Бүтээлтэй, дурсамжтай, паянтай хөгжимчид өө гэж

Хуучирсан мэдээ: 2012.10.09-нд нийтлэгдсэн

Бүтээлтэй, дурсамжтай, паянтай хөгжимчид өө гэж

Монгол Улсын филармони байгуулагдсаны 40 жилийн ойд зориулсан бас нэгэн материал бэлтгэлээ. Өдгөө мартагдах шахсан ч өнөө хэр ард түмний дунд яригдсаар байдаг уран бүтээлчдийн “бригадаар явах” хэмээн нэршсэн аймаг, сум, баг, бригад, фермд очиж сонгодог урлаг, тэр дундаа хөгжмийн урлагтай олон нийтийг танилцуулах тоглолтоор явж байхдаа хөгжимчид, дуучид, жүжигчид хамгийн сонирхолтой адал явдал туулж, паянтай буцаж ирдэг байжээ. Энэ тухай Улсын филармонийн зарим ахмад уран бүтээлчийн хуучилснаар дараахь нийтлэлийг хүргэж байна.  

ГЯЛААНЫ ГӨЛӨӨНҮҮД БА “НАВСАЙ ДАМБА”-ЫНХАН

Симфони найрал хөгжмийн ахмадууд дунд хоржоонтой хүмүүс байх юм. Тэдний нэг нь симфони найрлынхан дээр үед бригадаар явдаг байхдаа бие биеэ баахан хочилж явуулдаг байсан тухай дурсан ярьсан юм. Уран бүтээлчид хөдөөгүүр цаг ямагт хамт яваад байвал хугацаа алдах тул хуваагдаж хоёр тийш явдаг байж л дээ. Бригадууд тус бүртээ ахлагчтай. Дуучин, тухайн үеийн МАХН-ын үүрийн дарга Б.Зангад олон удаа бригад ахалж явжээ. Нэг удаа нэгдүгээр бригадыг  мань хүн ахалж явах үед нөгөө хэсгийг валторн хөгжимчин Дамдинсүрэн даргалаад явжээ. Тэгсэн сар гаруй хугацаанд аймаг, сумдаар тойрч тоглож тоглож ирсэн чинь хоёр бригадын гишүүд сүрхий хочтой болсон байж гэнэ. Ямар гээч. Б.Зангад даргын “цэргүүдийг” нөгөө бригадынхан нь “Гялааны гөлөөнүүд” гээд зүгээр байлгахаа байж. Тэгэхээр нь Б.Зангадынхан хариу авах гэж нөгөө хэсгийн уран бүтээлчдээ “Навсай Дамбынхан” гэж нэрлэсэн байв гэнэ шүү. Хөгжимчид одоо ч гэсэн хааяа уулзахдаа бие биеэ ийн харилцан нэрлэж хөгжилдөцгөөдөг байна.    

