“Хөрөнгө оруулалтын үндэс нь сайн засаглал”

Хуучирсан мэдээ: 2012.10.09-нд нийтлэгдсэн

“Хөрөнгө оруулалтын үндэс нь сайн засаглал”

Компанийн үр ашигтай ажиллах, цаашлаад улс орны хөгжил, эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх хүчин зүйлийг компанийн засаглал гэж тодорхойлж буй билээ. Тиймээс  компанийн засаглалыг сайжруулах зорилгоор тулгарч буй саад бэрхшээл, боломжийн талаар өнөөдөр гадаад, дотоодын мэргэжилтнүүд хэлэлцэж байна. Компанийн засаглалын талаарх энэхүү “Монгол дахь компанийн засаглал: Боломж, тулгарч буй хүндрэл сорилууд” дугуй ширээний ярилцлагыг Олон улсын санхүүгийн корпораци, Эдийн засгийн хөгжлийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, Компанийн засаглалын хөгжлийн төв хамтран зохион байгуулсан юм.

Хөгжлийн түлхүүр атгаж суугаа үндэсний аж ахуй нэгжүүдэд компанийн засаглалыг нэвтрүүлэх нь зөв гэдэгтэй санал нийлж байна. Тиймээс одоо төрийн өмчийн болон хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдэд компанийн сайн засаглалыг нэвтрүүлэхийг шаардах юм гэнэ. Одоогоор Санхүүгийн зохицуулах хорооноос Үнэт цаасны тухай хуулийг бүрэн боловсруулан УИХ-д өргөн барихаар зэхэж буй тухай албаныхан ярьсан. Үнэт цаасны тухай хуулийг хэзээ хэлэлцэн батлах талаар хүлээлт их байгаа. Энэ шинэ хуулинд ч компанийн засаглалын талаар тусгасан. Тухайлбал, үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж бүр компанийн сайн засаглалыг нэвтрүүлсэн байх тухай тусгажээ.

Ер нь Компанийн засаглалд тулгардаг түгээмэл нэг асуудал бол гэр бүлийн бизнес. Гэр бүлийн компани нь урт хугацааны “амьдралын мөчлөг”-тэй бизнесийг цогцлоодог ч удирдлагын тогтолцооны хувьд учир дутагдалтай гэгддэг.

Аливаа компанийн удирдлага болон гүйцэтгэх ажилтны бүтэц тогтолцоо, санхүүгийн ил тод байдал, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг оновчтой хуваарилах нь сайн засаглалын гол үндэс суурь болдог гэдэг. Энэ ч утгаараа гадны хөрөнгө оруулагчид аливаа улс оронтой хамтарч ажиллах, хөрөнгө оруулахдаа нэн тэргүүнд тухайн компани, төслийн багийн бүтэц зохион байгуулалт, санхүүгийн ил тод байдлыг ажигладаг юм байна. Учир нь санхүүгийн ил тод байдал нь хөрөнгийг зохистой эргэлдүүлж байгаа эсэхийг харж болох нэг шалгуур болдог. Тиймээс хөрөнгө оруулагчид тухайн компанид хөрөнгө оруулах эсэхээ шийдэхдээ компанийн засаглалын байдлыг авч үздэг.

Компанийн засаглалын тухай хууль Монгол Улсад анх 1997 онд батлагдсан. Гэвч хууль олон зүйлийн анхдагч болж, зах зээлийн системд шилжсэн шилжилтийн үеийн нэгээхэн тулгуур гэгдэж байсан хууль цагийн эрхээр хуучирч, нийгмийн хувьслын зарчим ёсоор хуулийг дахин сэргээн өөрчлөх шаардлагатай болоод байнаа. Тиймээс 2011 онд хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан юм. Энэ хууль гадны шинжээчдын зөвлөгөөнд суурилсан сайн хууль гэх. Хөгжиж буй орнуудын туршлагаас судлан боловсруулсан  хэмээн Олон улсын санхүүгийн корпорациас мэдэгдсэн. Хуулинд аж ахуй нэгжийн бүтэц зохион байгуулалтыг оновчтой шийдэхийн тулд төлөөлөн Удирдах зөвлөлийн гишүүд, хараат бус гишүүдийн тоог тодорхой зааж өгсөн. Тодруулбал, Компанийн тухай хуулийн дагуу аж ахуй нэгж бүр Төлөөлөн удирдах зөвлөлтэй байх ба есөөс доошгүй гишүүнтэй байх бөгөөд гуравны нэгээс доошгүй нь хараат бус гишүүд байна хэмээн заажээ. Энэ нь удирдан чиглүүлэх үйл ажиллагааг дан ганц нэг хүний гарт төвлөрүүлэх бус, тараан байршуулах, хараат бус гишүүнээр хяналт тавиулах боломжийг бүрдүүлсэн ач холбогдолтой  гэнэ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж