сүүлийн хоёр жилд зоригтой алхмыг хийж буй гэж онцлов. Гэвч Монголын үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэхдээ жижиг зах зээлийн хувьд тохиолддог уламжлалт бэрхшээлийг авч үзэх шаардлагатай гэнэ. Хөрөнгийн зах зээл дэх одоогийн нөхцөл байдал нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдийн бүрэн төлөөлөл хөрөнгийн зах зээлд нэвтэрч чадахгүй байгааг багагүй бэрхшээл гэдэг. Үүнтэй Дэлхийн банкныхан санал нэгдэж, дотоодын хөрөнгийн хүчтэй зах зээлийн хамгийн чухал бүрэлдэхүүн хэсгийн нэг бол байгууллагын хөрөнгө оруулагчдын өргөн хүрээт бааз суурь бөгөөд зохицуулалтын байгууллагаас ийм бааз суурийг буй болгох стратегийг хүчин чармайлт гарган хэрэгжүүлэх хэрэгтэйг анхааруулав. Монгол Улс дахь банкны салбар давамгайлсан санхүүгийн зах зээл хөгжсөн нь улс орны хөгжлийн дараагийн арван жилийн хөгжлийг дэмжих арга хэрэгсэл болж чадахгүй гэж тэд үзэж байна.

Шинээр хөгжиж буй бусад орнуудтай харьцуулахад Монголын үнэт цаасны зах зээл хэт жижи. Дэлхийн өрсөлдөх чадварын 2010-2011 тайланд суурилсан манай улсын ерөнхий өрсөлдөх чадварын төвшнөөс санхүүгийн зах зээлийн хөгжлийн төвшнөөс хамаагүй доогуур байгаа тухай мэргэжилтнүүд тодорхойлжээ. Тиймээс дэлхийн банкнаас бодлого дорхойлогчдод хандан уг судалгааг боловсруулж, зөвлөмж байдлаар хүргүүлж байгаа юм байна. Ийнхүү Монгол Улсын санхүүгийн байдал төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн тогтолцоонд шилжээд, багагүй саадыг даван туулж, өнөөгийн төвшинд хүрч, хөгжиж буй орнуудын тоонд багтаж буй ч санхүүгийн хувьд эерэг, сөрөг туйлд аль алинд нь буйг дохиоллоо.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж