“Азийн том хотуудын аюулгүй байдлын асуудал”-аар Олон улсын ээлжит симпозиумыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулах саналыг Токиогийн Их сургуулийн эрдэмтдээс тавьсныг Төрийн тэргүүний хувьд талархан дэмжсэн юм.
Хурлын хөтөлбөр, эрдэмтдийн ирүүлсэн илтгэлүүдийг тоймлон авч үзвэл том хотуудын аюулгүй байдлын асуудлаар арга туршлага солилцож, цаашдын чиг хандлагын талаар өргөн цар хүрээтэй хэлэлцүүлэг өрнүүлсэн бүтээлч хурал болохоор байна.
“Монгол Улсын Үндсэн хууль”-аар иргэн нь эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй. Энэ эрхийг төр засгаас хангаж өгөх үүрэгтэйг хуульчлан тогтоож өгсөн байдаг.
Монгол Улсын Ерөнхийлөгч нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлдгийн хувьд “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ыг 2010 онд шинэчлэн боловсруулж УИХ-аар батлуулсан нь манай улсын хүн амын 40 гаруй хувь нь төвлөрч байгаа Улаанбаатар хотын иргэдийн аюулгүй байдлын асуудалд илүү их хамаарах учиртай.
Хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын эмх замбараагүй бодлого, шийдвэрийг таслан зогсоож, албан тушаалтны үзэмжээр биш шинжлэх ухааны үндэслэлтэй мэргэшсэн төлөвлөлтийн үндсэн дээр шийдвэр гаргаж хэрэгжүүлдэг тэр тогтолцоонд шилжихээс Улаанбаатар хотын аюулгүй байдлын асуудлыг эхлэх ёстой. Эмх замбараагүй баригдсан барилга байгууламжийн газар хөдлөлтийг тэсвэрлэх чанар, замын хөдөлгөөний түгжрэл, ногоон байгууламжийн хомсдол, агаарын бохирдол, ундны усны асуудал гээд том хотуудад тохиолддог нийтлэг бэрхшээл манайд ч байна. Эдгээр бэрхшээлийг хэрхэн даван туулж шийдвэрлэж байгаа талаар Азийн орнуудын төлөөлөгчид Та бүхнээс сурч мэдэх зүйл их байгаа.
“Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль”-ийг санаачлан батлуулан хэрэгжүүлж, Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх Үндэсний хороог байгуулан ажиллуулж эхэлсэн нь зохих үр дүнд хүрч байгаа хэдий ч хийх ажил их байна.
Манай улсын эдийн засаг хурдацтай хөгжиж хот, суурин газар өргөжин тэлж, хүн амын төвлөрөл ихээхэн нэмэгдэж буй энэхүү цаг үед зохион байгуулагдаж байгаа “Азийн том хотуудын аюулгүй байдлын асуудал” Олон улсын симпозиумын үйл ажиллагаанд оролцогч эрдэмтэн, мэргэд Та бүхнээс гаргасан санал, санаачилга, зөвлөмж Монгол Улсын болон Азийн томоохон хотуудын хөгжил цэцэглэлт, аюулгүй байдалд үнэтэй хувь нэмэр болно гэдэгт эргэлзэхгүй байна.
Энэхүү Олон улсын симпозиумын үйл ажиллагаанд амжилт хүсье.
МОНГОЛ УЛСЫН ЦАХИАГИЙН
ЕРӨНХИЙЛӨГЧ ЭЛБЭГДОРЖ
2012 оны 10 дугаар сарын 10-ны өдөр