Өнгөрөгч долоо хоногт “Рио де Жанейро 2016″ олимпийн наадамтай холбоотой хоёр ч чухал сонгууль боллоо. Амралтын өдрүүдэд Рио де Жанейро хотын орон нутгийн сонгууль болсон бөгөөд хотын дарга Эдуардо Паэс 64,6 хувийн саналаар илт давуу тэргүүлж, 2016 он дуустал хотыг удирдахаар болжээ. Тэрбээр Лондоны олимпийн хаалтын ёслолын үеэр олимпийн тугийг ОУОХ-ны Ерөнхийлөгч Жак Роггегоос гардаж авсан юм. Түүний хувьд олимпийн наадмын өмнө хотын дэд бүтэц, цэнгэлдэхүүдтэй холбогдсон олон асуудлыг шийдэх шаардлагатай байгаа билээ.
Мөн өнгөрсөн долоо хоногт Бразилийн үндэсний олимпийн хорооны сонгууль болж өнгөрлөө. Уг сонгуульд ҮОХ-ны Ерөнхийлөгч Карлос Нузман дийлэнх олонхийн санал авч тэргүүлжээ. 70 настай Нузман тав дахь удаагаа улирч буй нь энэ аж. Цагтаа волейболчин байж, 1964 оны олимпод оролцож явсан тэрбээр мэргэжлийн хуульч юм.
www.olympic.mn