Шинэ төмөр зам хаачив?

Хуучирсан мэдээ: 2012.10.10-нд нийтлэгдсэн

Шинэ төмөр зам хаачив?

2010 онд УИХ-аас шинэ төмөр замын бодлого баталснаас хойш ингэхэд төмөр зам урагш ахив уу гэсэн асуултад ихэнх хүн “Үгүй” гэсэн хариултыг өгөх байх. УБТЗ-ийн тавьсан 3,5 км төмөр замыг эс тооцвол.   

Тийм болохоор төмөр замын гайхалтай төсөл, хөтөлбөрүүд хаачсан бэ, ямархуу үе шатандаа явна гэж одоо сураглацгаая. Хамгийн эхэнд Тавантолгойгоос төмөр зам барьж Сайншандтай холбоод Замын-Үүд Эрээний чиглэлээр нүүрсээ экспортлохоор төлөвлөснийг та мэднэ. Энэ төлөвлөгөө биелэхэд хоёр саад тээглээд байгаа гэнэ.

Тавантолгойгоос ирэх зам болон УБТЗ-ын шинэчлэл зэрэг эхлэх ёстой гэдгийг албаных хүмүүс мэдэх бизээ. Сайншанд Эрээний чиглэл буюу төв магистрал бол Монгол-Оросын хамтарсан “УБТЗ” нийгэмлэгийн өмч. Замын-Үүдээс Алтанбулаг хүртэлх хөндлөн магистралыг Орос, Монгол улс 1949 оноос хойш 50:50 хувиар яг тэнцүү эзэмшиж байна. Энэ бол нэг нь хөдлөхгүй бол нөгөөдөх нь ч хөдлөх боломжгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, төмөр замаа шинэчлэх, хос болгох, цахилгаанжуулах зэрэг бидний мөрөөдлийг оросууд зөвшөөрсөн цагт бид ачаа тээврийн хүчин чадлаа нэмэгдүүлж болно гэсэн үг. Ер нь бол 1949 онд баталсан төмөр замын гэрээг өөрчилж бас төмөр замын хүчин чадлыг нь нэмж байж Тавантолгойн нүүрсийг Сайншандаар дамжуулж Замын-Үүдээр Хятад руу гаргаж чадна. Мөн ирээдүйн Сайншандын аж үйлдвэрийн паркаас гарах нэмүү өртөг шингэсэн бүтээгдхүүнүүд бүгдийг нь биш юм гэхэд талыг нь Замын-Үүд Эрээний төмөр замаар дамжуулан Хятадын зах зээлд хүргэнэ. Тэгэхээр хоёр тал нэгдсэн шийдвэрт хүрч байж л УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн өмч буюу Монголын мэдэлд мөн ч юм шиг биш юм шиг энэ төмөр зам ирээдүйд одоогоосоо их үүрэг гүйцэтгэж, илүү ачаалалтай ажиллах болно.

Нөгөө нэг том саад нь Замын-Үүдийн ачаалал. УБТЗ-ын жилд 22 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай. Тавантолгойгоос 50 сая тоннын хүчин чадалтай төмөр зам барьж Сайншандтай холбосон ч Замын-Үүд хүртэлх төмөр зам нь цаанаас нь хичнээн ч тоннын хүчин чадалтай зам барьж холбоод нэмэргүй гэж байгаа аж.

Тэгвэл УБТЗ-ыг одоогийн байгаа замтай зэрэгцүүлэн шинэ төмөр зам барьж болох уу? Яагаад болохгүй гэж, энэ оны нэгдүгээр сард “Улаанбаатар төмөр зам” өөрийн хөрөнгө, хөдөлмөрөөр Замын-Үүдээс урд хөршийн хил хүртэл 3,5 км төмөр замыг 27 хоногт  тавьж, юуг ч хийж  чадахаа харууллаа гэж тэр үеийн ЗТБХБ-ын яамны сайд Х.Баттулга бахархан зарлаж байсныг та бүхэн санаж байгаа байх.

Тавантолгой Сайншандын төмөр замыг “Дорнын төмөр зам” г компани 2,5 жилийн хугацаанд барьж дуусгана. Тэр болтол Сайншанд Замын-Үүд ер нь төвийн хөндлөн магистралд юу өөрчлөгдсөн байх бол? Шинэ Засгийн газар, шинэ “Зам тээврийн яам” болон УБТЗ-ын шинэ дарга Ш.Сэрээнэндорж өөрчлөлт хийж чадах болов уу

Юу ч өөрчлөгдөхгүй бол Сайншандаас цаашаа Сүхбаатарын Хөөт хүрээд Хөөтөөс Бичигтийн боомтоор дамжин Хятад руу төмөр зам гаргах бас нэг арга зам бий. Мөн Хөөт Бичигтийн төмөр замын техник эдийн засгийн үндэслэлийг Дэлхийн банкны “Уул уурхайг дэмжих төсөл” хийж байгаа ба хоёр жилийн дараа бэлэн болно.

Гэхдээ Сайншандаас Хөөт болон Хөөтөөс Дорнодын Чойбалсан хүрээд Орос руу гарах, орох төмөр замын ТЭЗҮ-г одоогоор хийгээгүй байгаа. ТЭЗҮ хийхэд элбэг хоёр жил, төмөр замаа барихад дор хаяж гурван жил шаардлагатай. ТЭЗҮ-тэй болж байж концессийн гэрээгээр барих хөрөнгө оруулагч олох гэх мэт дараагийн асуудлууд шийдэгдэх ёстой.

Энэ мэтчилэн төмөр замыг тойрсон асуудлууд олон байгаа. Гэхдээ төмөр замын асуудал тэр чигтээ ”улаан гэрэл” асаалттай байгаа гэж гутрах эрт байна. “Энержи Ресурс” компани Тавантолгойн Ухаахудагаас Гашуунсухайтын хилийн боомт хүртэл жилд 30 сая тоннын ачаа тээвэрлэх хүчин чадалтай төмөр зам барьж эхэлсэн. 2016 онд ашиглалтад оруулахад тус компани 15 сая гаруй тонн нүүрс экспортод гаргах чадалтай болох бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ч энэ төмөр замаар нүүрсээ бага багаар ч гэсэн гаргаж болох талтай. 

Б.ХАЛИУН
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж