Дэлхийн мэргэжлийн бүжгийн ертөнцөд нэртэй ОХУ-ын бүжигчин Алиона Вилани энэ сарын 5-нд Их Британид эхэлсэн “Strictly Come Dancing” буюу “Ододтой бүжиглэе” шоуны бэлтгэлийнхээ үеэр зүүн хөлийнхөө шагайг хүнд гэмтээжээ. Уг шоунд мэргэжлийн бүжигчид Их Британийн салбар, салбарын хамгийн нэр хүндтэй ододтай хамтран бүжиглэгчээр оролцдог бөгөөд Алионагийн хамтрагч нь Их Британийн нэрт хөтлөгч 74 настай Жонни Балл юм. Шоунд оролцоход хамгийн ихээр туслаж байгаа туршлагатай хамтрагчаа хөлөө гэмтээхэд Жонни их л санаа нь зовж байгаа аж. Учир нь эмч нь Алионад хоёр долоо хоногийн турш хөлдөө эмчилгээ хийлгэх хэрэгтэй хэмээн зөвлөсөн байна. Харин Алионагийн хувьд хөлийнх нь бэртэл өөрт нь тийм ч санаа зовоод байх зүйлүүдийн нэг биш, харин ч бэлтгэлээ үргэлжлүүлэн хийх болно хэмээн мэдэгдсэн гэнэ. Алиона өнгөрсөн жил мөн тус шоуны оролцогч Харри Жүдийн хамтран бүжиглэгчээр ажиллаж байсан юм байна.
Э.АНХТУЯА