УИХ-ын сонгуулийн дараа төрийн албанд ээлжит томилгооны давалгаа явагддаг нь нууц биш ээ. Энэ байдал нь тогтоод хоёр, гурван ч сонгууль үзэж буй байх. Гэтэл одоо томилгооны даваа эсэргүүцсэн ганц “баатар” гараад ирчихжээ. МАН-ын гишүүн Ц.Нямдорж өнөөдөржин л ордон дотор томилгооны давалгаа гэж байж болшгүй зүйл хэмээн ярьж өнжлөө. Түүний хэлснээр төрийн алба гэдэг ажилдаа туршлагатай, ажлаа мэддэг хүн төрийн албанд орох ёстой. УИХ-ын гишүүний туслах хийж байсан залуу дэд сайд болчихлоо гэх мэтээр л эсэргүүцлийн үг чулуудаж эхэллээ. МАН сонгуульд олонхи болснынхоо дараа ч мөн албан тушаалын томилгоо, халаа сэлгээ, өөрийн хүнээ төрийн албанд шургуулах явдал бишгүй л байсан шиг. Экс сайд маань төрийн албанаас халагдаж байгаа хүмүүсийг өрөвдөж, өөрийгөө шаналгаж, бүр Хууль зүйн яамны хоёр мэргэжилтэнг нь хүртэл ажилгүй үлдээчихлээ хэмээн одоогийн сайдад нь хандан үг чулуудаад авна лээ. Тэр хоёр мэргэжилтэн нь гадаадад магистр хамгаалсан, олон жил гадаадад явж байгаад ирэхээр нь ажилд нь аваагүй юм байх.
Түүний гомдол эхэндээ төрийн албанаас чөлөөлөгдөж байгаа бүх хүний өмнөөс хэлж байгаа бололтой гэж байтал өөрийнх нь хоёр “сайн” ажилтныг халсанд нь Х.Тэмүүжин сайдад гомдлоо тайлж байгаа бололтой.
А.ШАРХҮҮ