Ерөнхийлөгч бие өвдөөд, түүнтэй адилхан нэг нөхрийг орлон тоглуулдаг
нэг кинон дээр дүрдээ итгэсэн орлон тоглогч санхүүч найзаа авчран
төсвийн төслийг үзүүлтэл “Ийм тооцоо хийсэн бол аль хэдийнэ ажлаасаа
халагдах байсан” гэж халагладаг. Ингээд хоёр найз хэрэгтэй байгаа
санхүүжилтийг олж, Засгийн газрынхан нь өмнөөс нь юу ч хэлж чадахгүй
байдалд ордог юм биз дээ.
Хэтэрхий утопи ч гэмээр уран сайхны
киноны үйл явдлыг УИХ-аар хэлэлцдэг төсөвтэй “ойртуулж” бодох юм бол
нүгэл болно биз. Гэвч хэтэрхий их улстөрждөг Монголчуудын хувьд төсвийн
төслийг алдаагүй хянаж харж байхад илүүдэх зүйл үгүй. Популист амлалтдаа
хөтлөгдөөд гуйгаагүй байхад 805 тэрбум төгрөг салхинд хийсгэчихсэн,
ямаа хүртэл хөөрхөн харагдаад таван мянган төгрөгний хишиг хүртээж
байсан хангалттай олон жишээ бий. Түүнээс гадна зураг төсөл нь гүйцэт
гараагүй барилгад хөрөнгө оруулалт батласан мөртлөө дээвэр нь цоороод
дусаал гоожоод байгаа сургуулийн дээврийн засварт ширхэг төгрөг ч
төсөвлөдөггүй гэхчилэн шүүмжлэл, гомдол хангалттай олон бий. Энэ мэтийг
эс онцгойллоо гэхэд төсөв хэр оновчтой тодорхой байхаас бидний улс орны
амьдрал хамаарах нь туйлын үнэн. Тийм ч учраас заримдаа эргүү
мулгуугаараа хүртэл дуудагдаж л байдаг л парламентын хамгийн чухал
үүргүүдийн нэг нь төсвийг батлах, түүнийгээ хянан зохицуулах. Тийм ч
учраас жилийн жилд УИХ-аар төсөв батлах гэж мундахгүй их ажил өрнөдөг,
УИХ-ын эрхэм гишүүдийн идэвх ч сэргэдэг, тойрог руугаа хэдэн төгрөг ч
болтугай татах гэнэ шүү дээ. Гэхдээ эрхэм гишүүдийн хамгийн гол зорилго
бол үнэндээ тойрог руугаа мөн татах бус улсын төсөв хэмээх их санг
хамгийн оновчтой бөгөөд тогтвортой байлгах. Тийм ч учраас мөнгө олж
ирэхийн хэрээр үрэлгэн цацах бус, ажил хийж байгаа хүмүүс болж баахан
дутуу түүхий хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт төлөвлөх бус тухайн
төсвийн дүн нуруутай, хамгийн гол нь хяналттай ил тод байлгах нь чухал.
Төсвийн ил тод байдал гэж олонтаа ярьдаг, харамсалтай нь төсөв гэдэг
санхүүч, эдийг засагчид, УИХ-ын гишүүд хэмээх том хүмүүсийн мэдэж
хэлэлцдэг зүйл мэт ойлгох, ялангуяа өөрсдөө татвараа төлж төсвийг тэжээж
байгаа жирийн иргэд бол бүр ч ойлгож хүртэхэд бэрх хол зүйл мэт
төсөөлөх нь бий. Ямар сайндаа л УИХ-ын гишүүн нь хүртэл баахан тоо яриад
байхаар нь сайн ойлгоогүй шт дээ гэж манаргаж явсан тохиолдол ч бий.
Магадгүй жирийн иргэдийн хувьд төсвийн хэлэлцүүлэг, төсвийн бүтцийн
талаар тэр бүр мэдээлэл байдаггүй нь ч ийн алсрахад хүргэдэг ч байж
болох юм, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч байгаа хэсэг бусаг
мэдээллүүдээс алдаг оног шүүмж хэлэхийг эс тооцвол. Угтаа бол энэ бидний
таны мөнгө, тэр тусмаа өөрсдөө сонгож томилсон гишүүд нь төсвөө хэрхэн
томьёолж баталж байгаа, түүнийг хэрэгжүүлэх ёстой Засгийн газар ямар
гүйцэтгэлтэй байгааг иргэд, олон нийт хамгийн сайн харж хямгадаж байх
ёстой хэрэг. Гэхдээ өнөөдрийг хүртэл дээр хэлсэнчлэн төсөв гэдэг жирийн
иргэдийн хувьд ойлголт, мэдээлэл бага, хязгаарлагдсан бүс хэвээр байгаа
нь үнэн. Тийм ч учраас шинэчлэлийн Засгийн газар, “Монгол масс медиа”
групп NEWS агентлаг NEWS.MN сайт, EАGLE NEWS” телевиз, “NEWS” продакшн
төсвийн нээлттэй ил тод байдлыг ханган бүх мэдээ мэдээллийг дамжуулан,
төсвийг батлах хүртэл олон нийтийн дунд шүүмж хэлэлцүүлэг өрнүүлэхээр
болсныг олон нийт талархан хүлээж авч байгаа хэмээн найдаж байна.
Төсвийг бүрдүүлэгч олон нийт та бүхэн ч энэ хэлэлцүүлэгт идэвхтэй
оролцоно буй за.
Жил бүрийн төсвийг тухайн жилийн
арванхоёрдугаар сарын 1 гэхэд УИХ-аар дөрвөн хэлэлцүүлэг дамжуулан
батлах ёстой. Хуульд хатуу заасан энэ хугацаанд төсвөө баталж амжихгүй
бол УИХ тарах ч хатуу заалттай. Монголын шинэ парламентын түүхэнд төсвөө
хуулийн хугацаанаас хэтрүүлж байсан тохиолдол үгүй ч намрын намарт
хэлэлцэх цаг тулган хуулийн хугацаа дуусахад хэдхэн цаг дутуу байхад
шөнө дөлдүүлэн хуралдаж, яаравчилсан “марш”-аар хам хум хэлэлцэн баталж
байсан тохиолдол олон. Энэ удаад ч гэсэн аравдугаар сар эхлээд байхад
төсвийн төслөө хэлэлцэж эхлэж байгаагүйгээс үзэхэд цаг тулган
яаравчилдаг энэ уламжлал дахин тохиолдох вий гэж болгоомжлоход хүргэхээр
байгааг ч хэлэхэд илүүдэх юун.
Гэхдээ өнөөдрийн хувьд төсвийн
төслийг боловсруулан УИХ-д өргөн барьсан, тун удахгүй УИХ-аар хэлэлцэж
эхлэх ёстой. Тэр тусмаа энэ удаагийн төсвийг олон нийтээр хэлэлцүүлэн,
нээлттэй ил тод болгох алхам хийгдэж байгааг бас сайшаах хэрэгтэй буй
за. Дашрамд сануулахад та төсвийн төсөлтэй news.mn-ээс танилцаж санал
бодлоо илэрхийлэх боломжтой. Тийм ч учраас та энэ жилийн төсвийн төслийг
анхааралтай уншиж танилцаарай.
Эхнэртэй цалинг нь тоо ёсоор нь
авчирч өгчихөөд юунд зарцуулсан, яасан ийснийг нь ч мэддэггүй эрчүүд
олон л байдаг байх. Харин улсын төсөв гэдэг бол татвараа төлж бүрдүүлсэн
иргэд бид өөрсдөө хянаж байх ёстой гол асуудал учраас бидний санал,
шүүмж чухал билээ.