Хордлогоос болж хоолоороо “торгуулав”

Хуучирсан мэдээ: 2012.10.10-нд нийтлэгдсэн

Хордлогоос болж хоолоороо “торгуулав”

Хан-Уул дүүргийн 34 дүгээр дунд сургуулийн 201 хүүхэд өнгөрсөн есдүгээр сарын 19-нд ташраараа хордсон. Мэргэжлийн хяналтын байгууллагаас тогтоосноор бол хүүхдүүд цагаан будаа буюу бэрээсэнээс хордсон бололтой. 200 гаруй хүүхдийг хордуулсан “Сант нөмрөг”-ийн ахлах тогооч Д.Түмэндэмбэрэл нь туслах тогоочтойгоо нийлэн хүүхдэд өгөх бэрээсэнийхээ будааны талыг урьд өдөр нь агшааж бэлтгэсэн байсан. Маргааш нь бас нэг хэсэг будаа агшаагаад хольчихож. Бас болоогүй ээ, плитканых нь нэг тал нь халдаг, харин нөгөөх нь “амьгүй” учраас будааны зарим болж, зарим нь түүхийрсэн. Ингээд өмнөх өдөр агшааж бэлтгэсэн хоносон будаа, түүхий будаа тэргүүтнээ холиод бэрээсээ хийснээс нь хүүхдүүд хордсон болж таарч байгаа аж. Хоолны дээж амссан бага ангийн сургалтын менежер Ч.Оюунтүлхүүр “Жаахан түүхий ч юмуу. Ядаж байхад яагаад хүйтэн байгаа юм бол оо. Энэ их хоолыг хаялтай биш” гэж бодоод л өнгөрсөн гэж байгаа юм. Хүүхдүүдэд хоол бэлтгэж өгч байгаа гэхэд арай дэндүү байгаа биз. Уг нь хүүхдүүд суулгаж байна гэсэн мэдээллийн дагуу хяналт тавих үүрэгтэй нийслэлийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан гэнэт “сэрж”, нүсэр шалгалт хийн таван хуудас шахам зөрчил, дутагдал эгнүүлжээ. Шалгалтаар түрээсээр ажиллаж байсан “Сант нөмрөг” гэгч хоолны газарт D үнэлгээ ч авах гавъяатай үйлдэл байгаагүй гэнэ. Бас шалгаж дүгнэсэн нь яамай даа.

Гэхдээ ямар шийтгэл оноосон гээч? Хүнсний тухай хуулинд энэ төрлийн зөрчил гаргасан аж ахуйн нэгжийг 250 мянга хүртэл торгох заалттай юм байна. Тйимээс зориулалтын бус талбайд, шаардлага хангахгүй хүнсний бүтээгдэхүүнээр, хоносон, түүхий хоол бэлтгэж 200 гаруй хүүхдийг хордуулсан “Сант нөмрөг” компанийг 150 мянган төгрөгөөр торгоод өнгөрчээ.

Харин гэтэл эсрэгээр хүүхдүүд хордсоноос хойш бага ангийн бүх сурагчид 15 хоног үдийн хоолоо идэхгүй байхаар “шийтгүүлжээ”. Учир нь сургуулийн удирдлагууд хүүхдүүдэд хоносон хоол өгч асуудал үүсгэсэн “Сант нөмрөг” компанитай “муудаж”, хамтран ажиллах гэрээгээ цуцлаад байгаа гэнэ. Тус сургууль нь “Бамбууш” нарийн боовны үйлдвэр болон “Сант нөмрөг” гэгч хоёр компанитай хамтран бага ангийн 358 хүүхдэд үдийн хоол өгдөг байсан гэнэ. Үдийн хоол ч гэж дээ. Гурван өдрийг бантан, бэрээс, зутан зэргээр аргалж бусад өдөрт нь “Бамбууш”-ын боов, цайтай өгдөг байжээ. Хүүхдүүдийг ийнхүү зутан бантангаар аргалахаас ч өөр аргагүй. Төсвөөс төсөвлөсөн ганцхан хуушуурны үнэд хүрэхгүй буюу 400 төгрөгөөр сурагчдад чанартай, тэжээллэг, аюулгүй хоол бэлтгэж өгнө гэдэг бол ёстой лөөлөө байлгүй.

Ямартай ч НМХГ-аас сайн ажилладаг плиткатай хувийн компанитай яаралтай гэрээ байгуулж хүүхдүүдийг бэрээс, зутантай золгуулахыг үүрэгдээд байгаа гэнэ. 

Д.ЖАРГАЛ 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж