БНСУ-д олон мянган хүн химийн бодисонд хорджээ

Хуучирсан мэдээ: 2012.10.09-нд нийтлэгдсэн

БНСУ-д олон мянган хүн химийн бодисонд хорджээ

БНСУ-ын Кёнсан-Пукто мужийн Гуми хотын ойролцоох химийн томоохон  үйлдвэрүүдийн нэг  “Hube Global” нэртэй химийн үйлдвэрт хүчтэй дэлбэрэлт болж таван хүн нас барж, 18 хүн гэмтэж шархатсан билээ. Тус хотод гамшгийн өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, гамшгийн бүсэд оршин суудаг 300 орчим айл өрхийг нүүлгэн шилжүүлсэн юм. Гэвч химийн үйлдвэрийн дэлбэрэлтээр найман тонн орчим фторт устөрөгч алдагдаж, химийн бодисын нөлөөгөөр тэр орчмын хүн, мал хордон өвчилж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар тус бүсэд оршин суудаг 3200 орчим хүн химийн бодисын хордлогын улмаас ойролцоох эмнэлэгт хандсан байна. Тэдгээр хүмүүст бүгдэд нь толгой өвдөх, дотор муухайрч бөөлжис цутгах, хоолой өвдөж ханиалгах зэрэг шинж тэмдэг илэрчээ. Хэдийгээр тэд хор тайлах эмнэлгийн тусламж авсан ч химийн хорт бодисын нөлөө удаан хугацаанд хүний биед илэрдэг байна. Мөн дэлбэрэлт болсон газрын ойролцоо амьдардаг Лим овогтын мэдэгдсэнээр түүний усан үзэм болон будааны талбай нь химийн хоронд хордож, хөршийнх нь 60 үхэрний хамарнаас цустай нус гоожих шинж тэмдэг илэрчээ. Дээрх химийн бодисыг метал цэвэрлэх, зэв арилгахад хэрэглэдэг бөгөөд 570 орчим га тариалангийн талбайд тархсан байна. Дэлбэрэлтийн улмаас тус үйлдвэр ойролцоогоор 16 сая ам.долларын хохирол амсчээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж