Ану хатны дүрд “Voice” хамтлагийн дуучин Д.Отгонжаргал, Галдан бошгитын дүрд жүжигчин, дуучин М.Мягмар нар тогложээ. Энэхүү уран бүтээл “Мандухай цэцэн хатан”-аас хойш 29 жилийн дараа бүтээгдэж буй түүхэн хатны тухай хоёр дахь кино гэдгээс гадна эмэгтэй зохиолч, эмэгтэй ерөнхий найруулагч, эмэгтэй гол дүртэйгээрээ онцлог. Саяхан осолд орж бурхны оронд одсон хэмээн шуугианы эзэн болсон “Тусгай салаа”-гийн Сүлд буюу жүжигчин Алтанхуяг Галдан бошгитын хүү Сэвдэнбалжирын дүрд тогложээ. Сонирхолтой нь “Тусгай салаа”-д Сүлдийн ээжид тоглосон жүжигчин найруулагч Т.Алтантуяа “Ану хатан”-ы ерөнхий найруулагчаар ажилласан аж.
Жил гаруй хугацаанд үргэлжилж, зураг авалтаа дөрвөн улирал дамнуулан хийж, мэргэжлийн С300 камераар агаараас, усан доогуур зургаа авсан зэрэг олон онцлогтой энэ киноны баг удахгүй албан ёсны трэйлерээ дэлгэх гэж байна.