Симпозиумыг 2002 онд анх Токио хотноо зохион байгуулснаас хойш Азийн улсуудын том хотод жил бүр хийдэг уламжлал тогтжээ. Тухайлбал Японы Токио, Кобе, Энэтхэг, Сингапур, Тайландын Бангкок, Чанг Май, Бангладешийн Дака, БНХАУ-ын Бээжин, БНСУ-ын Инчён хотод олон орны эрдэмтэн судлаачид том хотуудын өмнө тулгамдсан асуудлуудаар хийсэн судалгаа шинжилгээний ажил, шинжлэх ухаан, технологийн хөгжил, дэвшлийн үр дүнгийн талаар танилцуулж, туршлага солилцжээ. Энэхүү симпозиумд 16 орны 70 гаруй судлаач, эрдэмтэд болон оюутнууд хот байгуулалт, төлөвлөлт, барилгын чанар, гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж буй судалгааны ажлаараа илтгэл тавьж, бүтээл туурвилаа танилцуулж байгаа юм. Эдгээр бүтээл, судалгааны ажил нь Улаанбаатар хотын тулгамдаж буй асуудлуудыг зөв тодорхойлох, оновчтой шийдэл болж чадна гэдэгт нийслэлийн удирдлагууд итгэлтэй байна.
Манай улсын хувьд хүн амын бараг тал нь оршин сууж, ажиллаж, амьдарч байгаа Улаанбаатар хотын аюулгүй байдалд үер ус, газар хөдлөлт, хэт хүйтрэлт зэрэг болзошгүй гамшгаас гадна агаар, ус, хөрсний бохирдол, түүнээс улбаалсан өвчин, замын хөдөлгөөний түгжрэл, осол зөрчил зэрэг олон эрсдэл, бэрхшээлтэй асуудлууд тулгарч байна. Тиймээс олон улсын хотуудын аюулгүй байдлын асуудлаа хэрхэн шийдсэнээс туршлага судлан нийслэлдээ төсөл хэрэгжүүлэх аж. Хүн амын хэт төвлөрөл, зохиомол өсөлтөөс үүдсэн дулаан, цахилгаан, усан хангамжийн хэрэглээний эрэлт, хог хаягдал, цэвэрлэх байгууламж, авто зам, зогсоолын ачаалал зэрэгт дэд бүтцийн хүчин чадал хүрэлцэхгүй болж байна. Газар хөдлөлтийн идэвхжилт нэмэгдэж байгаа нь хуучин барилга, орон сууцны оршин суугчдын сэтгэлийг түгшээх болсон. Иймд Улаанбаатар хотод учирч болзошгүй гамшиг, халдварт өвчний аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, хүрээлэн байгаа орчин, агаар, ус, хөрсний бохирдлыг арилгах, ус, хүнсний нөөц, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, барилга, орон сууцны чанар, бат бэх байдлыг нэмэгдүүлж шинэ стандарт тогтоох зэрэг нь нэн тулгамдсан асуудал, хойшлуулшгүй шийдвэрлэх зорилт болсон гэдгийг хуралд оролцогчид онцолж байлаа.
Симпозиумд дэлхийн олон орон туршлагаа хуваалцаж, цаашид хамтран ажиллах талаар ярилцаж байгаа юм. Энэ үеэр хотын дарга Э.Бат-Үүл “Бид бүх чиглэлээр хамтарч ажиллах санал санаачилгуудыг дэмжиж байгаа. Мэдээж Японы хотууд, эрдэмтэдтэй хамтарч ажиллана. Мөн Герман, тэргүүний технологитой Скандинавын орнуудтай хамтарч ажиллах сонирхолтой байна. Мөн урд, хойд хөрштэйгээ ч олон зүйл дээр нэгдэж байгаа. Ер нь бид нийслэлийнхээ өмнө тулгамдаж буй болзошгүй эрсдэлүүдийг бууруулах, хамгаалахын тулд хамгаалалтын тодорхой тогтолцоог бий болгохоос аргагүй. Тиймээс туршлагатай хотуудаас туршлага хуримтлуулж, хэрэгжүүлэх шаардлагатай байгаа” гэдгийг онцоллоо.