Г.Мэнд-Ооёо “Гэгээнтэн”-тэй уулзуулна

Хуучирсан мэдээ: 2012.10.09-нд нийтлэгдсэн

Г.Мэнд-Ооёо “Гэгээнтэн”-тэй уулзуулна

Равжаа судлалын олон улсын төв, Соёл яруу найргийн Монголын академи хамтран зохиолч уншигчдын уулзалтыг маргааш “Интер” номын дэлгүүрийн төв байранд 11.30-аас зохион байгуулах гэж байна. Энэ удаад “Гэгээнтэн” романы зохиолч Г.Мэнд-Ооёог уншигчидтай уулзуулах нь ээ. Уулзалтын үеэр Данзанравжаа хутагтын шидэт үгс  ном тамгалах ёс,  чөлөөт ярилцлага болох юм.
XIX зууны Монголын их соён гэгээрүүлэгч, Ноён хутагт Данзанравжаагийн ер бусын ид шидлэг гайхамшигт далд ертөнцөөр аялуулсан “Гэгээнтэн” роман нь уншигчдын хүртээл болоод удаагүй байгаа. Уулзалтын эхэнд Ноён хутагт Данзанравжаагийн “Ичиг ичиг” шүлэгт Бельгийн хөгжмийн зохиолч Роберт Кастилсийн зохиосон аялгууг сонсгох юм байна. Тэрээр Соёл Яруу найргийн Монголын Академиас эрхлэн гаргасан “Үлэмжийн чанар” хэмээх Данзанравжаагийн шүлгийн түүврийн англи эхээс уг шүлгийг сонгон авч хөгжим бүтээсэн бөгөөд зохиогчийн эрхийг Соёл яруу найргийн Монголын академи болон орчуулагч Саймон Вэккхам Смитээс авсан байна.

Монголын нүүдэлчин ард түмний ном бичгийн өв нь тамганы соёлтой салшгүй холбоотой. Тамга өөртөө их эрч хүч, утга бэлгэдэл агуулдаг бөгөөд морин эрдэнээ айл бүр тамгалж ирсний зэрэгцээ ном бүтээлээ тамгалах соёл ч эртнээс эхтэй билээ. Энэхүү уламжлалын тухай маргааш зохиолч Г.Мэнд-Ооёо “Монголчуудын ном тамгалах соёл” сэдвээр товч илтгэл тавих юм. Мөн тэрээр “Гэгээнтэн” номондоо зориулан бүтээсэн тамгаар ном тамгалах ёслолыг үйлдэх аж. Тэрбээр уншигчдадаа Данзанравжаагийн шидэт үгээр бүтээсэн тамганы дардсыг барих юм. Уг тамгын утга нь сайн үг, сайн эрчмийг эргэн тойрондоо түгээх агуулгыг илэрхийлдэг аж.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж