Чөтгөрийн тоо буюу барилгын зөвшөөрөл

Хуучирсан мэдээ: 2012.10.10-нд нийтлэгдсэн

Чөтгөрийн тоо буюу барилгын зөвшөөрөл

82, 179. Энэ бол чөтгөрийн тоо. Ямар нэгэн шашны зүгээр энэ тоо бий болсонгүй. Зүгээр л Монгол сэтгэлгээнээс болоод энэ хоёр тоо чөтгөрийнх болсон хэрэг. Түүнээс лал, христ, буддын шашинд энэ тооны тухай юу ч байхгүй. Харин юунаас болоод энэ тоо бий болчихов…

Урьд нь нэг компани барилгын зөвшөөрөл авах гэж 82 төрлийн гарын үсэг зурж, 179 хоног хөөцөлддөг байжээ. Энэ тоог хэн нэгэн нь цээжнийхээ бангаар ч хэлсэнгүй. Бодит амьдрал дээр ийм байж. Бараг үүнээс илүү хугацааг ч зарцуулдаг байсныг үгүйсгэхгүй.

Чөтгөрийн тоо, үр дүн

Маш олон хоног хөөцөлдөж, мөн түүнтэй адил хэмжээний хүнээс гарын үсэг цуглуулдаг ч эцсийн дүндээ мөнгө, эрх мэдэлтэй нь асуудлаа хурдан шийдүүлдэг нь барилгын салбар болсоор уджээ. Жирийн хүмүүс барилгын зөвшөөрөл авахын тулд жил гарангийн нүүрийг үздэг байсан гэхэд болно. Байсан ч гэж, одоо ч тийм л байгаа. “Би Засаг дарга болоод гайхсан. Ямар нэгэн асуудал ярьж ирж байгаа хүмүүс гэм хийчихсэн юм шиг үүдэн тушаа л зогсоод гуйгаад байдаг. Уг нь энэ бол байж болохгүй асуудал шүү дээ. Улс, хотыг хөгжүүлэхийн тулд ганц ч болов зүйл хийхийн төлөө ялтан мэт байж хэрхэвч болохгүй” гэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл ярьжээ.

Энэ бол үнэнээс нэг их дэгсдүүлсэн хэрэг биш. Бодоод үзье. Барилгын зөвшөөрөл авахын тулд иргэд маш урт хугацааг туулна. Харин таны халаасанд 10-40 сая төгрөг байвал бодсоноос чинь хурдан ажлыг чинь бүтээгээд өгнө. Энэ мөнгөнд цогц үйлчилгээ орсон байгаа. Мэргэжлийн хяналтын газар шалгалт хийж сүйд болохгүй, зөвшөөрлийн дагуу барих уу, үгүй юу, хэдээс хэдэн давхар байна уу гэдэг нь хамаагүй. Танд зөвшөөрлийг чинь ямар ч асуудалгүй өгдөг байж. Магадгүй төрийн албанд орж байгаа хүмүүсийн дийлэнх нь барилга, газартай холбоотой агентлаг руу хошуураад байдаг нь ч үнэтэй холбоотой байж болох л юм.

Чөтгөрийн тооны аюул

Чөтгөрийн тооны үр дүн бодсоноос ч аюултай. Ямар ч хяналт, шалгалтгүй бодсоноос чинь хурдан бүтээсэн барилгын зөвшөөрлөөр бүтсэн барилгууд эхнээсээ аюул дагуулаа эхлэв. 2005 оноос дөнгөж байгуулагдсан барилгууд эхнээсээ ан, цав гарч даацын хана ч муруй байгааг илрүүлэв. Хаяахан шахуу дээрээс нь барилгын эд хэрэгсэл унаж хүнийг гэмтээдэг байв. Үүний хамгийн том, давтамж нь өндөр жил энэ жил тохиолоо. Нэг сарын хугацаанд 5 хүн барилгын ослоос болж нас баран. 10 гаруй хүн гэмтсэн гэсэн мэдээлэл бий. Гэхдээ энэ бол зөвхөн бидний нүдэнд ил байгаа баримтууд. Далд чухамдаа хэд байгааг бид үл мэдэх.

Чөтгөрийн тооны аюулын хамгийн том жишээ нь “Тэмүүлэнбаатар” компани. Анх 2007 онд 200 ам.метр талбайг хууль ёсных нь дагуу авсан хэдий ч анх авсан газраасаа 423 ам.метр болгоод барилга барьж эхэлсэн байна. Одоо энэ барилга таван шард сүндэрлэн буй. Хамгийн харамсалтай тэнд 61 айл ороод байгаа бөгөөд нийслэлээс гаргасан шийдвэрийн дагуу гэрэл, цахилгаан, дулаангүй сууж байна. Харин тэдний хохирлыг хэрхэн барагдуулах нь тодорхойгүй. “Ямар ч байсан энэ асуудлыг бид шийднэ. Үүний төлөө л ажиллана. Харин хохирлыг хэрхэн барагдуулж, оршин суугчдад халгаагүй шийдвэр гаргахыг бид ярилцаж байж шийднэ” гэж Э.Бат-Үүл ярьсан юм.

Тооны аюул үүгээр дуусахгүй. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд 70 гаруй хүн барилгаас шалтгаалсан ямар нэгэн ослын улмаас хорвоог орхисон гэх албан бус статистик гарчээ. Харин хэдэн хүн бэртэж гэмтсэнийг даанч мэдэхгүй. Манай улс энэ төрлийн судалгааг хийж байгаагүй аж. Одоогийн байлаар хотын хэмжээнд 43 барилга шалгагдаж байгаа бөгөөд 13 барилга стандарт хэтрүүлсэн зөрчилтэй байгаа аж.

Чөтгөрийн тоог арилгаж чадах уу?

Үүнийг арилгах нэг алхмыг бид хэрэгжүүлж эхэлсэн. Барилгын зөвшөөрлийн асуудлыг ганцхан гарын үсгээр, нэг цонхны үйлчилгээгээр шийдэж байгаа бөгөөд 14 хоногийн дотор барилгын зөвшөөрөл эздийнхээ гар дээр очих юм. Гэхдээ олон нийтийн дунд авилгыг бууруулж чадахгүй гэсэн айдас байна. “Зөвшөөрлийг ганцхан хүнээс авдаг, хугацаа нь багаслаа гээд зөвшөөрөл өгдөг хүмүүс нь ойлгогдохгүй бол авилга буурахгүй л болов уу. Нэгэнт аваад сурчихсан хүмүүс авахыгаа л бодно биз дээ” гэж Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны иргэн Л.Дуламжав ярьсан юм. Угтаа ийм бодлыг олон нийт тээж байгаа, ганц энэ хүн ч биш.

Есдүгээр сарын 7-ны өдрөөс Засаг даргын 557 дугаар захирамж гарсан билээ. Уг захирамжаар зөвшөөрөлгүй эхэлсэн барилгын ажлыг тэр дор нь зогсоож, нэгэнт босчихсон барилгын халуун, дулаан, цахилгааныг  таслах тухай дурьдсан байна.

Ийнхүү барилгын асуудлыг цэгцлэх алхамыг эхнээс нь хийж эхэллээ. Гэхдээ үүнийг арай эртнээс хэрэгжүүлсэн бол эмгэнэлт үйл явдал, авилга авах ёс тогтохгүй байсныг үгүйсгэхгүй. Харин нэгэнт хэрэгжиж эхэлсэн захирамжийг дагаж мөрдүүлэх нь чухал асуудлын нэг. Зөвшөөрөлгүй барилгыг нураах, олон нийтийн байгууллагад өгөх жишиг өрнийн орнуудад бий. Энэ талаар ч гэсэн судалж уян хатан бодлого боловсруулвал хэн, хэнд нь хохиролгүй байж болох талтай.

Ямар ч байсан дахин нэгэн чөтгөрийн тоо дахин бүү үүсээсэй.

Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж