Дэлхийн эдийн засаг “хөзрийн байшин” мэт хэврэг байна

Хуучирсан мэдээ: 2012.10.09-нд нийтлэгдсэн

Дэлхийн эдийн засаг “хөзрийн байшин” мэт хэврэг байна

Дэлхийн санхүүгийн өнөөгийн тогтворгүй байдал хэр хугацаанд хэрхэн өрнөх талаар шинжээч мэргэжилтнүүд өөрсдийн таамаг, урьдчилсан тандалтыг дэвшүүлсээр байна. Мөн улс орны удирдлагууд ч ийм байдалд эдийн засгаа аварч үлдэх бодлого боловсруулж сууна. Энэ долоо хоногийн пүрэв гаригт Токио хотноо “Их долоо” орны сангийн сайд  нар дээд хэмжээнд чуулж, Олон улсын валютын сан болон Дэлхийн банк хуралдах гэж байна. Чуулганы гол сэдэв АНУ-ын төсөв, татварын бодлого болоод евро бүсийн асуудал байх аж. Дэлхийн худалдааны 40 гаруй хувь Европ, АНУ-ын эдийн засагт ноогддог. Тиймдээ ч эдгээр бүс нутгийн санхүүгийн уналт олон улсын эдийн засагт шууд нөлөөлсөн.

АНУ-ын хувьд ирэх арваннэгдүгээр сарын 6-нд болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн гол мөрийн хөтөлбөр ажилгүйдлийг бууруулах, эдийн засгийн өсөлтийн тухай хөтөлбөрүүд байх нь тодорхой юм. Харин өрийн хямралын улмаас оршин тогтнох нь баталгаагүй болоод байгаа Европын холбоо асуудлыг олон талаас шийдвэрлэхийг оролдож байна. Энэ удаад эдийн засгийн хямралыг даван гарах, шийдвэрлэхэд дөхөм болох үүднээс евро бүсийн 17 орны сангийн сайд нар Санхүүгийн тогтвортой байдлыг хангах санг байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү сан нь Европын орнуудын эдийн засгийн тогтвортой байдлыг тэнцвэржүүлэх, евро мөнгөн тэмдэгтийн эрсдлийг хангахад чиглэгдэх юм.

500 тэрбум еврогийн үндсэн хөрөнгөтэй байгуулагдаж буй тус сан нь 2014 он хүртэл үйл ажиллагаа явуулахаар ажлаа эхлүүлээд байна. Евро бүсийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах энэ сангийн томоохон хандивлагч улс нь Герман бөгөөд төвлөрсөн нийт хөрөнгийн 27 хувийг бүрдүүлсэн аж. Хэдийгээр улс орнууд санхүүгээ тогтворжуулах боломжтой бүхий л арга хэмжээг авч байгаа ч 2008 оны хямралаас бүрэн өндийж чадаагүй дэлхийн эдийн засаг өнөөдөр “хөзрийн байшин” мэт хэврэг байна.

Олон улсын валютын сан /ОУВС/-гаас дэлхийн эдийн засгийн 2012-2013 оны өсөлтийг 2010 онд 5,1 хувь, 2011 онд 3,8 хувь хэмээн таамаглаж байсан бол дахин бууруулж гурван хувь болгожээ. Ойрын ирээдүйд байдал хүндхэн хэвээр байна гэдэг нь үүнээс тодорхой харагдаж байгаа юм. Ер нь бол шинжээчид энэ удаагийн хямралыг урт хугацаанд үргэлжилнэ гэж үзэж байгаа. Зарим мэргэжилтэн хямралаас илүүтэй эдийн засгийн зогсонги байдал /рецесси/ хэмээн тодорхойлсон нь ч бий.

Одоогийн ийм тохиолдолд шинжээч мэргэжилтнүүд дэлхийн эдийн засгийн гол “зүтгүүр” Хятадын эдийн засгийн байдал болоод энэ салбартаа боловсруулж буй бодлогыг нь  анхааралтай ажиглаж байна. Тус улсын 2012 оны экспорт, хөрөнгө оруулалт мэдэгдэхүйц буурсны улмаас энэ долоо хоногийн даваа гаригт Дэлхийн банкны зүгээс Хятадын ДНБ-ийн өсөлтийн таамаглалаа 9,3-аас 7,7 хувь болгон бууруулсанаа мэдэгдлээ. Үүний улмаас тус улсын томоохон хувьцаануудын ханш огцом буурч, 2008 оны хямралын үеийн хэмжээнд хүртлээ хямдарсан байна.

Хятадын эдийн засгийн өнөөгийн бууралт сүүлийн 13 жилийн хамгийн доод үзүүлэлтийг харуулж байгаа юм. Худалдааны гол түнш Европ, АНУ-ын зах зээл уналтад орсноор экспорт болоод худалдаа огцом багассанаас гадна Японтой хэлэлцэх худалдааны маргаантай асуудал Хятадын хөрөнгийн зах зээл, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэх итгэлийг сулруулж байна. Ийм үед тус улсын Төв  банкнаас эдийн засгаа дэмжих, мөнгөө сулруулах зорилгоор өнөөдөр 265 тэрбум юанийг зах зээлд гаргаж интервенц хийлээ. 

Хятад улс нь дэлхийн санхүүгийн энэ тогтворгүй байдлаас эдийн засгаа аврах дэд бүтцийн 157 тэрбум ам.долларын хөтөлбөрийг энэ онд багтаан эхлүүлэхээр бэлтгэж байна. Мөн дотоодын зах зээлийн эрэлт хэрэгцээг хангах хөтөлбөрүүдийг ч хэрэгжүүлэхээр зэхэж буй. Үүний нэг нь нүүрс боловсруулан хий үйлдвэрлэх төсөлд нийт 14 тэрбум ам.долларыг зарцуулах гэнэ. Уг төслөө мөн л энэ онд багтаан эхлүүлэх аж. Хятад улс нь энэхүү төслийг хэрэгжүүлснээр 2015 он гэхэд жилд 15 тэрбум куб метр хий гарган авахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ дотоодын хэрэгцээнийх нь 7 хувийг л хангах юм. Энэ чиглэлийн үйлдвэрүүд Хятад улсад маш ихээр хөгжиж байгаа билээ. Тус улсын байгалийн хийн хэрэгцээ жилд дунджаар 15 хувиар өсч байгаа юм.

Э.Од

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж