![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2011/11/b8df31e4b43a5b7b/98f90da569ea7086big.jpg)
Хурал эхнээсээ л Төрийн ордны зэргэлдээ баригдаж буй Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн талаарх хэлэлцүүлэг болж хувирав. Гишүүн О.Баасанхүү тус эмнэлгийн төсөвт өртгийн талаар асууж, эмнэлгийн дарга н.Жаргалсайхан таван тэрбум төгрөгийн төсөв тусгагдсаныг дурдсанаар төсвийн гүйцэтгэл хэлэлцэх хурал эмнэлгийн сэдэв рүү халтирлаа.
Асуудал нэлээд гүнзгийрч яваандаа төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг үү, оффисын барилга болгох уу гэсэн улс төрийн агуулга бүхий хэлэлцүүлэг болон өргөжив.
Тухайн үед Хууль зүй, дотоод хэргийн сайд байсан эрхэм гишүүн Ц.Нямдорж асуудал хэлэлцүүлэхээр ирсэн хүчний байгууллагынхны дунд ороод суучихаж. Түүнийхээ учрыг тайлбарлахдаа “Миний асуудал хариуцаж байсан үеийн тайланг хэлэлцүүлж байгаа учраас би хуралдаанд оролцож гүйцэтгэх байгууллагын талд сууж байна” гэлээ. Түүний хэлснээр эмнэлгийн барилгын төсвөөс 1,7 тэрбум төгрөгийг зарцуулаагүй үлдээд байгаа юм байна. Ц.Нямдорж гишүүн “Энэ эмнэлгийн барилгыг баригдахаар түүнд УИХ-ын байгууллагуудаас оруулах юм яригдсан. Уг нь Элчин сайд К.Саираан УИХ-ын гишүүн байхдаа Парламентын ордон байгуулахаар Кувейт улсаас 13 сая ам.доллар олж ирсэн. Ордныг Их тэнгэрт барих тухай яригдаж байсан. Найман жил өнгөрөхөд барьж чадаагүй. 1990 оноос хойш ганц эмнэлэг шиг эмнэлэг барих гэхээр УИХ, Засгийн газар яагаад зууралдаад байгаа юм бэ. Газрыг нь булаалдаад байх юм. УИХ-ын ордон барих гэвэл ордны арын цэцэрлэг байна. Наян хувь нь хэрэггүй ногоо болсон тэр цэцэрлэгийг нурааж барь. Зүүн талд ч газар байна. Би энэ эмнэлгийн газрыг өгөлгүй авч үлдэж чадсан.
Хуучин барилга нь 1933 оны, эвгүй барилга байсан. Тэгээд шинэ эмнэлэг барихаар болсон. Эмнэлгийн барилга учраас агааржуулалтаасаа эхлээд нарийн. Япон явж туршлага судалж зургийг нь гаргасан. Хэрэв Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг байлгахгүй гэвэл ЭМЯ-нд шилжүүлээд төрөх эмнэлэг болгочих. ТЕГ-ын ард цөмийн байгууламж барих гэлээ гэсэн яриа ч гарсан байна лээ. Яагаад эмнэлгийг устгаж оффис болгох гээд байгаа юм бэ. Эмнэлэг 100 гаруй мянган хүнд, түүний дотор төрийн тусгай албаны 30 гаруй мянган хүнд үйлчилнэ” гэж байлаа.
УИХ-ын дарга З.Энхболд энэ үеэр хэлэлцэх асуудалд эмнэлэг байхгүй. Дэгээрээ явъя гэсэн ч Хууль зүйн шинэ сайд Х.Тэмүүжин эмнэлгийн сэдвийг үргэлжлүүлсэн юм. УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Хил хамгаалах алба, ШШГЕГ, цагдаа зэрэг дандаа эрсдэлтэй үүрэг гүйцэтгэдэг албан хаагчдад эмнэлгийн үйлчилгээ чухал. Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг ийм төрлийн албан хаагчдын гуравны хоёрыг, цэргийн госпиталь гуравны нэгийг хүлээн авч үйлчилдэг. Энэ хоёр эмнэлгийг нийлүүлж цогцолбор байгуулбал илүү оновчтой болно. Эдгээр эмнэлэгт дэлхийн стандартын тоног төхөөрөмж суурилуулна. Энэ эмнэлэгт иргэдийн орон зай бас хэрэгтэй. Эмнэлгийн газрыг авч үлдсэнд Ц.Нямдорж гишүүнд талархаж байна. Би ч энэ газрыг өгөхгүй” гээд хүний наймаа, хар тамхи, цахим гэмт хэрэг зэрэг шинэ төрлийн гэмт хэргийг шийдвэрлэх шинэ дэд бүтэц байгуулах, тэдгээрт иргэдийн орон зайг заавал байлгах шаардлагатай гэсэн юм.
Цагдаагийн бороохой, прокурорын дарамт дор иргэд байх газаргүй шүүхийн гадаа чулуу нясалж суудаг цаг өнгөрсөн тул хууль, шүүхийн байгууллагад иргэдийн орон зай заавал хэрэгтэй гэж байлаа. Монгол Улс 23 хорихтой, 7000 хоригдлыг хянах, ял эдлүүлэх зардал, хүний нөөц шаардлагатай. Шүүх гэсэн жижиг байруудыг нэгтгэж Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг дээр цогцолбор байгуулбал ямар вэ гэсэн саналуудыг Хууль зүйн сайд тавилаа.
О.Баасанхүү гишүүн ч энэ эмнэлгээр оролдох нь буруу гээд Ерөнхийлөгчийн өвлийн өргөөн дотор “Эко констракшн” компани 25 давхар барилга барьж байна. Тэгвэл УИХ-ын ордноо Ерөнхийлөгчийн өргөөн дотор, эсвэл Залуу техникчдийн ордны газрыг авч барьж болно. Эмнэлгийг барьж дуусгах хэрэгтэй. Харин барьж дууссаны дараа аудит оруулж шалгаж болно гэсэн санал гаргалаа. Харин УИХ-ын дарга З.Энхболд 2011 оны төсвийн гүйцэтгэл ярьж байхад дэг зөрчиж эмнэлгийн асуудал болгосныг байнгын хорооны дарга Ш.Түвдэндоржид анхааруулаад Төрийн ордны арын цэцэрлэг дээр хэрхэвч ордон барьж болохгүй. Хаана барихаа ярьж байгаа. Орон нутгийн сонгууль дөхөж байхад популист зүйл ярьж цаг барлаа хэмээн Хууль зүйн хуучин, шинэ хоёр сайдыг зэмлэв.
Гишүүн С.Эрдэнэ цэргийн госпиталь, төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг нэгтгэх нь зөв гэдгийг дэмжиж, эмнэлгийн барилгыг нийгэмд тулгамдад байгаа амаржих газрын зориулалтаар ашиглаж болно. Тэрнээс биш оффис хийж таарахгүй гэж байлаа. Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн асуудлаар ажлын хэсэг гаргах саналыг С.Эрдэнэ, З.Баянсэлэнгэ нарын гишүүд гаргасан ч дэмжлэг авсангүй.
Зарим хууль, тогтоолын төслийг буцаах талаар тогтоол гаргахыг 100 хувь дэмжсэнээр хуралдаан өндөрлөлөө.