Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төвд орших хөмсгөө өргөж, цоо ширтэн буй большевикуудын удирдагч В.Лениний хөшөө нэгэн цагт ЗХУ-ын бэлгэдэл байлаа. Харин одоо энэ хөшөөг хэн ч хайхрахаа больж, өнгөө алдсан хүрэл хөшөөний суурийг хуучин номын худалдаачин лангуу болгон ашиглах болжээ. Хажуугаар нь алхалж яваа жинс, саравчтай малгайтай залуус XX зууны түүхэнд хамгийн их нөлөө үзүүлсэн хүний хөшөөг удахгүй буулгаж, дуудлагаар худалдах гэж буйг сонсоо ч үгүй биз ээ.
Зөвлөлтийн сүүлчийн бэлгэ тэмдэг болсон хөшөөг буулгах шийдвэрийг коммунизмыг ганц ч дусал цус урсгалгүй ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн Монголын ардчиллын анхны 13-ын нэг гэгддэг Улаанбаатар хотын захирагч бөгөөд хотын дарга Э.Бат-Үүл гаргасан юм.
"Коммунистууд бол зөвхөн барууны ертөнцөд төдийгүй, өөрийн ард түмний хувьд жинхэнэ гэмт хэрэгтнүүд байсан гэж би боддог. Тиймээс хэлмэгдүүлэлт, хавчлага мөрдлөгийн үеийн энэ хөшөөг буулгах нь зүйтэй гэж бодож байна” хэмээн Э.Бат-Үүл “Ройтерс” агентлагт өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.
Одоогоос 58 жилийн өмнө босгосон уг хөшөөг дуудлага худалдаанд 400,000 төгрөгнөөс эхлэн үнэ хаялцуулах бөгөөд Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүлийн хэлснээр хоёр компани хэдийнэ саналаа ирүүлсэн гэнэ. Хөшөөг худалдаж авах санал ирүүлсэн хоёр компанийн нэг нь Улаанбаатар хотоос зайдуу оршдог жуулчны бааз бөгөөд тэнд Сталины хөшөө байдаг аж. Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүл “Зөвлөлт засгийн үед олон сая хүн өлсгөлөнгөөр хорвоог орхиж, хэлмэгдэж, хавчигдсан ч энэ хүрэл хөшөө ийм олон жил амь бөхтэй байсаар байгаа нь гайхмаар” хэмээн ярьжээ.
Э.Бат-Үүл "Коммунист дэглэмийн хэлмэгдүүлэлт монголчуудыг ч дайрсан. 1930-аад оны үед хэлмэгдүүлэлтээс болж 40 мянган монгол хүн амиа алдсан. Энэ бол хоморголон устгалт” гэжээ. 1924 онд В.И.Ленинийг нас барахад Зөвлөлтийн бүх орнуудад түүний дурсгалд зориулж хэдэн мянган хөшөө босгосон гэдэг. Гэвч 1991 оны Зөвлөлтийн задралаас хойш тэдгээр хөшөөнүүдийн ихэнх нь хог дээр хаягдаж, зарим нь коммунизмыг эргэн сануулж, кафе, шөнийн клубын чимэглэл болж үлдсэн юм. Харин Улаанбаатар хотын төв дэх В.И.Ленинийн хөшөө өдийг хүртэл сүндэрлэж буй нь дийлэнх монголчууд, тэр дундаа настайчууд 1921 оны хувьсгал ялахад гол нөлөө үзүүлсэн Зөвлөлтийн ард түмэнд одоо ч талархаж явдагтай холбоотой аж.
"Хэрэв Оросууд байгаагүй бол, В.И.Ленин бидэнд туслаагүй бол Монгол гэж одоо байхгүй байх байсан. 1921 онд оросууд бидэнд их тусалсан. Дараа нь дэлхийн II дайны өмнө Японы цэргүүд Монгол руу халдан довтлоход ч бас л оросуудын дэмжлэг хэрэгтэй байсан” хэмээн 55 настай Д.Эрдэнэбилэг ярьжээ. Монголыг доргиосон 1991 оноос хойшхи нийгэм, эдийн засгийн өөрчлөлт В.И.Лениний шилэн бунхныг ч хөнтөрч мэдэхээр байв. Монгол Улс байгалийн баялгаас асар их ашиг олох торгон үзүүрээс атгасан бөгөөд олон улсын хөрөнгө оруулагчид тэр баялгаас хувь хүртэхээр хошуурч байна.
Эдийн засаг, улс төрийн эрх чөлөө нь монголчуудад коммунизмын үед хориглож байсан их эзэн Чингис хааныг тахин шүтэх үзлийг сэргээсэн юм.
Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн хэлснээр В.И.Лениний хөшөөний оронд 2008 оны үймээний үеэр амиа алдсан таван залууд дурсгалын хөшөө босгох саналыг зарим хүмүүс гаргасан аж. Харин Э.Бат-Үүл 1941 онд Оросын Омск хотод цаазлуулсан Монгол Улсын Ерөнхий сайд агсан А.Амарын хөшөөг босгох саналтай байгаа юм байна.
“Ерөнхий сайд А.Амар бол амьдралынхаа сүүлчийн хормыг дуустал коммунистуудтай тэмцэхэд амьдрал, амь насаа зориулсан хүн. А.Амар үхэхийнхээ өмнө “Би коммунистууд та нарыг мэднэ ээ. Та нар бидэнд туслаагүй, харин биднийг колоничлох гэж байгаа. Би үүнийг хэзээ ч зөвшөөрөхгүй” гэж хэлсэн байдаг” хэмээн Э.Бат-Үүл ярьсан байна.