Гар утас хэрэглэх урлаг (соёл)

Хуучирсан мэдээ: 2012.10.09-нд нийтлэгдсэн

Гар утас хэрэглэх урлаг (соёл)

Японд ирэхээсээ өмнө Япон улс техник технологи их хөгжсөн учраас гар утсыг маш их хэрэглэдэг, тэр бүү хэл сургуулийн сурагч нар нь цүнхэндээ зүүгээд л гүйж явдаг байх гэж боддог байлаа. Бас утсаараа хаа байгаа газраа яриад л, утасных нь ярианы үнэ тариф нь маш бага гэж бодож байлаа. Гэтэл яг үнэндээ тийм биш юм.

Ажиглаад байхад Япончууд гар утсыг маш соёлтой хэрэглэх юм. Гудамжинд ч юмуу олон нийтийн газар явахад гар утсаараа чанга чанга ярьж яваа хүн бараг байхгүй. Олон нийтийн газар утсаар ярих зайлшгүй шаардлага гарвал маш аяархан бусдад төвөг удахааргүй байдлаар ярина. Япончууд бусдад аль болох төвөг удах дургүй ясны зантай болохоор тэгдэг байх. Автобус, галт тэрэг, хурдан (суман) галт тэргэн дотор бол утсаараа бүр ч ярихгүй. Нийтийн тээврийн хэрэгсэл рүү ороход “Та бусдад саад болохгүйн тулд гар утсаа Дуугүй төлөвm-т (Manner mode) тохируулна уу” гэсэн бичиг байдын. Санаандгүй байдлаар хэн нэгний утас чанга дуугарвал бүгд тэр хүн рүү харна. Нөгөө хүн нь “уучлаарай, өршөөгөөрэй” гээд л уучлалт гуйгаад утсаа салгах юмуу “Нийтийн тээврийн хэрэгсэл дотор байна” гэсэн тохиргоон дээр тавина. Утсаа бараг л авахгүй. Хэрэв хэн нэгэн утсаар яриад эхэлбэл хажуугийн хүн нь тэр хүн рүү их сонин харах юмуу эсвэл хоёр гараа зөрүүлэн Х хэлбэртэй болгож харуулна. Тэр нь “Та энд утсаар ярьж болохгүй” гэж хэлж байна гэсэн үг. Хэрэв тэр хүн цааш ярьсаар л байвал “Утсаар ярихаа болино уу” гэж их эелдгээр хэлнэ. Ингэж байхыг би автобусан дотор, галт тэргэнд хэд хэд харсан. Япончууд нийтийн тээвэрт барагтай л утсаар ярихгүй.

Харин дараа нь нийтийн тээврээсээ буучаад утас руу нь залгасан хүн рүү эргэж залгана. Бодоод байхад жаахан дарамттай юм шиг боловч энэ бол яах аргагүй гар утас хэрэглэх соёл юм.

Манайхан бол яадаг билээ. Нийтийн тээврийн хэрэгсэл дотор чанга, чанга утсаар яриад л, инээгээд л, хүн загнаад л, ер нь юу ч ярьж байж мэднэ. Хажууд нь олон хүн явж байгааг анзаарах ч үгүй, тэднийг хүндэтгэх ч үгүй. Нийтийн тээвэр дотор утсаар ярих үзэгдэл бол бүр хэвийн болчихсон. Нуугаад яахав бодоод байхад би ч бас нийтийн тээвэр дотор утсаар ярьдаг л байсан. Одоо бол Монголдоо очоод тэгэхгүй гэж бодож байна. Нэг хүн ч гэсэн соёлтой байя л даа. Хэхэ

Ер нь ажлын газарт, ангид, хурал дээр, үдэшлэг дээр гээд олон хүн байгаа газар утас хангинатал дуугарна гэж бараг байхгүй. Олон хүнтэй газар хүмүүс утсаа Дуугүй төлөвm-т (Manner mode) тохируулна. Дуудлага ирлээ гэхэд утас нь хангинатал дуугаргаж, хавь ойрын хүнийг цочоохгүй, зөвхөн утасны эзэнд чиччиргээ мэдрэгдэж дуудлага ирнэ. Японы ажлын газар, сургууль дээр бол гар утсаар хамаагүй ярихгүй. Ярихаар болбол хажуугийн хүмүүсээсээ уучлал гуйж байгаад өрөөнөөс гарч ярина. Хамт ажилладаг, сурдаг хүмүүсийн хажууд хэзээ ч ярихгүй. Ялангуяа захирлынхаа хажууд, ахмад хүний хажууд, багшийн хажууд бол бүр ч ярьж болохгүй. Ярих шаардлагатай бол өрөөнөөс гарч ярина.Энэ бол бас л соёл биш гэж үү.

Манайд бол яадаг билээ. Ажлаа хийж байхад, олон хүнтэй газар гэнэт цочтол гар утас дуугарч (бас болоогүй ээ гоё гоё дуу дуугарна гээч) хамаг хүнийг цочооно, хийж байгаа ажил эсвэл ярьж байгаа яриаг тасалдуулна. Тэгээд л утсанд нь дуудлага ирсэн хүн бусдын дэргэд чанга чанга ярьж гарна. Хажуугийн хүмүүс нь тэр хүнийг хэнтэй юу ярьж байгааг төвөггүй ойлгоно. Хэрэв өрөөнөөс гарч ярьвал бараг л биднээс нууц юм ярилаа гэх шахна. Ажил дээрээ ажлаа хийж байгаад ажлын цагаар хэн нэгэнтэй утсаар ярьж, ажилдаа зарцуулах ёстой цагаас хороох нь хэвийн үзэгдэл. Монгол кино үзээд сууж байхад энэ үйлдлийг маш сайхан харуулдаг болж. Би ойрд dawalgaa.com дээрээс “Нэгэн нарны доор” гэдэг киног үзэж байгаа. ДОХ-ын тухай их зөв мэдлэг олгосон, бас сонирхолтой гоё кино. 1 үзчихэд илүүдэхгүй л кино байна лээ. Гэтэл саяхны 1 анги дээр Их сургуулийн багш бүсгүй хичээл зааж сууж байгаад шууд оюутнуудын өмнө ичих ч гүй утсаар ярих гэж гэр лүүгээ гар утсаараа залгаж байх юм. Энэ бол арай л биш ээ. Үүнийг үзээд багш нар хичээл дээрээ шууд утсаар ярьдаг гэж бодохоор байна. Ер нь бол ихэнх багш нар арай ч хичээл дээрээ хүнтэй утсаар ярьдаггүй л дээ. Энэ асуудал бол багшийн Ёс зүйн дүрмэнд ч бий. Тэр хэсгийг үзээд би тэр багшийн өмнөөс ангид нь сууж байгаа оюутнуудаас ичих шиг боллоо.

Энэ кино ч гэлтгүй бусад кинон дээр ч ажлаа хийгээд компьютерийн ард сууж байгаад л шууд гар утсаараа хүн лүү залгаад л ярих юм. Ажил дээрээ гар утсаар хамаагүй ярьж болохгүй баймаар л юм. Гэвч ажил дээр утсаараа ярьж, хаа хамаагүй сэвээр хэнтэй ч хамаагүй ярих нь хэвийн л үзэгдэл болж. Мэдээж албан шугамаар утсаар ярилгүй л яахав, гэхдээ улайм цайм гэр лүүгээ залгаад хувийн асуудлаа бусдын дэргэд чанга чанга ярих үзэгдлийг соёлтой зүйл гэж хэлэхгүй л байх.

Японд байхад хаа хамаагүй газар хэн нэгэн хүн гар утсаараа чанга чанга ярьж байгааг бараг л харахгүй дээ. Японд байгаа Монголчууд ч гэсэн орчиндоо зохицоод Монголд байдаг шигээ хамаагүй яриад байхгүй шүү. Японд байхад энэ байдал аяндаа ажиглагдана дөө. Бид энэ соёлоос суралцмаар санагдаж байна. Би л лав Монголдоо оччоод хэрэгжүүлнээ.  Энгийн юм шиг боловч их чухал энэ асуудлын талаар бодолцоод бүгдээрээ гар утас хэрэглэх наад захын соёлд суралцвал нөгөө сүүлийн үед залуучуудын яриад байгаа “Хотын соёл”-ын нэг хэсэг яах аргагүй мөн гэж мунхаг би бодном.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж