Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын тайзнаа өнөөдөр найруулагч С.Баярсайханы “Гоолингоо” дуулалт жүжиг нээлтээ хийх гэж байна. Ард түмний дунд өнөөдрийг хүртэл эгшиглэсээр ирсэн “Гоолингоо” дуунаас сэдэвлэн бүтээсэн уг жүжгийн зохиолыг Төв аймгийн “Монгол туургатан” театрын ерөнхий найруулагч С.Баярсайхан бичиж, найруулан, хөгжмийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Аюуш зохиожээ. Жүжгийн гол дүрүүдэд М.И.Глинкагийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын XXIV уралдааны тэргүүн байрын шагналт, “Сүлд” чуулгын гоцлол дуучин Г.Ариунбаатар, УДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэг, “Улаанбаатар” чуулгын гоцлол дуучин Г.Хонгорзул, Б.Батболд болон чуулгын үндэсний хөгжмийн их найрал, бусад уран бүтээлчид оролцон тоглох юм.
Жүжигт 1930-аад оны хэлмэгдүүлэлтийн үед амьдарч байсан Гоолингоо хэмээх түүхэн бүсгүйн амьдрал, өрнөж буй үйл явдлыг өвөрмөц байдлаар харуулахаар тайз, жүжгийн шийдлийг хийгээд байгаа аж. Найруулагч С.Баярсайхан Монголын дуулалт жүжгийг өөр өнцгөөс толилуулахаар зэхсэн гэсэн. Түүний шинэ шийдлийг харахыг хүсвэл “Улаанбаатар” чуулгын танхимд саатаарай. “Гоолингоо” дуулалт жүжиг аравдугаар сарын 10-14-нд өдөр бүр 19.00 цагт тоглоно. Тасалбарын үнэ 15000, 20000 мянган төгрөг аж.
Г.ДАША