ГАНЦ ГУТЛАА БАЛЛУУЛСАН НЬ

Дуучин Б.Зангад нэг удаа хүүхнүүддээ чадуулжээ. Гэхдээ өөрөөсөө болж тэр шүү дээ. 1969 онд симфони найрал хөгжмийнхөн бригадаар явж байлаа. Завханы төвд очлоо. Бригадын ахлагч Б.Зангад аймгийн соёлын ордноор орж оройн тоглолтын тухай ярьж зараа тараачихаад иртэл хүүхнүүд нь алга. Дэлгүүр орсон гэнэ. Араас нь яваад очтол Буянтогтох, Мижид, Нямаа, Зангуур, Готовдорж, Алтанцаг нарын бүсгүйчүүд люкс хэмээх дугуй хайрцагтай зүйл үзэж зогсоно гэнэ шүү. Б.Зангадыг ороод ирмэгц тэд “Алив хө, хэл мэддэгээрээ зааврыг нь уншаадах даа” гэж байна. Тэгэхэд нь дуучин дэггүйтэхээр шийдэж өнөө дугуй хайрцагтайг нүүрний тос гэж үнэмшүүлэх гэж “Орой унтахдаа нүүрээ бүлээн усаар сайн угаагаад үүнээс зузаан түрхэж унтвал нүүр цайрч, чийгшинэ гэж байна” хэмээн уншиж өгчээ. Тэгэхэд нь хүүхнүүд өнөөхөөс зарим нь нэгийг, зарим нь хоёрыг авав. Хүүхнүүд бужигнасаар өрөөндөө орж ирээд шалавхан гэгч нь өнөө “нүүрний тос”-оо задаллаа. Гэтэл яасан гээч. Гутлын тосны үнэр ханхийгээд л явчихлаа. Хэрэг мандлаа. Бүсгүйчүүд дор бүрнээ пөх пах болсны сацуу Б.Зангадыг занаж эхэлжээ. “За гайгүй дээ, чамайг даа, чадна даа” гэж байна гэнэ. Хэрэг хийсэн эр хэзээ хариу нь ирэх юм бол гэж бодон харж байв. Нэг өглөө унтаж босоод орон дороос хоёр гутлаа татсан чинь даагдахын аргагүй хүнд болчихсон байх юм гэнэ. Шал нойтон. Гаргаж ирээд хартал хоёр гутлаар нь дүүрэн ус цэлэлзэж байна. Бүсгүйчүүдээр оролдсоныхоо хариуг ингэж хүртэв. Тэр үед хөгжимчид ихэвчлэн нэг гуталтайгаа явсаар байгаад ирдэг байж. Хэргийн эзэн ч ялгаагүй. Юутай ч гутал доторхи усыг асгаж. Өөр гутал байхгүй юм чинь яах ч аргагүй өнөөх нойтон гутал руу хөлөө дүрж дээ. Гутал яваандаа хатсан ч хоног хугацаа өнгөрөх тусам өнөө хоёр нь хужир ургаад, яйжийгаад хэцүү юм болж. Хэзээний дэгжин дуучин залуу гутал муутын зовлонг жинхэнэ утгаар нь үзэж байгаад солих юм авсан гэсэн. Тухайн үедээ Б.Зангад бүсгүйчүүдээс хэн гуталд ус хийснийг асуугаад асуугаад эзнийг нь олоогүй. Харин түүнээс хойш 30-аад жилийн дараа хэргийн эзэн Валя болохыг тодруулжээ. Уран бүтээлийн андууд нууцыг мөн удаан хадгалсан байгаа биз.   

АРАЙ Л ДАГАЛДАН БОЛЧИХСОНГҮЙ

Симфони найрлынхан мөн л бригадаар явж байж. Бригад тус бүр тоглолтын зарлагчтай. Одоогийнхоор бол хөтлөгч юм даа. Нэгдүгээр бригадын зарлагч нь эрдүү хийлч Лу.Наранцэцэг байсан бол, хоёрдугаар бригадынх нь цохивор хөгжим­чин Ло.Наранцэцэг байв. Тэр үед шаардлага хатуу, дэг журам, сахилга батыг чандлан сахидаг байсан үе. Уран бүтээлч багахан алдаа гаргах л юм бол шууд дагалдан болж, цалингаа хасуулж шийтгүүлдэг байж. Тэгсэн нэгэн тоглолтын үеэр зарлагч Лу. Наранцэцэг үзэгчдийн өмнө гарч ирээд өндөр дуугаар тэрний тийм зохиол гэснээ тэр ах хөгжимдөнө гэж хэлээд, сандарсандаа болоод эвгүй маяг үзүүлээд буцаад орчихжээ. Тэгмэгцээ Лу.Нараа “За баларсан, одоо яг дагалдан болсон” гэж бодож. Тэр даруй хамт олны хурлаар оруулах байх гэсэн гайгүй, дараа нь хотод ирээд бас чимээ чагнаад байтал байдаггүй. Хэрэг хуучирч, хэн ч сөхсөнгүй. Гэхдээ л алдаа гаргасан хүн хэсэгтээ дагалдан болох  байхдаа гэсэн түгшүүртэй явсан аж. Энэ явдал ажлын хариуцлага ямар өндөр байсныг гэрчлэх мэт.

ХУЙВАЛДААН

Симфони найрлынхан нэг удаа бас бригадаар явж бай­лаа. Тэгэхэд Ц.Намсрайжав багш нь явжээ. Мөн удирдаач Д.Мяасүрэн ч явж байж. Удирдаач Д.Мяасүрэн, дуучин Б.Зангад хоёр бие засахаар явж байтал нэг цаас салхинд хийсч ирээд дуучин залуугийн хөлд наалдчихав гэнэ. Түүнд “Хүрэлхүүгийн ав­гай жирэмсэн. Морины мөнгө өгөх­гүй бол чамайг шүүхэд өгнө шүү” гэх зэрэг юм бичсэн байж л дээ. Өнөө хоёр нөгөө захиаг авлаа даа. Санааг нь хуулбарлаж, дуурайж бичээд нэг нөхөрт гар­дуулж тоглоом хийхээр шийдлээ. “Чулуу” болгох нь. Уран бүтээлчдийн дунд Завханы хүн хэн байдаг билээ гэж ярилцсаар Алтангэрэл тэр нутгийнх гэд­гийг тогтоов. Түүний нэр дээр захиаг соёлын хэлтсийн дарга Бямбажаваар дамжуулж өгье гэж ярилцав. Ц.Намсрайжав гуайтай ярьж байгаад захиагаа “Улсын шимбун хөгжмийн бригадаар яваа хөгжимчин Алтангэрэлд” энэ тэр гэж үнэмшилтэй бичээд өгье гэж шийдэв. Бямбажав даргаар дамжуулаад өгч орхилоо доо, Алтангэрэлд. Тэгсэн мань хүн лекц концертын үеэр виолончелиэ хөгжимдөж байгаа хэрнээ өнөө захиаг өвдөг дээрээ тавьчихсан уншаад суух юм гэнэ.  Өөрөө шар хүн, чих нь час улаан болчихсон хараад л тог­лоод байдаг. “Хүрэлхүүгийн ав­гай жирэм­сэн, морины мөнгө өг, үгүй бол шүүхэд өгнө” гэсэн занал­хийлэл ноцтой байлгүй яах вэ дээ. Өөрийнх нь амьдралд байхгүй үйл явдлын тухай нэр дээр нь захиа ирчихээр юу гэж бодох вэ. Захиа даргаар дамжиж ирсэн бо­лохоор гарцаагүй байхгүй өөрт нь хамаатай. Ц.Намсрайжав багш до­хиж байхдаа Алтангэрэл рүү харах бүртээ жуумалзаж инээгээд л.
Тэр тоглолт иймэрхүү маягтай өнгөрч, улмаар энэ явдлыг хэргийн эзэд ч яваандаа мартаж орхиж. Бригад ч бууж. Уран бүтээлчид Улаанбаатарт ирэв. Тэгсэн Алтангэрэл өнөө захианы тухай авгайдаа хэлжээ. “Завханд явж байсан чинь нэг ийм захиа ирээд” гэж ирээд л ярьжээ. Ийм үг сонссон эхнэр яахав, уурлана биз дээ. “Хн, чиний яаж явдгийг хэн мэддэг юм” гээд хангинаж гарч. Эхнэр, нөхөр хоёр тар тур гэлээ. Удалгүй гэр бүлийн дотор­хи маргаан ч намжиж. Хэзээ хойно Б.Зангад анд нөхөр Алтангэрэлдээ үнэнийг хэлжээ. “Нэг ийм захианы асуудал гараад байсан даа, бид хэд ярьж байгаад өгчихсөн юм шүү” гэж хэлэхэд нь “Завхарсан амьтад. Боловсон гэр бүл үймүүлж байдаг. Ёстой бүр нэг дүүрсэн хүмүүс. Тэр тухай бодол олон хоног тархинаас гарах­гүй зовж явлаа шүү дээ” хэмээн уурласнаа сүүлдээ хөхөрч гарчээ. Хөгжимчдийн хайртай Намсрай багш нь хүртэл, соёлын хэлтсийн даргын оролцоотой том хуйвалдаан болсон ийм нэгэн түүх байх юм. Үүнийг хуучилсан ардын жүжигчин Б.Зангад виолончельч Алтангэрэлийг олон сайхан хүүхэд өсгөж хүмүүжүүл­сэн, хөгжим тоглохын зэрэгцээ зохиол ч биччихдэг авьяас, ажил тэгш сайхан уран бүтээлч байсныг дурсч байлаа.

Р.ОЮУНЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж