Хөшиг нээгдэхээс өмнө

Хуучирсан мэдээ: 2012.10.10-нд нийтлэгдсэн

Хөшиг нээгдэхээс өмнө

Конгрессийн гишүүн байсан хүний эсрэг сенатын гишүүн, католикийн эсрэг католик өрсөлдөх гэж байна. Улаан, цэнхрүүдийн хооронд өрнөх уламжлалт тулааны гол дүрүүд нь энэ удаад Пол Райн, Жое Байден хоёрын дунд өрнөнө. Гэхдээ дэд ерөнхийлөгчийн төлөө. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх эхний мэтгэлцээн бүгд найрамдахчуудын талд шийдэгдсэний дараа тохиож байгаа мэтгэлцээн шинжээч болон жирийн ард иргэдэд маш том хүлээлт үүсгээд байна. Эхний мэтгэлцээнийг бүгд найрамдахчуудад алдсаны дараа ардчилсан намынхан зүгээр суухгүй нь ойлгомжтой. Дээрээс нь хоёр нэр дэвшигчид Америкийн хамгийн шилдэг илтгэгчид мэтгэлцээнийг нь “дасгалжуулж” байгаа. Энэ мэтчилэн мэтгэлцээний өмнөх уур амьсгал тааварлахын аргагүй өрнөж байна. Магадгүй дэд ерөнхийлөгчдийн хооронд өрнөх түүхэнд байгаагүй мэтгэлцээн ч байж болох.

Тэдний талд…

Бүгд найрамдахчуудын үндэсний хүрээлэнгийн тэргүүн Ринс Прибус, уг мэтгэлцээний талаар “Пол Райн бол ухаалаг залуу учраас маш сайн мэтгэлцэнэ. Жое Байдены хувьд үнэхээр уран яруу үгтэй хүн. Сайн илтгэгч учраас тэр юу ярихаа мэдэж байгаа. Энэ хоёр бол тэс ондоо хүмүүс. Тийм учраас мэтгэлцээнийг ингэж чимээд байгаа юм шүү дээ” гэж C-SPAN хөтөлбөрөөр ярьжээ.

Хоёр нэр дэвшигчийн эхний бөгөөд эцсийн мэтгэлцээн маргааш Кентаки хотын Денвэлд байх Төв коллежийн хурлын танхимд өрнөх билээ.

Эхний мэтгэлцээнд ялалт байгуулсан Бүгд найрамдахчууд тактикаа хэрхэн боловсруулах нь одоогоор тодорхойгүй байна. Мэтгэлцээнийг зохион байгуулагчдын зүгээс ч өрнөлийг өмнөх мэтгэлцээнээс өөрөөр зохион байгуулахаар болж буй тухай мэдээлэл АНУ-д өрнөж байгаа билээ. Ардчилсан намынхны тухайд эхний мэтгэлцээний ялагдлаа цайруулах том боломж нь энэ өдөр тохионо. Улс төрийн ажиглагчдын зүгээс Жое Байденыг туршлага заан ялах магадлалтай гэж үзэж байгаа юм. “Одоо бүх хүмүүс Байденыг Ардчилсан намд ялалт авчрах болов уу гэж харж байгаа” гэж  CNN агентлагийн “Цагаан Ордон” дахь тусгай сурвалжлагч Жессика Иеллин ярьжээ.

Өөрсдийнхөө эсрэг…

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр өгсөн нэгэн ярилцлагадаа Пол Райн өрсөлдөгчөө ялах бүрэн бололцоо бий гэдгээ итгэлтэйгээр зарласан юм. “Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх эхний мэтгэлцээнд манай намаас нэр дэвшигч Митт Ромни гайхалтай ялалт байгуулсан. Тэр улс орны өмнө хийх сонголтыг олон нийтэд таниулсан. Ирэх мэтгэлцээнд ч гэсэн би өрсөлдөгчөө ялна гэдэгтээ итгэлтэй байна” гэж өнгөрөгч ням гаригт Милоуки хотын радиод ярьжээ.

Байдены тухайд бүгд найрамдахчуудын дэвшүүлсэн бодлогыг шүүмжилбэл илүү үр дүнтэй гэж экспертүүд дүгнэж байна. Гэхдээ Ардчилсан намын бодлогыг хэт их дөвийлгөж, бусдаас илүү гэж харагдуулж болохгүй гэдгийг олон хүн мэдэж байгаа байх. Ардчилсан намынхан эхний мэтгэлцээнд ялагдсаны дараа сонгуулийн багийнхан мэтгэлцээнд шал өөр тактик баримтлахаар болжээ. Дараагийн өдөр нь ардчилсан намынхан шуурхай хуралдаж, сонгуулийн тактикийн тухай дахин нэг ярилцаж үзсэн байна. Тиймээс ирэх 16-нд болох мэтгэлцээнээс өмнө бүгд найрамдахчуудаас рейтингээрээ илүү гарах зорилт тавьж байгаа ажээ. “Ромнид үйл олон төрлийн тактик байгаа. Юу ярихаа ч тэр мэддэг. Хамгийн гол нь ардчилсан намынхан ийм байхад л илүү гарах ёстой. Үүнд дэд ерөнхийлөгчдийн мэтгэлцээн ч чухал нөлөөтэй” гэж Обамагийн кампанит ажлын ахлах зөвлөх Девид Акселрод ярьжээ.

2008 оны дэд ерөнхийлөгчийн мэтгэлцээнд тэрээр “Бүгд найрамдахчууд бүгдийг сэтгэл хөөрлөөр шийдэх гэдгээ болих хэрэгтэй” гэсэн алдарт ишлэлээ хэлсэн юм. Тэр үед өрсөлдөгчөөсөө хамаагүй илүү байсан түүний тактик асуултыг асуултаар гэхдээ тодорхой хариулж байсанд оршино. Түүний мэтгэлцээнийг одоо АНУ-ын их сургуулийн мэтгэлцээний клубууд жишиг мэтгэлцээн болгон сургалтад ашигладаг билээ.

Байден, Райн хоёр юу асууж болох вэ?

“Байден их дэг журамтай, буурь суурьтай хүн. Тиймээс түүний ярих зүйл нь ч гэсэн тийм байх болов уу гэж бодож байна. Хамгийн гол нь түүний юу ярихаас л бүх зүйл тодорхой болох байх” гэж Пол Райн ярьсан байна. Гэхдээ ажиглагчид түүнийг аль хэдийнэ асуултаа бэлдчихсэн байгаа гэдгийг баталж байгаа юм. 2008 оны дэд ерөнхийлөгчийн мэтгэлцээнийг тэр судалж байгаа гэдгээ твиттер хуудсандаа бичсэнийг АНУ-ын олон арван залуус шейр хийж байсан билээ. Тэгээд ч цахим сүлжээг өмнөх сонгуулиудаас илүү ашиглаж байгаа энэ үед америкын жирийн иргэдээс цуглуулж байгаа асуултууд Бүгд найрамдахчуудад сайнаар тусч болох юм. Тэртээ тэргүй дөрвөн жилийн өмнөхөөсөө дордсон эдийн засгийг бүгд найрамдахчууд зүгээр өнгөрөөхгүй. Митт Ромнигийн ашигласан засаглалыг шүүмжлэх бодлогыг ч Пол Райн ашиглах нь гарцаагүй.

Хоёр нэр дэвшигчтэй холбоотой нэгэн сонирхолтой баримт байгаа нь хоёулаа католик шашинтай явдал. АНУ-ын ерөнхийлөгчийн мэтгэлцээний түүхэнд католик шашинтай нэр дэвшигчид мэтгэлцэж байсан тохиолдол байхгүй. Тиймээс тэд хэрхэн мэтгэлцэхийг урьдаас таах аргагүй юм. Учир нь католик шашинтай хүмүүс консерватив үзэлтэй байдаг ч энэ хоёрын тухай харьцангүй либертари үзэл бодолтой билээ. “Тэдний үзэл бодол намынх нь байв уу, өөрсдийнх нь байв уу гэдгийг хялбархан мэдэх боломжтой. Хэрвээ өөрсдийнх нь шашны үзэл цухалзаад ирвэл мэтгэлцээн бүхэлдээ хямрал болж хувирах нь тодорхой” гэж Охайо мужийн улс төрийн шинжлэх ухааны тэнхимийн профессор Жон Клоп ярьсан юм.

АНУ-ын улс төрийн судалгааны хүрээлэнгээс явуулсан судалгаагаар ирэх мэтгэлцээнд хэн нь ялах боломжтой вэ гэдэг судалгаа явуулжээ. Судалгааны дүнгээр Райн 55 хувьтай, Байден 39 хувьтай байгаа ажээ.

Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж