Хуучирсан мэдээ: 2012.10.10-нд нийтлэгдсэн

Супер мэтгэлцээн-3

Б.ОБАМА: ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ВАУЧЕРЫН СИСТЕМ
ЗӨВ СОНГОЛТ БИШ

М.РОМНИ: ЗАЛУУСЫН ТӨЛӨӨ БОЛОХООС ТЭТГЭВРИЙНХЭНД
ЗОРИУЛСАН ЮМ БИШ

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон түүний өрсөлдөгч Митт Ромни нарын хооронд болох халз мэтгэлцээний анхных нь энэ сарын 6-нд Денверийн их сургуулийн танхимд болсон. Уг мэтгэлцээнийг орчуулагч Ш.Энхжаргалын хөрвүүлснээр бүрэн эхээр нь цувралаар хүргэж байна.

-Таныг шатахуун авах бүрт мөнгө олдог ExxonMobil-д хөнгөлөлт хэрэгтэй юу. Яагаад тэдэнд өгдөг татаасыг болиулж болохгүй гэж. Авиа компаниудын татварын хөнгөлөлтийг хасахад болохгүй зүйл байна уу?

Аж ахуйн нэгжийн албан татварын тухайд амбан захирагч Ромни хэлэхдээ төсвийн буруу зарцуулалт, хөнгөлөлт зэргийг ашиглан алдагдлыг нөхнө гэсэн. Гэтэл алийг нь ашиглахаа тэр одоо хүртэл сайн мэдэхгүй л яваа. Би ч түүнтэй адил алхмыг хэрэгжүүлэхийг хүсч байна. Гэхдээ нэр дэвшигч Ромнигоос ялгаатай нь би юу хийхээ сайн мэдэж байгаа. Ажлын байрыг гадагш алдаж буй компаниудад татварын хөнгөлөлт үзүүлэхгүй. Яг одоо та үйлдвэрээ гадаад руу шилжүүлэхдээ татварын хөнгөлөлт авч байж болно. Гэвч иргэдийн олонх нь үүнийг буруу үйлдэл гэдгийг мэднэ.

-Бид миний өрсөлдөгчийн ярьж байгаа шиг тэнцвэртэй арга замыг сонголоо гэж бодоход залуусын боловсролд оруулах хөрөнгө оруулалт, тухайлбал сургалтын төлбөрийг хөнгөвчлөх ажил маань яах болж байна вэ?

 Лас Вегаст надтай уулзсан залуу багш ангидаа 42 хүүхэдтэй гэсэн. Хичээл эхэлсний дараа эхний хоёр долоо хоногт хүүхдүүдийг өөр ангид хуваарилах хүртэл зарим нь шалан дээр сууж хичээлээ хийж байсан. Тэдний хэрэглэж буй сурах бичиг 10 жилийн өмнө хэвлэгдсэн. Энэ бол эдийн засгийг хөгжүүлэх зөв алхам биш ээ. Америк ийм замаар явах ёсгүй. Төсөвт ч бидний сонголт тусгагддаг. Эцэст нь бид зарим чухал шийдвэрийг гаргах хэрэгтэй болоод байна.

Хэрэв санхүүжилт хийгдэхгүй бол бид маш олон зүйлээсээ салах болно.

Амбан захирагч таны ярьж буй татварын хөнгөлөлт хүмүүст тус бус ус болж ирэх болно. Хамгийн гол нь бид таны замаар явбал хөгжилд хүрэхгүй гэдэгт би баттай итгэж байна. As Эмнэлгийн тусламжийн хөтөлбөрийг муж улсын мэдэлд таны ярьж байснаар шилжүүлбэл бид яваандаа Эмнэлгийн Үйлчилгээний Хөтөлбөрөө 30 хувь багасгах хэрэгтэй болно. Цаасан дээр байгаа хэдэн тоог хараад төдийлөн сүртэй зүйл биш юм шиг танд санагдаж болно л доо. Гэхдээ хүүхэд нь тархины саажилтаар өвдөж зөвхөн Эмнэлгийн үйлчилгээний хөтөлбөрт хамрагдах замаар амь зогоож байгаа гэр бүлийн хувь энэ яаж тусах вэ?

Амбан захирагчид маш бүтээлч байдаг. Үүнд эргэлзэх зүйл ердөө ч үгүй. Гэхдээ тэд Эмнэлгийн Үйлчилгээний Хөтөлбөр зэрэг томоохон хөтөлбөрийн 30 хувийн цоорхойг нөхөх хэмжээний бүтээлч байж чадахгүй. Эцэст нь зарим хүн тусламж авч чадахгүйд хүрдэг билээ.

Ромни: Жим бид олон сэдвийг хөндөж ярилаа. Эрүүл мэндийн үйлчилгээний хөтөлбөрөөс сургууль, боловсрол, шатахуун, татварын хөнгөлөлт, гадаад руу үйлдвэрээ шилжүүлж байгаа компаниудын сэдэв рүү шилжихэд хэдхэн минут өгөөч.

Юуны түрүүнд Эрчим хүчний яамнаас нефтийн компаниудад олгодог татварын хөнгөлөлт жилд 2.8 тэрбум доллартай тэнцдэг гэсэн мэдээ гаргасан байна. Одоо…

Обама: Одоо дуусгавал яасан юм бэ?

Ромни: Нэг жилийн дотор та ногоон эрчим хүчний ертөнцөд 90 тэрбум долларын хөнгөлөлт үзүүлжээ. Би ч гэсэн ногоон эрчим хүчинд дуртай. Гэвч энэ чинь шатахуун болон байгалийн хийн салбарын 50 жилд авах төсөвтэй тэнцэж байна шүү дээ. Гэтэл та Exxon and Mobil гээд ярьж байна Үнэн хэрэгтээ энэ 2.8 тэрбум долларын ихэнх нь жижиг компаниуд, өрөмдлөг хийдэг бизнес гэх мэт рүү явж байна.

Гэвч татварын хэмжээ 35 байгааг 25 хувь болгон бууруулснаар тэр 2.8 тэрбумыг ширээн дээр байлгах хэрэг юунд байна вэ? Мэдээж энэ мөнгө ширээн дээр байж л байна. Та татварыг 25 хүртэл бууруулаагүй юм чинь.

Та 50 жилийн хөрөнгө оруулалттай тэнцэх 90 сая долларыг нар, салхины эрчим хүчний Солиндра энд Фискер, Тестер энд Энер зэрэгт зориулсан. Миний нэг найз таныг ялагч, ялагдагчийг тодруулах гэж бус зөвхөн ялагдагчийг гаргах гэж ажиллаж байна хэмээн хэлсэн. Ийм байдлаар явбал Америкийн эрчим хүчний салбарыг аюулгүй байлгах бодлого хэрэгжинэ гэж байхгүй. Хоёр дахь сэдэв бол таны гадаад руу үйлдвэрээ зөөж байна хэмээн ярьсантай холбоотой. Таныг юу яриад байгааг би огт ойлгохгүй байна. Би 25 жил бизнес хийж байна. Надад шинэ нягтлан бодогч хэрэгтэй болсон юм шиг байна.

Лерер: За….

Ромни: Ажлын байрыг гадаад руу нүүлгээд байгаа учраас татварын хөнгөлөлтөд хамаарахгүй гэж ярьж буй ойлгомжгүй байна.

Обама: Харин ч бид өнөөдөр гадагшаа гаргах биш гадаадаас хөрөнгө татах боломжтой. Эцэст нь эрүүл мэндийн үйлчилгээг муж улсууд руу шилжүүлэх тухайд ийм яриа хаанаас гарсныг мэдэхгүй л байна. Гэхдээ үнэн хэрэгтээ бид жил бүр энэ хөтөлбөрийн хүрээнд яг л адил хэмжээний мөнгө хүлээн авдаг. Дээр нь инфляци, нэг хувь гээд үргэжилнэ. Гэтэл энэхүү санааг Томми Томпсон гаргах үед хоёр намаас гаралтай амбан захирагчид бүгд бид үүнийг өөрсдөө хийж чадна шүү дээ хэмээн хэлсэн. Холбооны Засгийн газраас хамаагүй илүү үр дүнтэй аргаар бид муж улсынхаа ядууст тусалж чадна.

Энэ орны хамгийн гайхалтай зүйлсийн нэг нь муж улсууд ардчиллын лаборатори болдогт байдаг. Ямар боловсролын системтэй байх, ямар төрлийн эмнэлгийн үйлчилгээний хөтөлбөртэй байх эсэхийг яагаад Холбооны Засгийн газар муж улсуудад заах ёстой гэж?

Хэрэв муж улсад байна асуудал байвал бид бүгд туслахаар гар сунгана.
 
Амжилтын гол түлхүүр бол Холбооны Засгийн газар бус муж улсууд болон тэдгээрийн гайхалтай ард иргэд дээр тулгуурлах явдал хэмээн би итгэдэг.

Лерер: Бид одоогоор эдийн засгийнхаа сэдвийг үргэлжлүүлж байна. Гэхдээ эдийн засгийн сэдэв дотроо арай өөр хэсэг……..

Обама: Ойлгож байна.

Лерер: За гурав дахь хэсэг рүүгээ орьё. Нийгмийн халамж. Ноён ерөнхийлөгч та энэ хэсгийг эхлэх болно. Танд хоёр минут байна. Нийгмийн даатгалын талаарх та хоёрын бодлогод ямар ялгаа байна вэ?

Обама: Нийгмийн даатгалын талаарх бид хоёрын бодлого нэлээд төстэй хэмээн би харж байна. Нийгмийн даатгалын бүтэц маш сайн байгаа. Рональд Рэйган, Ардчилсан намаас нэр дэвшиж Конгрессын дарга болсон Тип О Нэйлийн үед байсан системийн бага зэрэг өөрчлөгдсөн хувилбар өнөөг хүртэл үйлчилж байна. Үндсэн бүтэц үнэхээр сайн хийгдсэн.

Гэвч нийгмийн даатгал болон Эмнэлгийн үйлчилгээний хөтөлбөрийн ард буй үнэт зүйлийн талаар би хөндөж ярихыг хүсч байна. Эдгээр хүчин зүйлс өнөөгийн төсвийн алдагдалд хүрэх гол хүчин зүйлс болсон юм.

Миний эмээ намайг өсгөхөд эцэг эхэд минь нэлээд тусалсан гэдэг. Өвөө ч адил. Миний өвөө олон жилийн өмнө өөд болсон. Харин эмээ намайг Ерөнхийлөгч болохоос гуравхан хоногийн өмнө нас барсан. Тэр үнэхээр бусдаас хараат бус хүн байсан. Боловсрол багатай ч өөрийнхөө төлөө үнэхээр хөдөлмөрлөж чаддаг нэгэн байсан. Ахлах сургууль төгссөний дараа нэгэн газар бичээчээр ажилд орж хөдөлмөрийн гараагаа эхэлсэн тэрээр хамгийн сүүлд орон нутгийн нэгэн банкны дэд ерөнхийлөгчийн албанд ажилласаар тэтгэвэртээ гарсан. Тэр өөрийн сонгосноор хэзээ ч хүнтэй дахин гэрлээгүй. Түүний ийм бие даасан байдалтай байсны учир бол ердөө л нийгмийн даатгал, ба Эмнэлгийн үйлчилгээний хөтөлбөр байсан юм. Тэр насан туршдаа хөдөлмөрлөж, эдгээр хөтөлбөрт мөнгө оруулж байхдаа амьдрал нь бага ч гэсэн баталгаатай боллоо хэмээн боддог байсан.

Энэхүү үгийн ард бие даасан байдал хэмээх утга нуугдаж байгаа. Насан туршдаа миний эмээтэй адил шаргуу хөдөлмөрлөсөн хэдэн сая хүн бий. Тэд энэ л системд найдан суугаа.

Иймд энэхүү системийг цаашид улам боловсронгуй болгох ёстой. Иймээс миний баримтлах арга барил энэхүү системийг хэрхэн боловсронгуй болгож, урт удаан хугацаанд ашиглах вэ гэдэгт анхаарах болно.Эмнэлгийн үйлчилгээний хөтөлбөрийн хувьд, алдагдлаас гаръя гэж байгаа бол зарим нэг зардлыг хэмнэх ёстой ба ийм тохиолдолд хөрөнгө юунд зарцуулагдаж буйг эргэн харъя л гэж ярьсан.

Эмнэлгийн үйлчилгээний хөтөлбөрийн хүрээнд даатгалын компаниудад хэтрүүлэн төлдөг байсныг хязгаарлаж үүнийхээ ачаар 716 тэрбум доллар хэмнэж чадсан. Тэрхүү хэмнэсэн мөнгөөрөө тэтгэврийн насны иргэдийн эм бэлдмэлийн үнийг дунджаар 600 доллараар хэмнэсэн билээ. Үүнээс гадна өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулснаар эрүүл мэндийн салбарт зарцуулдаг их хэмжээний хөрөнгө оруулалтыг ирээдүйд багасгах боломжийг бий болгосон билээ.

Ромни: Энэ бол 15 долларыг хассаныхаа үр дүнд олсон нэг долларын эргэн ололт. Энэ их сайн зүйл биш гэдгийг тэтгэврийн насныхан мэдэхтэйгээ л байгаа гэж би бодож байна.

Таны татсан тэрхүү  716 тэрбум долларыг би аваад Эмнэлгийн халамжийн үйлчилгээнд оруулмаар байна. Дашрамд хэлэхэд, хэрэв шаардлагатай бол бид эм бэлдмэлийн хөнгөлөлтийн хөтөлбөр оруулж ч болно шүү дээ.

Обамагийн халамжийн бодлогыг санхүүжүүлэхээр эрүүл мэндийн үйлчилгээний хөтөлбөрөөс 716 тэрбум доллар хасна гэдэг бол дэндүү шударга бус хэрэг.

Залуу хүмүүсийн тухайд тэднийг нийгмийн халамжийн системийн гадна орхихгүй гэдгээ амлаж байна.

Лерер: Ноён Ерөнхийлөгч өө?

Обама: Юуны түрүүнд ирээдүй хойч үеийнхэнд нөлөөлнө хэмээн үргэлж ярьдаг энэхүү хөтөлбөрөө амбан захирагч Ромни танилцуулах цаг болсон гэж би үзэж байна.

Таны энэхүү төлөвлөгөөний гол мөн чанар бол та Эрүүл мэндийн халамжийн хөтөлбөрийг ваучерийн тогтолцоонд шилжүүлэхэд оршиж байна.

Лерер: Та тэгээд энэхүү төлөвлөгөөг дэмжихгүй байна уу?
Обама: Үгүй ээ. Яагаад гэдгээ тайлбарлая.
Ромни: Дахин хэлье. Энэ бол ирээдүйн………
Обама: Би ойлгож байна.
Ромни: … залуучуудын тусын тулд болохоос бус одоо тэтгэвэрт гарч буй хүмүүст зориулсан юм бус.
Обама: Хэрэв та одоо 54, 55-тай бол сонсоорой. Энэ таны хувь заяанд нөлөөлнө шүү.
Конгрессын гишүүн, таны хамтран зүтгэгч Райны анх санал болгосноор бид тэтгэврийн насныханд ваучер олгож тэд өөрсдөдөө тохирох эрүүл мэндийн даатгал худалдан авах юм гэсэн.

Гэвч ваучерт эрүүл мэндийн үйлчилгээний инфляци тусгагдахгүй. Харин үүнээс болж тэтгэврийн насны нэг иргэнд жилд зургаан мянган долларын зардал ноогдох төлөвтэй байна.

Шууд хэлэхэд амбан захирагч Ромни дээрх дээр нэмээд Эрүүл мэндийн халамжийн хөтөлбөрийг хамт авч явна гэж байна. Гэсэн ч асуудал гарах л болно. Эрүүл мэндийн даатгалын компаниуд тэтгэврийн настнуудын хэн нь эрүүл, ануухан байна гэдгийг дор нь ялгаад аваад үлдчихнэ. Харин хөгшин, өвчтэй иргэдийг даатгахгүй орхино. Ийнхүү бидний уламжлалт Эрүүл мэндийн халамжийн хөтөлбөр байхгүй болохоор харагдаж байна.

Ингэхээр миний эмээ шиг хөгшчүүл эрүүл мэндийн үйлчилгээ хамгийн хэрэгцээтэй болсон үедээ хувийн даатгалын системийнхнийг царайчлах хэрэг гарна гэсэн үг.

Ийм учраас ваучерын систем зөв сонголт биш юм. Энэ зөвхөн миний бодол биш, өөр хүмүүс ч ийм бодолтой байгаа юм шүү. Америкийн Тэтгэврийн иргэдийн холбооны гишүүд ч ийн бодож байгаа. Эрүүл мэндийн тусламжийн хөтөлбөрөөс хэмнэсэн хөрөнгийг Эрүүл мэндийн тусламжийн итгэлийн сангийн үйл ажиллагааг найман жилээр уртасгасан. Гэтэл үр дүн нь өөрчлөгдсөнгүй. Тэгээд хамгийн гунигтай нь та Обамагийн халамжийн системийг үгүй болгосноор тэтгэврийн насны иргэдийг эм бэлдмэлдээ 600 доллар илүү төлөх нөхцөлд оруулж буй юм. Тэд урьдчилсан сэргийлэх үзлэгт ч мөнгө зарцуулах хэрэгтэй болно.

Тэгэхээр Обамагийн халамжийг үгүй болгосноор хэн хожих вэ гэвэл даатгалын компаниуд. Даатгалын компаниуд хөгшдийг эрүүл бус байлгаснаар хэдэн тэрбум долларын ашиг олох болно. Иймээс энэ арга замыг зүй ёсных хэмээн би үзэхгүй байгаа юм.

Лерер: Бид эрүүл мэндийн тогтолцооны талаар тусгайлан ярих болно. Амбан захирагчаа та ваучерийн системийг дэмжиж байгаа юм уу?

Ромни: Миний дэмжиж буй зүйл өнөөгийн тэтгэврийн насныхан болон удахгүй насандаа суух иргэдийн хувьд ямар ч өөрчлөлт оруулахгүй. Харин ч Ерөнхийлөгч тэрхүү хөтөлбөрөөс 716 тэрбум доллар хэмнэх гээд байгаа юм.

Лерер: Харин ваучерийн тухайд?

Ромни: Энэ бол эхнийх нь

Хоёрдугаарх нь одоогийн залуусын хувь тэд тэтгэврийн насанд хүрэхээрээ одоогийн Эрүүл мэндийн тусламжийн хөтөлбөрт хамрагдах, эсвэл хувийн төлөвлөгөөгөөрөө явах. Энэ бол цэвэр тэдний сонголт.

Эдгээр хүмүүсийн хувьд хамгийн багадаа хоёр сонголт байх бөгөөд тэд сохор зоос ч төлөх шаардлагагүй. Ингэхээр нэмэлт 6000 доллар төлөхгүй болж байгаа биз дээ.

Дашрамд хэлэхэд хэрэв Засгийн газар хувийн салбар шиг үр ашигтай ажиллаж, хувийн сектортэй адил бага шимтгэл авдаг бол иргэд Эрүүл мэндийн тусламжийн хөтөлбөрт ч хамрагдах, эсвэл өөрсдийн төлөвлөгөөгөөр явах хоёр сонголттой байх болно.

Би хувьдаа өөрийн гэсэн төлөвлөлттэй байх болно. Төр засгаас эрүүл мэндийн ямар систем сонгохыг минь заадаг байхыг би хүсэхгүй. Үүний оронд би даатгалын компанитай байхыг хүсч байна. Хэрэв сонгосон компаниуд маань таалагдахгүй бол би сольж л орхино. Хүмүүс ийм л сонголттой байх ёстой шүү дээ.

Эрүүл мэндийн тусламжийн хөтөлбөрийн зардлыг хэмнэхийн тулд өөр юу хийх ёстой вэ хэмээх асуулт гарч ирнэ. Бага орлоготой иргэдийн тэтгэмжийг өндөр байлгаж, өндөр орлоготой иргэдийн авах халамжийн зарим хэсгийг танаж болох юм. Ийм хөтөлбөр он удаан жил хэрэгжих тусмаа сайн. Энэ бол миний төлөвлөгөө.

Энэ санаа зөвхөн Паул Райнаас бус мөн Сенатор Уайден, Билл Клинтоны штабын дарга зэрэг хүмүүс гаргалцсан юм шүү. Ийм санааг хүмүүс өмнө нь ярьдаг л байсан. Тэгвэл эрүүл мэндийн хөтөлбөрөөрөө өрсөлдье л дөө. Иргэд бага зардлаар олон сонголттой байх ёстой. Ингэж чадвал чанар ч сайжирна. Би өрсөлдөөнд итгэдэг.

Обама: Жим би түргэхэн нэг зүйл хэлээдэхье. Олон төрлийн судалгаанаас үзэхэд Эрүүл мэндийн тусламжийн хөтөлбөрт зарж буй захиргааны зардал хувийн компанийнхаас хавьгүй бага байдаг. Ийм ч учраас настай иргэд маань энэхүү хөтөлбөрийн талаар өндөр сэтгэгдэлтэй байдаг байх.

Хувийн даатгалын компаниуд ч ашиг хийхийг хичээдэг. Үүнд буруу юм мэдээж байхгүй. Энэ бол тэдний ажил. Гэтэл захиргааны зардал ихтэй дээрээс нь ашиг нэмэхээр өртөг өндөр болно Хэрэв амбан захирагч Ромнигийн санал болгож байгаагаар хэмнэх гээд үзвэл тэрхүү мөнгийг өөр хаа нэгтэйгээс гаргах хэрэгтэй болно биз дээ.

Харин бид ваучерийн системд шилжвэл настайчууд маань даатгалын компаниудыг царайчлах болно. Аажимдаа Эрүүл Мэндийн Тусламжийн Хөтөлбөр үгүй болвол настайчууд сүйрлийн байдалд орно.

Ийм учраас Америкийн Тэтгэврийн Иргэдийн Холбооны гишүүд таны саналыг Эрүүл Мэндийн Тусламжийн Хөтөлбөрийн хүчийг маш ихээр сулруулна хэмээн үзэж байгаа юм. Иймээс тэд бидний сонгож авсан арга замыг дэмжиж буй юм.

Эцэст нь хэлэхэд бид эрүүл мэндийн зардлыг багасгах хэрэгтэй. Гэхдээ зөвхөн Эрүүл Мэндийн Үйлчилгээний болон Эрүүл Мэндийн Тусламжийн Хөтөлбөр бус…
Лерер: Энэ талаар удахгүй ярих болно.
Обама: Гэхдээ ерөнхийд нь дүгнэвэл……
Лерер: За яахав
Ромни: Энэ их том сэдэв. Бид Зөвхөн Эрүүл мэндийн тусламжийн хөтөлбөрийн талаар нэг хэсэг ярилцвал яасан юм бэ?
Обама: Энэ тусдаа сэдэв юм уу?
Лерер: Тиймээ бид удахгүй энэ сэдвээр ярилцана.
Обама: Уучлаарай.
Лерер: Эдийн засгийн талаарх сэдвийг дуусгахын өмнө….
Ромни: Эрүүл мэндийн асуудал руу дахин орьё. Засгийн газар ашиг хийхгүйгээр эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж чадна хэмээн ерөнхийлөгч хэллээ.
Лерер: За.
Ромни: Хэрэв тийм бол энэ хүмүүсийн худалдан авч чадах хамгийн сайн зүйл байх болно.
Лерер: Амбан захирагч аа та түр хүлээгээрэй.
Ромни: Гэхдээ миний туршлагаар бол хувийн салбар бага зардлаар илүү чанартай үйлчилгээ үзүүлнэ.
Лерер: Тэгэхээр ард иргэд сонголттой болно гэдэг дээр та хоёул санал нийлж байна хэмээн ойлгож болох уу?
Ромни: Тэгэлгүй яахав
Oбама: Би ч тийм бодолтой байна.
Лерер: За тэгвэл эдийн засгийн сэдвээ дүгнээд дараагийн сэдэв рүүгээ орьё. Эдийн засагт тавих дүрэм журмын хэмжээний талаар та хоёр ямар бодолтой байна вэ? Хүнд суртал их байна уу? Илүү олон дүрэм журам гаргах ёстой юу эсвэл багасгах хэрэгтэй юу?

Ромни: Дүрэм журам мэдээж чухал. Дүрэм журам байхгүй бол чөлөөт зах зээл гэж байхгүй. Бизнес эрхлэгчийн хувьд би дүрэм журмыг сахиж, тэр тухай мэдэх хэрэгтэй байсан. Хүмүүс машиныхаа гараашид банк нээж, бусдад зээл олгож болохгүй биз дээ. Дүрэм, журам үйлчилж байж л эдийн засаг хөгжинө. Чөлөөт эдийн засаг бүхэнд дүрэм журам байдаг. Гэвч тэд заримдаа хэт их болдог.
Лерер: Одоо хэтэрчихээд байна гэж та бодож байна уу?
Ромни: Зарим газарт тийм, нөгөө хэсэгт нь үгүй.
Лерер: Жишээлбэл хаана?
Ромни: Ерөнхийлөгч Обамагийн засаг захиргааны үед гаргасан зарим дүрэм журам хэрээс хэтэрсэн. Хэтэрсэн учраас эдийн засагт нөлөөлсөн. Би жишээ хэлье.

Додд Фрэнкийн хууль батлагдлаа. Гэтэл энэ хуульд санамсаргүйгээр эдийн засагт сөргөөр нөлөөлсөн нэлээд хэдэн заалт орсон. Жишээлбэл, энэ хуульд зарим арилжааны банкийг дампуурах ёсгүйд тооцож, Холбооны Засгийн газраас баталгаа гаргаж өгсөн. Энэ Нью-Йоркийн банкуудад өгсөн маш том давуу тал байсан боловч олон жижиг банкуудыг үүдээ барихад хүргэсэн юм. Энэ бол зөвхөн ганц л жишээ. Өөр бас бий. Додд Фрэнкийн хуульд …

Лерер: Та Додд ба Фрэнкийн хуулийг цуцалмаар байгаа юм уу?
Ромни: Би энэхүү хуулийг цуцлаад ахиад шинийг батлахыг хүсч байна. Бүх дүрэм журмыг үгүй болгоно гэж байхгүй л дээ. Зарим хэрэгтэй журмууд байх л ёстой. Бидэнд ил тод байдал …
Лерер: За энд тодорхой..
Ромни: Би ахиад нэг жишээ дурдья л даа.
Лерер: Ерөнхийлөгчийг сонсьё. Та дөнгөж сая амбан захирагчийн Додд Фрэнкийн хуулийн талаар ярьсан зүйлийн талаар юу хэлмээр байна вэ?
Обама: Энэ бол сонгодог жишээ. Эдийн засгийн гүнзгий хямралд орсны гол шалтгаан бол хариуцлагагүй үйл ажиллагаа байсан.

Энэ зөвхөн Уолл Стрийтэд болсон юм биш ээ. Чадвар муутайгаасаа болоод өгөх ёсгүй орон сууцны моргэйжийн зээлийг олноор олгосон. Төлж чадахгүй байж олон хүн хувийн байшин зээлээр авсан. Зээлийн байгууллагууд муу зээлийг нэгдүгээр зэрэглэлийнх гэж үнэлсэн гэх мэт алдаанууд.

Банкууд орлогын хойноос улайран хөөцөлдөж, өөрсдөө ч ойлгохгүй бүтээгдэхүүн зах зээлд гаргаж байлаа. Ийнхүү банкны систем эмзэг болсон юм.

Тэгэхээр бид юу хийсэн бэ? Бид 30-аад оноос эхлээд Уолл Стрийтэд шинэчлэл хийж эхэлсэн. Банкуудын дүрмийн сангийн хэмжээг ихэсгэх хэрэгтэй гэж бодож байлаа. Үүнээс гадна тэдгээр банкуудад олгосон зээлийг нэг ч цент үлдээлгүй бүтнээр нь хүүтэй эргэн төлөлт хийлгүүлсэн.

Амбан захирагч Ромни сая Додд ба Фрэнкийн хуулийг цуцлах тухай ярилаа.

За тэгвэл надад нэг асуулт байна. Уолл Стритэд хэт их дүрэм журам, хяналт байгаагаас асуудал үүсч байгаа талаар хэн нэгэн гомдол гаргасан юм уу? Хэрэв тийм бол амбан захирагч Ромни таны сонголт байх болно. Харин би бол ийм зүйлд итгэдэггүй.

Ромни:
Уучлаарай огт дүрэмж журамгүй байх ёстой гэж би хэлээгүй шүү дээ. Уолл стрийт дүрэм, журамд захирагдах ёстой. Гэвч би таван том банкийг дампуурах ёсгүй ангилалд оруулж улсаас татаас өгч байгааг буруушааж байгаа юм. Энэ Додд Фрэнкийн сул талуудын нэг. Хуулийг боловсруулахдаа сайн нягтлаагүй. Жижиг банкууд сүйрэлд орж байгаа учраас энэхүү заалтыг хүчингүй болгох хэрэгтэй.

Додд ба Фрэнкийн өөр нэг заалтын талаар энд ярья. Шаардлага хангаагүй хүмүүст орон сууцны барьцаат зээл олгож байсан гэж та ярилаа. Энэ үнэн бөгөөд бид эдийн засгийн хямралд орсны шалтгаан энэхүү үйлдэл юм. Додд ба Фрэнк шаардлага хангасан моргэйжийн зээл олгох хэрэгтэйг зааж, шаардлага хангаагүй иргэдэд зээл олговол танд маш өндөр торгууль оноох болно. Гэтэл шаардлага хангасан моргэйж гэж юу вэ гэдгийг тодорхойлж өгөөгүй шүү дээ.

Хоёр жилийн хугацаа өнгөрлөө. Шаардлага хангасан моргэйжийн зээл гэж яг юу хэлээд байгааг бид одоо хүртэл ойлгоогүй л байна. Ингэхээр банкууд зээл, моргэйжийн зээл гаргахдаа дурамжхан болчихлоо. Одоо та моргэйжийн болон бусад төрлийн зээл авах гээд оролдоод үзээрэй. Додд ба Фрэнк байх ёстой дүрэм журмыг нь тогтооход оролцоогүй учраас үл хөдлөх хөрөнгийн зах зээл ганхаад байгаа юм. Дүрэм журам хэт их байгаагийн ганц шалтгаан Додд ба Фрэнк биш ээ. Зарим тохиолдолд тэд тодорхой журам гаргаж чадаагүйд л гол учир байгаа билээ. Зах зээл, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд би хэзээ ч бэрхшээл учруулахгүй. Би үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг сэргээж, ажлын байр бий болгохыг хүсч байна.

Лерер: Миний бодлоор хоёр нэр дэвшигчийн баримтлах зарчимд бас нэг том ялгаа байна. Одоо бүгдээрээ эрүүл мэндийн салбарын талаарх яриандаа буцаж орьё. Энд та хоёрын гол ялгаа тодорхой илэрч байгаа. Шинэ хэсэг эхэллээ. Нэг дэвшигч бүрт хоёр минут ноогдоно. Энэ одоо ноён Ромни та эхэлнэ үү.

Лерер:
Та Эрүүл Мэндийн Хямд Үйлчилгээний Хуулийг цуцлахыг хүсч байна гэж ойлгож болох уу? Хэрэв тийм бол яагаад?

Ромни:
Тиймээ. Тэгж ойлгож болно. Ийм бодолтой болсон нь миний туршлагаас үүдэлтэй юм. Намайг Нью Хэмпшэйрт очихд нэгэн эмэгтэй хүрч ирээд хүү бид хоёр даатгалынхаа хураамжийг төлж чадахгүй байна хэмээн хэлсэн. Висконзинд уулзсан эхнэр нөхөр хоёр даатгал үнэтэй байгаа учраас орхих гэж буй тухайгаа ярьсан.

Мөн жижиг бизнес эрхлэгч олон хүмүүс даатгал үнэтэй байгаа учраас орхих гэж байгаа талаараа санал бодлоо хуваалцсан. Иймээс зардлыг багасгах талаар бодох ёстой биз дээ.

Харамсалтай нь Обамагийн халамжийн системийг харвал уламжлалт даатгалаас 2500 доллараар багасгах ёстой байсан хэмээн Конгрессын Төсвийн хорооноос мэдээлсэн. Гэтэл энэ тоо буурах нь байтугай өссөн үзүүлэлт гарчээ. Энэ үнэтэй байгаа биз дээ.Үнэтэй зүйлс айл өрхөд дарамт учруулдаг. Энэ бол тэрхүү системийг хүсэхгүй байгаа миний эхний шалтгаан.

Хоёр дахь шалтгаан, Эрүүл мэндийн үйлчилгээний хөтөлбөрөөс Ерөнхийлөгч 716 тэрбум долларыг хэмнэхээр байгаа. Гэтэл би тэр мөнгийг нь настай иргэддээ зориулж уг хөтөлбөрт буцаан оруулахыг хүсч байна.

Гуравдугаарт, ард түмний сонголтоор гарч ирээгүй нэгэн зөвлөл тэдэнд юу хийхийг заана гэдэг санаа надад бас таалагдахгүй байгаа юм.

Дөрөвдүгээрт, улс орон даяар жижин бизнесийн талаар судалгаа хийгдсэн байна. Таны ажилтан авах төлөвлөгөөнд Обамагийн халамжийн системийн үзүүлсэн нөлөө юу вэ гэсэн үндсэн санаа уг судалгаанд агуулагдсан юм. Тэдний гуравны хоёр нь уг хөтөлбөр бидэнд хүн нэмж авах ямар ч бололцоо олгохгүй байна хэмээн хариулжээ. Хорин гурван сая хүнийг ажлын байргүй болгож, ажилгүйдлийг нэмэгдүүлж, улс орноо эдийн засгийн хямралд оруулчихаад Ерөнхийлөгч яаж сонгуульд дахин өрсөлдөж чадаж байгааг би гайхаад байна. Гэтэл тэр хүмүүст ажлын байр бий болгохоос илүү ихэнх цаг, хүчээ Обамагийн халамжийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зарсан. Тэр ингэж л ажлын байрыг багасгахад хувь нэмрээ оруулсан хүн дээ.

Эрүүл мэндийн хамгийн сайн үйлчилгээ манай муж улсад байгаа. Муж улсынхаа түвшинд бид өөрсдийн хэрэгцээн дээр тулгуурлан төлөвлөгөө гаргадаг. Ингээд хүмүүстээ тусах өртгийг багасгах тал дээр анхаарал хандуулж эхэлдэг.

Лерер: Ноён Ерөнхийлөгч өө, та энэ талаар юу хэлэх вэ?

Обама: Дөрвөн жилийн өмнө ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөн улс орноо тойрон аялж байхдаа амбан захирагч Ромнигийн ярьж байгаа шиг санаа дэвшүүлж байсан юм. Гэтэл үнэ хэт өсч байгаа талаар жижиг бизнес эрхлэгчид гомдоллож байгааг би нэг их олж хараагүй. Холбооны Засгийн газрын төсвийг алдагдалд оруулаад байгаа зүйл бол ганц энэ ч биш юм. Манай эрүүл мэндийн салбарын нийт талаар ч тэд тэгтлээ санаа зовоогүй. Тэдний санааг зовоож буй зүйл гэвэл тэд өвдөх л юм бол дампуурлаа гэсэн айдас л байсан.

Хэрэв тэд өмнө нь асуудалтай байсан бол эрүүл мэндийн даатгал авч чадахгүйд хүрнэ. Авсан ч гэсэн тэдэнд хязгаарлалт тогтоож өгнө. Тэгэхээр эцэст нь шимтгэлээ төлж байсан ч гэсэн хэн нэгэн үнэхээр өвдөж, эмнэлэгт хэвтлээ гэж бодоход даатгалын компани тогтоож өгсөн лимитээрээ хязгаарлана гэсэн үг юм.

Б.ОБАМА: БҮХ АМЕРИКЧУУДАД БОЛОМЖ НЭЭГДВЭЛ БИД САЙХАН АМЬДАРНА

М.РОМНИ: МӨРӨӨДЛИЙГ НЬ ӨМНӨӨС НЬ БИЕЛҮҮЛДЭГ ЗАСГИЙН ГАЗАР ТӨВТЭЙ АРГА БУРУУ


АНУ-ын
Ерөнхийлөгч Барак Обама болон түүний өрсөлдөгч Бүгд Найрамдах Намаас
нэр дэвшигч Митт Ромни нарын хооронд болох халз мэтгэлцээний анхных нь
энэ сарын 6-нд Денверийн Их сургуулийн танхимд болсон. Уг мэтгэлцээнийг
орчуулагч Ш.Энхжаргалын хөрвүүлснээр бүрэн эхээр нь цувралаар хүргэж
байна.

Иймээс
дэлхийн хамгийн сайн эмчилгээтэйд тооцогддог Клевлэндийн эмнэлэгт
дунджаас доогуур үнээр эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна. Учир нь тэд
маш ухаалаг зүйлсийг хийсэн. Өвчтөн орж ирэнгүүт бүх эмч нар цуглана.
Өвчтөн арван янзын шинжилгээний оронд ганцыг л өгнө. Урьдчилан сэргийлэх
арга хэмжээг өргөнөөр хэрэгжүүлж чихрийн шижин зэрэг өвчний дэгдэлтийг
бууруулах хэрэгтэй. Хэдэн процедуртай байгаагаар нь бус ажлаа хэр хийж
байгаагаар нь үйлчилгээг үнэлдэг болъё.

Яриад байгаа зөвлөл юу хийдэг вэ гэвэл тэргүүн туршлага судлан бидэнд зөвлөмж л хэлдэг.

Обамагийн
халамжийн хөтөлбөр хэрэгжээд эхлэхээр зардал багасч байгааг хүссэн
хүсээгүй харах болно. Сүүлийн хоёр жилийн дотор эрүүл мэндийн шимтгэл
өссөн. Гэхдээ сүүлийн 50 жилд байгаагүйгээр удаан өссөн. Тэгэхээр үр дүн
гарч байна гэсэн үг. Харин даатгалтай иргэд аль хэдийнэ нөхөн төлбөр
аваад эхэлсэн байх ёстой.

Эцэст нь нэг зүйлийг хэлье. Амбан
захирагч Ромни бид өөрчлөх ёстой, би цуцлах гэж буй, өөр зүйлээр солих
ёстой гэх мэт ярьж байгаа боловч юугаар солих тухай ярихгүйгээр зүгээр л
муж улсад нь өгчих хэмээн ярих юм. Гэвч үнэн хэрэгтээ түүний санал
болгож буй зарим арга жишээлбэл, иргэд өөр мужаас ч даатгал худалдаж авч
болно гэж буй ч өмнө нь эрүүл мэндийн асуудалтай байсан хүн эрүүл
мэндийн даатгалтай болно гэдэг баталгаа байхгүй шүү дээ. Обамагийн
халамжийн хөтөлбөрийг цуцалснаар 50 сая хүн эрүүл мэндийн даатгалгүй
үлдэнэ гэсэн тооцоо бий.

Лерер: За тэгвэл амбан захирагч
юу хийх тухай сонсоцгооё. Хэрэв Обамагийн халамжийн хөтөлбөрийг цуцалбал
та юу оронд нь санал болгох вэ?

Ромни:
Үүнийг
тайлбарлахад цаг орно. Нэгдүгээрт, өмнө нь эрүүл мэндийн асуудалтай
байсан хүмүүсийг ч миний төлөвлөгөө орхигдуулаагүй. Хоёрдугаарт, өсвөр
залуу насныхан гэр бүлийнхээ хүрээнд даатгалд хамрагдана. Тэртэй тэргүй
зах зээл дээр ийм бүтээгдхүүн байгаа шүү дээ. Үүнийг зохицуулахын тулд
төр засгийн оролцоо заавал шаардлагатай бус.

Гэвч Ерөнхийлөгч
бид хоёрын санал нийлж байгаа нэгэн зүйлийн тухай буцаж ярья л даа. Энэ
бол айл өрхүүдэд тусч буй дарамтыг багасгахын тулд зардлыг бууруулах
явдал. Гэхдээ Ерөнхийлөгч харин энэ үйл ажиллагаагаа өөрийн томилсон
хүмүүсээр хийлгэх гээд байгаа юм. Харин тэд таныг эмнэлгийн ямар
үйлчилгээ авахыг хэлж өгөх үүрэгтэй.
Миний бодлоор бол Засгийн газар
ямар ч юмны үнийг буулгаж чаддаггүй. Харин чөлөөт хүмүүс, чөлөөт бизнес
эрхлэгчид зардал бууруулах тал дээр Засгийн газраас хавьгүй дээр
ажиллаж чаддаг.

Таны жишээ татсан Клевлэндийн эмнэлэг болон өөр хэд хэдийн тухай би жишээ татан ярьж болно.

Энэ
бол хувийн зах зээл. Энэ бол хувийн салбарынхан хоорондоо өрсөлдөхийн
сацуу байдлыг хэрхэн сайжруулахад суралцаж буй юм. Би бизнес эрхэлж буй
хүмүүс, эмнэлгийн ажилтнуудтай зөвлөлддөг байсан. Би америк хүмүүсийн
бүтээлч, шинэлэг байдлаар бахархсан. Эрүүл мэндийн үйлчилгээний зардлыг
багасгахын тулд бидэнд 15 хүний бүрэлдхүүнтэй зөвлөл хэрэг болохгүй.
Түүний оронд даатгалын төлөвлөгөө боловсруулж, энэ тал дээр амжилт
гаргасан ажилтнуудад урамшуулал олгох хэрэгтэй. Иннермаунтин Эрүүл
мэндийн төв үүнийг гарамгай сайн хийдэг. Мөн Мэйо болон Клевлэндийн
эмнэлэг ч амжилттай ажиллаж буй. Гэвч зөв хариулт бол холбооны Засгийн
газар эрүүл мэндийн үйлчилгээг иргэдийн өмнөөс шийдэж болохгүй юм. Иргэд
болон эмч нарт юу хийхийг нь заана гэдгийг хүлээн зөвшөөрч чадахгүй.

Энэ бол маш буруу арга зам. Хувийн салбар болон хувь хүмүүсийн хүчин чармайлт үргэлж сайн ирээдүй авчирдаг.

Обама: Иргэдэд
ямар эрүүл мэндийн үйлчилгээ авахыг нь хэлж өгдөг хэмээн яриад байгаа
энэхүү зөвлөлийн тухай ярья л даа. Энэ бол хуулиар хориотой зүйл. Гэвч
амбан захирагч Ромнигийн ярьж буй өмнө нь эрүүл мэндийн асуудалтай
байсан хүмүүсийн тухай ярья.

Амбан захирагч аа, таны
төлөвлөгөөний зорилго энэ биш шүү дээ. Таны төлөвлөгөө бол аль хэдийнэ
хэрэгжиж байгаа хуулийг давхардуулж байна. Хэрэв та эрүүл мэндийн
даатгалгүй гурван сар болсон ч таны даатгал үргэлжлэх ба ер хүртэлх
хоногийн хугацаанд даатгал чинь хүчинтэй хэвээр байна.

Энэ
хуульд байгаа шүү дээ. Гэвч энэ өмнө нь өвчтэй байсан хүмүүст төдийлөн
тус болохгүй л болов уу. Ийм учраас амбан захирагч Ромни Массачусетс муж
улсад хэрэгжүүлсэн төлөвлөгөөгөө боловсруулсан юм. Засгийн газар эрүүл
мэндийн асуудлыг булааж авсан юм биш. Энэ бол хувийн даатгалын системийн
өргөжих томоохон үйл явц байсан юм. Даатгагчдаа та нар хүн бүхнийг авах
ёстой шүү гэж хэлснээс ялгаагүй болсон юм.

Одоо бол энэ олон
хэрэглэгчтэй болсон гэсэн үг. Гэвч амбан захирагч Ромнигийн хэлж буйгаар
тэр энэ тогтолцоог өөр зүйлээр солих юм гэнэ. Гэтэл юугаар солих гээд
байгаагаа тайлбарлахгүй л байна. Мөн Массачусетс мужид хэрэгжүүлсэн
төлөвлөгөөгөө яагаад боловсруулсан тухай ч ярьж өгөхгүй байгаа.

Зээл,
хөнгөлөлтийг багасгах замаар татварын цоорхойг нөхнө хэмээн ярьж
байгааг нь надад санагдуулаад байна. Тэр орлогоо ч яахав ийнхүү олж
авдаг юм байж. Нарийн ширийнийг нь бид мэдэхгүй. Тэр мөн Додд Фрэнк,
Уолл Стрийт шинэчлэлийг өөрчилнө хэмээн ярьж байна. Гэвч тэр яаж
өөрчлөхөө ердөө хуваалцахгүйн учрыг би олохгүй байгаа. Мөн Обамагийн
халамжийн хөтөлбөрийг өөрчилж, дотор нь буй бүх сайн зүйлийг
хэрэгжүүлэхийг баталж байгаа.

Ер нь Америкийн иргэд өөрсдөөсөө
асуух хэрэгтэй л дээ. Амбан захирагч Ромни яагаад энэ бүх гайхамшигтай
төлөвлөгөөгөө яаж хэрэгжүүлэх талаар ярихгүй нуугаад байна вэ? Магадгүй
энэ улсын дундаж амьдралтай иргэд хэт их завшчих гээд байгаа юм биш биз?

Үгүй ээ. Шалтгаан нь бид Уолл Стрийтийг шинэчлэх, өмнө нь өвчтэй
байсан хүмүүсийн эрүүл мэндийн асуудлыг шийдэхэд бэрхшээл тулгарч
байсан. Гэвч бид сонголт хийх л шаардлагатай болсон. Гэтэл бидний хийсэн
сонголт Америкийн дундаж амьдралтай иргэдийн л төлөө байсан.

Ромни: Би үүнд хариулт өгөх ёстой.
Лерер: Гэвч бид дараагийн……
Ромни:
Би амбан захирагчийн ажлыг хийхдээ юутай тулгардаг талаараа ярья. Хууль
тогтоох үедээ би нэг хууль санаачилж авчраад би ийм байлгахыг хүсч
байна гэж хэлбэл бүтэх магадлал тун бага. Харин би Рональд Рэйган Тип О
Нил хоёр хамтарч ажилладаг байсан тэр л аргыг хэрэглэдэг. Хэрэв Рэйган
өөрийнхөө хийх гэж буй зүйлийн зарчмыг эхлээд маш сайн тодорхойлдог. Тэр
татварын хэмжээг багасгана гэвэл тэр үндсийг нь өргөжүүлэх гэж буйгаа
ярьдаг. Та үүнтэй адил юм ярилаа.

Энэ бол миний зарчим. Би
дундаж орлоготой иргэдийн нуруун дахь татварын ачааллыг хөнгөлөхийг хүсч
байна. Би харин Конгрессоор зөвшөөрүүлэхийн тулд гишүүдтэй нь хамтарч
ажиллана. Ямар арга замаар хөнгөлөлтийг бууруулж болох вэ? Жишээлбэл нэг
арга зам нь нэг тоо болгох. 25,000, 50,000 гэсэн тоог авч үзье. Энэ
тоог хүртэл ямар ч хөнгөлөлтийг хэн ч хийж болно. Татварын хуулийг
хялбаршуулж, татварыг бууруулж, өсөлт авчрах урамшууллын систем бий
болгох өөр олон арга бий. Та миний төлөвлөгөөг их сайн судалжээ. Мэдээж
миний төлөвлөгөөнд өмнө нь хууч өвчтэй байсан хүмүүс орсон. Харин
Массачусетс муж улсад хэрэгжүүлсэн бидний хөтөлбөр бусдад үлгэр дууриал
болох ёстой хэмээн үзэж байна.

Лерер:
Засгийн газрын
үүрэг хариуцлагын талаар дараагийн сэдэвтээ орцгооё. Ноён Ерөнхийлөгч өө
та энэ талаар түрүүлж ярих болно. Холбооны засгийн газрын үндсэн
үүргийн талаарх та бүхний үзэл бодолд зарчмын ямар ялгаа байна вэ хэмээх
асуултад хоёр минутын турш хариулья.

Обама: Мэдээж ялгаа байлгүй яахав?

Засгийн
газрын эн тэргүүний үүрэг бол ард иргэдээ аюулгүй байлгах. Энэ бол
үндсэн үүрэг нь. Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд энэ миний
үргэлж боддог зүйл байлаа.

Түүнчлэн Холбооны Засгийн газар
иргэддээ боломжийг нээн өгч, боломж өөд авирах шат барьж, Америкийн
иргэд амжилттай явах нөхцөлийг бүрдүүлэх явдал чухал үүрэгт тооцогдоно.

Америкийн
зүрх судас бол чөлөөт үйлдвэрлэлийн систем ба эрх чөлөө билээ. Хэн ч
гараад бизнес хийх, санаагаа хэрэгжүүлж, өөрөө шийдвэр гаргаж болж байна
шүү дээ.

Гэвч Авраам Линкольнийн ойлгож байснаар бид зарим
зүйлсийг зөвхөн хамтдаа байснаар л сайн хийж чадна. Иймээс Иргэний дайны
дундуур Авраам Линкольн гэнэт Тив хоорондын төмөр зам тавих төсөл,
Шинжлэх ухааны академи зэргийг санхүүжүүлье хэмээсэн санал гаргажээ.
Эдгээр гарцаар дамжуулан бид бүх америкчуудад боломжийг нээж өгөх юм.
Бүх америкчуудад боломж нээгдвэл бид бүгд сайхан амьдарна шүү дээ. Энэ
бол хүний эрх чөлөөг хязгаарлах зүйл биш. Харин ч сайжруулж байгаа юм.

Ерөнхийлөгч болохын хувьд би яг л ийм зарчим барихыг хүссэн.

Боловсролын
системд шинэчлэл авчрахыг хүссэн. Муж улсуудад шинэчлэл санаачилвал
мөнгө өгөхөөр амласан. Одоо нийт муж улсуудын 46 нь үнэхээр өөрчлөлт
хийж болдгийг харуулж чадсан билээ. Би 100,000 математик, шинжлэх ухааны
багш нарыг ажилд авья хэмээн ярьж байгаа. Амбан захирагч Ромни бидэнд
дахин багш хэрэггүй гэж үздэг. Харин би тийм бишээ. Энэ бол Холбооны
Засгийн газрын иргэддээ оруулж чадах чухал хөрөнгө оруулалтын нэг.

Бид
бүгдийг шийдэж чадахгүй байж мэдэх ч ямар ч байсан өөрчлөлт авчирна.
Харин үр дүнд нь сайн боловсон хүчин бий болж, ажлын байрны тоо ихэснэ..

Лерер: Амбан захирагч аа, таны хоёр минут. Засгийн газрын үүргийн талаар та ямар бодолтой байна вэ?

Ромни:
Би сайн сургуульд дуртай. Бүх муж улсуудыг жагсааж үзвэл Массачусетсийн
сургуулиуд тэргүүн байрт ордог. Эдгээр сургуулиуд яагаад сайн байна
гэвэл сайн багштай учраас гэж би хариулна.

Би сайн багш нарт
дургүй, багш нарын тоог нэмэх сонирхолгүй гэсэн яриаг ийнхүү няцааж
байна. Муж улс бүр шийдвэрээ өөрсдөө гаргадаг байх ёстой.

Засгийн
газрын үүрэг: Харья л даа. Үндсэн хууль, Тусгаар тогтнолын тунхаглал.
Засгийн газрын үүрэг бол эдгээр бичиг баримт дээрх зарчмуудыг хамгаалж ,
хөгжүүлэх явдал хэмээн би бодож байна.

Хамгийн түрүүнд амь нас,
эрх чөлөө. Бид иргэдийн амь нас эрх чөлөөг хамгаалах үүрэгтэй. Иймээс
батлан хамгаалах салбар амин чухал юм. Би Америкийг цэрэг техникийн
чадавхиа хадгалж чадна гэдэгт итгэдэг.

Хоёрдугаарт, бид олон
төрлийн шашныг хөтөлж эрх чөлөөг баталгаажуулах ёстой. Бид нэг бурхны үр
ач бөгөөд бэрхшээл тулгарсан, насан өндөр болсон нэгэндээ туслах
үүрэгтэй. Бид тэдний төлөө санаа тавьдаг. Бид нээлт, шинэ санаачилгыг
эрж хайсаар байх болно.

Бид мөн иргэдийнхээ сонголт хийх,
мөрөөдлөө биелүүлэх эрхийг нь хүндлэх зарчим барьдаг. Гэтэл одоо юу болж
байна вэ гэхээр Засгийн газар иргэдээс илүү тэдний мөрөөдлийг
биелүүлэхийг өмнөөс нь шийддэг Засгийн газар төвтэй арга барил хэрэглэх
явдал буруу гэж би боддог. Энэ үнэхээр буруу зүйл.

Үүний
нотолгоо гэвэл 23 сая хүн ажилгүй болсон явдал. Зургаан иргэн бүрийн нэг
нь ядуу амьдарч байгаа баримт. Үүний бас нэг баримт гэвэл бид хүнсний
талоноор амьдардаг иргэдийн тоо 32 сая байсныг 47 сая болгож өсгөсөн
явдал. Дахин нэг нотолгоо гэвэл энэ жил сургууль төгсөгчдийн 50 хувь нь
ажилгүй байгаа явдал.

Лерер: За тийм байдаг байж.
Ромни: Сонгож авсан зам маань буруу байна гэдгийг бид нэгэнт ойлгосон. Шинэ зам сонгон авах цаг болсон.
Лерер: За. Асуудлын гүн рүү бага зэрэг оръё. Холбооны Засгийн газар олон нийтийн боловсролыг сайжруулах тал дээр үүрэг хүлээх үү?
Ромни: Муж улс ба орон нутаг боловсролын талаарх эн тэргүүний үүрэг хүлээнэ. Гэвч холбооны Засгийн газар чухал үүрэг хүлээж болно.

 Би
IDEA ба Title I хөтөлбөрт хамрагдаж буй хөгжлийн бэрхшээлтэй, ядуу айл
өрхийн, орлого багатай өрхийн хүүхдүүд хүссэн сургуульдаа сурдаг
байгаасай гэж хүсдэг.

Иймээс Холбооны Засгийн газрын бүх хөрөнгө
шууд муж улсад очиж тэндээсээ сургуульд очихын оронд эцэг эхчүүд болон
хүүхдүүдэд хүссэн сургуулиа сонгох боломж олгодог бол сайн сан.

Лерер: Энэ улсын боловсролын системийг сайжруулахад Холбооны Засгийн газрын үүрэг ямар байх талаар та саналаа хуваалцахгүй юу?

Обама: Өмнө
хэлсэнээр засгийн газар боловсролын системийг сайжруулахад маш чухал
үүрэг гүйцэтгэх ёстой. Хоёр намын гишүүдийн зөвшилцөл дээр үндэслэн
боловсролын системд үндсэн шинэчлэл хийж эхэлсэн нь түрүүчээсээ үр
дүнгээ өгч эхэлж байна.

Лерер:
Боловсрол болон Холбооны Засгийг газрын талаар амбан захирагч Ромнигийн хэлснээс та өөр бодолтой байгаа юу?

Обама:
Энд л төсөв хамгийн их хамаатай. Яагаад гэвэл төсөвт сонголт
тусгагддаг. Нэр дэвшигч Ромни татварыг хөнгөлөх замаар над шиг биш өөр
шигээ хүмүүст таатай байдал үүсгэлээ гэхэд бид боловсролд оруулах
хөрөнгө оруулалтаа багасгахад хүрнэ шүү дээ. Үүнд л гол ялгаа оршиж
байгаа юм.

Түүний хамтран зүтгэгч Конгрессын гишүүн Райн нэр
дэвшигч Ромнигийн ярьж буй олон зарчмыг тусгасан төсвийн талаар
танилцуулсан. Гэхдээ тэнд олон зүйл тодорхой бус байсныг хэлэх хэрэгтэй.
Та боловсролын салбарт оруулах хөрөнгө оруулалтыг 20 хувиар бууруулах
бодлого баримтлахаар ярьж буйгаа ойлгож байгаа эсэхийг би мэдэхгүй.

Мэргэжлийн
боловсролын коллежиудын тухайд орон даяар ихээхэн дэвшил гарч буйг бид
харж байна. Учир нь гэвэл одоо хөдөлмөрийн зах зээл дээр байгаа ажлын
байруудад зориулан бид мэргэжилтнээ бэлдэж байна шүү дээ. Харин нэг зүйл
дээр нэр дэвшигч Ромни бид хоёр санал нийлэх байх. Энэ нь бизнесийн
байгууллагууд мэргэжлийн коллежиудтай хамтарч ажиллах ёстой талаарх
санал.

Лерер:
Амбан захирагч аа та Ерөнхийлөгчтэй санал нийлж байна уу?

Обама: 
Би яриагаа дуусгаадахъя. Тэд хамтарч ажиллаж чадвал сургалтын
хөтөлбөрөө ч хамтдаа боловсруулах болно. Сургуулиа дүүргэчихвэл ажлын
байр бэлэн байна гэдгийг оюутнууд ойлгож сурлагадаа шамдах болно. Ингэж
чадвал маш их өөрчлөлт гарна. Гэхдээ Холбооны Засгийн газрын дэмжлэг
шаардагдах нь дамжиггүй.

Нэг жишээ татъя л даа. Их, дээд
сургуулийн сургалтын төлбөрийг багасгах ажлын хүрээнд дөрөв, эсвэл хоёр
жил сурахаас үл шалтгаалан бүх оюутнуудад зориулан сургалтын төлбөрийн
зээл олгуулах зорилгоор би Ерөнхийлөгчийн хувьд 60 тэрбум ам.долларыг
арилжааны банкуудад олгосон. Энэ тохиолдолд банк ч, зээлдэгчид ч
эрсдэлгүй болж чадсан.

Сургалтын төлбөрийг дамжуулах дундын
зуучлагч буюу арилжааны банкууд яагаад хэрэгтэй вэ гэж бид өөрсдөөсөө
асуусан. Гэтэл энэ л ажлын үр дүнд маш олон оюутан бага хүүтэй зээл авч
хичээл сургалтаа үргэлжлүүлэх бололцоотой болсон юм. Бидний зарчим
юугаараа ялгарч буйг энэхүү жишээ тод харуулж байна.

Лерер: Ноёд оо хугацаа дуусч байна.
Лерер: Нэр дэвшигч Ромни?
Ромни:
Ноён Ерөнхийлөгч өө, та энэ улсын тэргүүний хувьд өөрийн гэсэн нисэх
онгоц, хувийн байшин зэрэг зүйлсийг эдлэх эрхтэй байх. Тэгэхдээ танд
баримтыг өмчлөх эрх байхгүй шүү. Надад боловсролын салбарт оруулах
хөрөнгө оруулалтыг бууруулах ямар ч санаа байхгүй. Надад сургуульд сурах
хүсэлтэй залуусын сургалтын төлбөрийн санхүүжилтийг танах төлөвлөгөө ч
үгүй. Би хөгжлийн төлөө явна. Тэгэхээр энэ салбарт байгааг өөрчлөх ямар ч
хэрэг байхгүй.

Та маш сайхан санаа хэллээ. Та 90 тэрбум
долларыг ногоон ажлын байранд олгосон. Гэтэл би ногоон эрчим хүчийг
дэмжигч шүү дээ. Та тэр мөнгөөрөө хоёр сая багш цалинжуулж чадах байлаа.
Тэгэхээр та аль төслийг илүү дэмжиж байгаа чинь харагдаж байгаа биз
дээ.

Харин ийм бизнес эрхэлдэг хүмүүсийн ихэнх нь хийж буй ажлаа
орхисон. Таны хөрөнгө оруулсан бизнесийн лав л талаас илүү хувь нь
бизнесээ орхисон. Харин зарим нь таны сонгуулийн кампанит ажил оролцоод
явж байна билээ.

Засгийн газар эдийн засгийн тоглогч болох
ёсгүй. Мөн ард иргэдийнхээ өмнөөс эрүүл мэндийн үйлчилгээг нь сонгож өгч
ч болохгүй. Тэртээ тэргүй энэ улсын эрүүл мэндийн тогтолцоо он удаан
жил өөрчлөгдөхгүй байж, цаг хугацааны шалгуурт тэнцсэн юм.

Хувийн
салбарыг хэрхэн үр ашигтай болгох вэ? Сургуулиудын өрсөлдөх чадварыг
хэрхэн нэмэгдүүлэх вэ гэх мэтчилэн асуултуудад хариу хайж, идэвхтэй
ажиллах ёстой.

Бид боловсролд оруулах хөрөнгө оруулалтаа зогсоох
ёсгүй. Би боловсролын салбарыг хэрхэн үр ашигтай болгох вэ хэмээн
боддог. Би зөвхөн яриад зогсдог хүн биш. Би хийдэг. Хэрэв би энэхүү
салбарыг орхигдуулсан бол Массачусетсийн сургууль тэргүүлэх байр эзлэх
үү?

Лерер: За ноёд оо. Бидэнд гурав хүрэхгүй минутын хугацаа
үлдсэн байна. Би та бүхний ярьсныг дүгнэхгүй. Та бүхний яриа хэт
сунжирлаа, эсвэл би үүргээ сайн гүйцэтгэсэн ч гэж хэлэх гээгүй байна.

Обама: Чи сайн байлаа шүү дээ.

Лерер: Баярлалаа.
Гэхдээ бидэнд халз мэтгэлцээнээ дуусгахад гуравхан минут үлдээд байна
Тиймээс би та бүхнээс нэгэн асуулт асууя. Харин цагаасаа илүү гарах
ёсгүй гэдгийг дахин сануулья. Намуудын гацаанаас болж холбооны засгийн
газар хууль тогтоох олон үүргээ зүй ёсоор гүйцэтгэж чадахаа болиод
байна. Та бүхэн хэрвээ олонхийн санал авч чадвал энэ талаар юу хийх вэ?
Ноён Ромни?

Ромни: Жим би энэ талаар хангалттай
туршлагатай гэж өөрийгөө үзэж байна. Яагаад гэвэл одоо манай хууль
тогтоох бүтцийн 87 хувь нь Ардчилсан Намынхан шүү дээ. Тэгэхээр би
тэдэнтэй хэрхэн хэл амаа ололцохоо сонгогдсон анхны өдрөөөсөө бодож
эхэлсэн. Бид хамтдаа татварыг 19 дахин бууруулж чадсан ба манай мужийн
сургуулиуд тэргүүнийд тооцогдох болсон.

Лерер: Гэхдээ Ерөнхийлөгч болчихвол та юу хийх вэ?

Ромни: Хэрэв
би сонгогдвол хоёр намын удирдагчидтай уулзалт хийх ба цаашид ч уулзаж
ярилцаж байх болно. Муж улсын хэмжээнд бид даваа гариг бүр уулзаж
тулгараад буй асуудлуудаа хэрхэн шийдвэрлэх талаар ярилцдаг. Хамтран
ажилласнаараа өөр өөрсдийн зарчмаасаа ухарч байгаа хэрэг биш шүү дээ.
Бид эцсийн эцэст нэг л зорилгын төлөө ажиллаж байгаа.

Одоо
Америкийн өмнө тулгараад буй бэрхшээл гэвэл энэ улсад хүмүүс баталгаатай
амьдарч чадахгүй байгаа явдал. Иймээс ч би энэхүү сонгуульд өрсөлдөж
байна. Хомсдол нүүрлээд дараагийн үе рүү маань дамжиж бид ирээдүй хойч
үедээ өр хүлээлгэж өгөхөд хүрэх нь байна шүү дээ.

Лерер: Ойлгомжтой.
Ромни:
Бүгд Найрамдах болон Ардчилсан намынхан ялгаагүй эх нутагтаа хайртай л
байгаа. Гэтэл тэднийг удирдах жинхэнэ удирдагч хэрэгтэй байна. Би хоёр
намынхныг хамтран ажиллуулах талаар хангалттай туршага хуримтлуулсан. Би
үүнийг хийж чадна.
Лерер: Ноён Ерөнхийлөгч өө.

Обама: Нэр
дэвшигч Ромнигийн эхний өдөр их л завгүй байх бололтой. Тэр Обамагийн
халамжийн бодлогыг цуцлах тухай ярьж байгаа. Гэтэл эхний өдрөө Ардчилсан
Намын даргатай нь уулзаад суучих юм бол энэ асуудал хойшилж таарах нь .

Дундаж
давхаргын айл өрхийн амьдралыг дээшүүлэх, тэдэнд боломж нээж өгөх,
жижиг бизнесийг хөгжүүлэх тал дээр Ардчилсан, Бүгд Найрамдах гэхгүй
хэний ч санааг би дэмжинэ. Ийм ч замаар бид дундаж давхаргын иргэдийн
татварыг гурван триллион доллараар багасгаж чадсан. Би ийм л замаар
худалдааны гурван хэлэлцээрийг хуульчилж Америкийн бүтээгдэхүүнийг
дэлхий дахинд экспортлох гарцыг нээсэн. Иракийн дайн ч мөн ийм л замаар
дуусгавар болсон. Мөн тэрхүү замаар л бид Бин Ладеныг үгүй хийсэн.

Төлөөлөгчдийн
танхимыг Бүгд найрамдахчууд толгойлж байгаа ч гэсэн бид ийм том
дэвшлийг гаргаж чадсан. Жинхэнэ удирдагч хүн би та нартай ярилцаж чадна.
Гэвч төлөвлөгөөгөө гаргаад ир хэмээн хэлээд суудаг хүн биш харин юу
хийхийг тун сайн тодорхойлж чаддаг бие хүн байх ёстой.

Хоёрдугаарт,
зарим тохиолдолд өөрийн ч, бусдын ч намын хүмүүст үгүй гэж хэлж чаддаг
байх ёстой. Үг зөрөх, сөргөлдөх үе гаралгүй яахав? Зарим тохиолдолд
зайлшгүй

Лерер: Ойлголоо

Обама:
Зарим зүйлд
татгалзсан хариу өгдөг байх ёстой. Харин амбан захирагч Ромнигийн
кампанит ажлыг харж байхад намынхаа хэцүү хэсэгт үгүй гэж хэлж
чадмааргүй харагдаж байлаа.

Лерер: За мэтгэлцээнээ хаах
цаг болж байна. Сая бид зоос хаяж хэн нь эхлэх вэ гэдгээ шодсон. Энэ
удаа ч Ерөнхийлөгч танд хаалтын үг эхэлж хэлэх эрхтэй боллоо. Хаалтын үг
хэлэхэд танд хоёр минут байна.

Обама: Жим танд болон
халз мэтгэлцээнд оролцсон амбан захирагч Ромни танд маш их баярлалаа.
Энэ үнэхээр гайхалтай халз мэтгэлцээн боллоо хэмээн би үзэж байна.
Денверийн их сургуулийнханд талархсанаа дахин илэрхийлье.

Дөрвөн
жилийн өмнө бид маш хүнд хямралыг туулж эхэлж байлаа. Ямар ч тохиолдолд
миний Америк орны ирээдүйд итгэх итгэл буурч байгаагүй. Учир нь гэвэл
55 нас хүрсэн мөртлөө сурах шийдвэр гаргасан Хойд Каролинагийн
гайхамшигтай эмэгтэй шиг хүмүүс надад урам зориг өгдөг. Тэр эмэгтэй
охиндоо сурах хүсэл төрүүлэх гэж өөрөө тийм шийдвэр гаргасан ч одоо тэр
сургуульдаа ажилд орсон. Миннесота дахь нэгэн компани ажилчдынхаа цалинг
таслахгүйн тулд захирал, дарга нарынхаа цалинг өгөхгүйгээр шийдсэн
жишээ ч бий. Энэ бол тэдний хямралыг даван туулах төлөвлөгөөний нэгэн
хэсэг.

Детройтын Толедогийн автомашины үйлдвэрийн ажилчид
дэлхийд хамгийн тэргүүлэх чанарын машин үйлдвэрлэж, Америк улсын
ирээдүйг бүтээхэд гар бие оролцож буйдаа цалин авч байгаагаасаа илүү
баярлаж бахархдагаа ярьсан. Хэрэв сонгогдвол миний бие ирэх дөрвөн жилд
боловсролын салбарт оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, эрчим хүчний
шинэ эх үүсвэр бий болгох, жижиг бизнесийг дэмжих, ажлын байрыг гадаад
руу зөөж байгаа компаниудын хөнгөлөлтийг цуцлах зэрэг ажлуудыг хийхийн
тулд хүч чадлаа дайчлан ажиллах болно.

Дөрвөн жилийн өмнө та
бүхэнд би төгс хүн биш би төгс Ерөнхийлөгч ч болж чадахгүй байх хэмээн
хэлж байсныг санаж байгаа байх. Нэр дэвшигч Ромни үүнийг миний хүрч
чадсан цорын ганц амлалт хэмээн бодож байх шиг байна. Гэвч би Америкийн
иргэдийн эрх ашгийн төлөө өдөр болгон тэмцэж, дундаж давхарга, энэхүү
давхарга руу орохоор тэмүүлэх хэдэн мянган иргэдийн төлөө бүхнийг хэмээн
бас амласан юм шүү. Би энэ амлалтаа ч биелүүлсэн. Хэрэв та бүхэн надад
дахин итгэл үзүүлбэл би хоёр дахь удаагийн албандаа мөн л тийм зүтгэлтэй
ажиллахаа амлаж байна.

Лерер: Нэр дэвшигч Ромни таны хоёр минут.
Ромни: Жим танд болон ноён Ерөнхийлөгч танд талархсанаа илэрхийлье.

Энэ
удаагийн сонгууль маш чухал юм. Би Америкийн төлөө санаа зовж байна.
Энэ улсын сүүлийн дөрвөн жил явж ирсэн замналын талаар би санаа зовж
байна. Энэ бол бид хоёр хэмээх хувь хүмүүсээс том зүйл юм. Энэ бол
бидний харьяалагдах намаас ч том зүйл. Энэ бол Америкийн хувьд түүхэн
сонгууль болох гэж байна. Та өөрийнхөө болон үр хүүхдүүддээ ямар
Америкийг сонгохоо одоо шийдэх гэж байна. Энэ орой бид хоёр тэс өөр хоёр
арга замын талаар ярилаа. Энэ сард бидний дунд дахин хоёр удаагийн
Ерөнхийлөгчийн нэг удаагийн дэд Ерөнхийлөгчийн халз мэтгэлцээн болно.
Бид энэ хоёр ялгаатай замын талаар үргэлжлүүлэн ярих нь дамжиггүй. Гэвч
тэрхүү хоёр зам Америк улсын тэс өөр хоёр чиглэлд аваачна гэдгийг мартаж
болохгүй. Та бүхэн баримт харж болно.

Хэрэв одоогийн
Ерөнхийлөгч та дахин сонгогдвол дундаж давхаргын иргэд цөөрч, тэдний
орлого багасч юмны үнэ нэмэгдэнэ. Харин би орлогыг өсгөх болно. Одоо
ажилгүйдэл архагших шинжтэй болж ирлээ. Сүүлийн дөрвөн жилд ажилгүйдлийн
хэмжээ найман хувиас өссөн үү гэхээс буурсангүй. Хэрэв би Ерөнхийлөгч
болвол 12 сая шинэ ажлын байр бий болгох ажлыг дэмжих ба иргэдийн орлого
өсөх болно.Хэрэв Ерөнхийлөгч дахин сонгогдвол Обамагийн халамжийн
хөтөлбөр бүрэн хэрэгжих болно. Өнгөрсөн үеийн даатгалын тогтолцоонд
дассан хүмүүсийн хувьд энэ төлөвлөгөөний хэрэгжилт маш хүндээр тусах
болно. Маш олон хүн даатгалгүй болно. Нэг өрхийн төлөх эрүүл мэндийн
даатгалын шимтгэл 2500 ам.доллараар өсөх болно.

Хэрэв би дахин
сонгогдвол ийм зүйл болохгүй. Би өөрийн муж улсдаа хэрэгжүүлсэн зарчмаа
улсын хэмжээнд хэрэгжүүлэх болно. Тэгээд муж улсууд өөрсдөдөө тохирсон
хөтөлбөрөө сонгон авах бөгөөд хүн бүхнийг даатгалтай болгож эрүүл
мэндийн даатгалын үнийг бууруулахыг хичээх болно. Хэрэв Ерөнхийлөгч
дахин сонгогдвол та бүхэн Эрүүл мэндийн үйлчилгээний хөтөлбөрийн хөрөнгө
оруулалт 716 тэрбумаар буурч, дөрвөн сая хүн энэхүү хөтөлбөрийн давуу
талыг эдэлж чадахаа болино гэсэн үг.
Гэтэл би энэхүү алдагдлыг
нөхөхөөр оролдох болно. Эцэст нь батлан хамгаалах салбар. Хэрэв
Ерөнхийлөгчөөр сонгогдвол та бүхэн батлан хамгаалах төсөв асар их
хэмжээгээр буурахыг олж харах болно. Батлан хамгаалахын сайд энэ жинхэнэ
гамшиг болно хэмээн хэлэхийг би сонссон. Харин миний хувьд батлан
хамгаалах зардлыг огт бууруулахгүй. Би Америкийг хүчтэй хэвээр байлгана.
Би дундаж давхаргыг сэргээнэ.
Баярлалаа Жим
Лерер: Танд ч гэсэн баярлалаа.
Баярлалаа, ноён ерөнхийлөгч өө

Дараагийн
халз мэтгэлцээн 10-р сарын 11-ний Пүрэв гаригт Кентакки муж улсын Сентр
Коллеж дээр болно. Одоо миний бие Жим Лерер Денверийн их сургуулиас та
нартай ярьж байна. Та бүхэнд сайхан амрахыг хүсье.

Зохиогчийн эрх: “ӨДРИЙН ШУУДАН”
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж