Цэл залуухан хуурын чуулга

Хуучирсан мэдээ: 2012.10.10-нд нийтлэгдсэн

Цэл залуухан хуурын чуулга

Хонх дуугарч байна, тоглолт эхлэх нь. Өнгөрсөн удаад “Novel Melody” тоглолтоороо үзэгчдийг дурлуулсан Монгол Улсын Морин хуурын чуулга энэ жил 20 нас хүрч байна. Тэд төрсөн өдрөө гурван өдөр үзэгчидтэйгээ хамт тэмдэглэх гэж байгаа. Тэдний эхний тоглолт нь “Монголын сайхан орон” нэртэйгээр өчигдөр буюу аравдугаар сарын 9-нд Соёлын төв өргөөнөө боллоо.

Тоглолтын өмнө Морин хуурын чуулгын 20 жилийн түүхийг өгүүлсэн баримтат кино гаргасан нь үзэгчдийг бүр ч их догдлуулах шиг. Түүхээс дурдвал, 1992 оны долдугаар сарын 9-ний Монгол Улсын Засгийн газрын 123 дугаар тогтоолоор байгуулагдаж, 1994 оны тавдугаар сарын 25-ны Засгийн газрын 98-р тогтоолоор Улсын филармонийн бүтэц бүрэлдэхүүнд орж байжээ. Мөн хамгийн анхны тоглолтоо 1993 оны дөрөвдүгээр сарын 16-нд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт хийж байсан түүхтэй. Өдгөө тус чуулгад үндэсний уламжлалт морин хуур, ёочин, ятга, их хуур, өрнийн сонгодог төгөлдөр хуур, флейт, дунд хуур, цохивор хөгжмийн зэмсгүүдийг оруулсан, мэргэжлийн дээд боловсролтой 30 гаруй уран бүтээлч ажиллаж байна. Тэд Монголын нэрт хөгжмийн зохиолчдын уламжлалт, сонгодог хөгжим, дэлхийн суут хөгжмийн зохиолчдын сонгодог болон орчин үеийн шинэ урсгал чиглэлийн хөгжмийн бүтээлүүдээр үргэлж урын сангаа баяжуулсаар буй.

“Монголын сайхан орон” нэртэй тоглолтод сэтгэлд хоногшсон сайхан аялгуунууд эгшиглэсэн. Бахархмаар, биширмээр…. Монголын нэрт хөгжмийн зохиолч Э.Чойдогийн “Монголын сайхан орон” хөгжмөөр эхэлсэн тоглолтын хүндэт зочид нь “Сүлд” чуулгын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, Ардын жүжигчин А.Долгор нар байлаа. Г.Ариунбаатар энэ үдэш Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын шинэхэн бүтээл болох “Буйран цэнхэр хөвөөнд” дуугаар үзэгчдэд бэлэг барьсан бол Ардын жүжигчин, дуурийн дуучин А.Долгор “Магнаг цэнхэр” дууг эгшиглүүлсэн. Тоглолтын гол онцлог нь Монголын нэрт хөгжмийн зохиолчдын шилмэл бүтээлүүд эгшиглэснээр үзэгчид морин хуур хөгжмөөрөө, Монголын хөгжмийн зохиолчид, бүтээлээрээ бахархах, омогшиж суусан биз. Цэл залуухан 20 настай хуурын чуулга энэ хугацаанд ихийг бүтээж, дэлхийг гайхуулаад амжжээ. Хэдийнэ гадаадын үзэгчдэд ч танил болсон Морин хуурын чуулга ийнхүү 20 нас хүрлээ, төрсөн өдрийн баяр дуусаагүй ээ. Өнөөдөр 17.00 цагт Соёлын төв өргөөнд “World Music and Morin Khuur” тоглолтоор үргэлжилнэ. Үргэлж тэднийг дэмжиж байдаг үзэгчдэдээ баярласнаа ийнхүү тэд тоглолтоороо илэрхийлж байна. Мөн 20 жилийн хугацаанд хийсэн бүхнээ тэд тайлагнаж байна. Болдог бол өдөр бүр тоглолт хийлгэх юмсан.  
Төрсөн өдрийн мэнд хүргэе Морин хуурын чуулгадаа….

М.ДӨЛГӨӨН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж