Н.Батцэрэг АНУ-ын Элчин сайдтай уулзав

Хуучирсан мэдээ: 2012.10.10-нд нийтлэгдсэн

Н.Батцэрэг АНУ-ын Элчин сайдтай уулзав

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс ” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд хатагтай Пайпэр Энн Уинд Кэмбэллийг хүлээн авч, уулзлаа. Уулзалтад МҮАН-ын дарга М.Энхсайхан, АНУ-ын элчин сайдын яамны улс төрийн хэлтсийн дарга ноён Брайн Куунз нар байлцлаа.

Уулзалтын эхэнд хатагтай Пайпер Энн Уинд Кэмбэлл өөрийг нь цаг гарган хүлээн авч байгаад эрхэм гишүүн Н.Батцэрэгт талархаж буйгаа илэрхийлээд,  УИХ дахь бүлгийн даргын ажлын талаар  болон Засгийн газраас авч хэрэгжүүлэхээр зорьж байгаа мөрийн хөтөлбөрт Эвслийн мөрийн хөтөлбөрөөс тусгагдсан эсэх, Засгийн газрын бүрэлдэхүүнд байгаа намын хувьд ямар ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа тухай, орон нутгийн сонгуульд хэрхэн оролцох гэж байгаа талаар асууж сонирхсон юм. Мөн тэрбээр Таван Толгой төсөл дээр Пийбоди компанийг харилцан ашигтайгаар ажиллахыг дэмжиж байгаад талархал илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Н.Батцэрэг бүлгийн даргын ажлын онцлогоос танилцуулж, Засгийн газрыг бүрдүүлэгч намын хувьд, Эрчим хүчний яамыг өөрийн намын хүн толгойлж байгаагийн хувьд эрчим хүчний салбарын томоохон шинэчлэлүүд хийхээр зорьж байгаагаа хэллээ. Түүнчлэн Үндсэн хуулинд өөрчлөлт оруулж гүйцэтгэх засаглалын тогтвортой ажиллах нөхцлийг бүрдүүлэх тал дээр анхаарч байгааг дурьдаад, орон нутгийн сонгуульд байгуулсан гэрээний дагуу МАХН болон Засгийн газрыг бүрдүүлж байгаа бусад намуудтай хамтран оролцохоор ажиллаж байгааг танилцуулав.  

Уулзалтын үеэр МҮАН-ын дарга М.Энхсайхан хатагтай Элчин сайдыг Монгол Улсад ажиллахаар томилогдож ирсэнд  баяр хүргээд, энэ удаагийн парламентын сонгууль өмнөх сонгуулиудаас онцлог сонгууль болсныг дурьдлаа. Тэрээр цааш нь хэлэхдээ, 22 жилийн өмнө Монголд ардчиллыг авчирсан Ардчилсан намд энэ удаагийн сонгуулиар хоёр дахь удаагаа засаг байгуулах боломж олдож байгааг онцлоод, дэлхий нийтэд тулгамдаад байгаа санхүү, эдийн засгийн хямралыг манай улс даван туулахад  шинэ Засгийн газарт санхүүгийн дэмжлэгээс гадна энэ хүнд үеэс хэрхэн эрсдэл багатай гарах тал дээр мэргэжлийн хүмүүсийг урьж ажиллуулах боломжийн талаар хөндөж ярилцлаа.

Уулзалтын төгсгөлд хатагтай Пайпэр Энн Уинд Кэмбэлл олон жил тогтсон хоёр орны хоорондын найрсаг харилцааг үргэлжлүүлэн ажиллахаа илэрхийллээ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж