Иргэдийг залилдаг залуусыг баривчиллаа

Хуучирсан мэдээ: 2012.10.09-нд нийтлэгдсэн

Иргэдийг залилдаг залуусыг баривчиллаа

Интернэтийн www.unegui.mn, www.zarmedee.mn цахим хуудсанд иргэд Америк, Солонгосоос оруулж ирсэн I phone, Ipad, Notebook зарна гэсэн зар тавьдаг нь бусдыг залилах гэсэн увиагүй хүмүүсийн хувьд таатай боломж болдог байжээ. Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн ажилтнууд “Юмыг чинь худалдана авна” гэж иргэдэд итгүүлэн үнэмшүүлээд мөнгөө өгөлгүй эд зүйлийг нь аваад алга болдог байсан дөрвөн залууг саатуулан шалгаж байна.
Бид Эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч С.Алтанцоож болон залилан хийсэн О, З нартай уулзлаа.

С.АЛТАНЦООЖ:  ХЭРЭГТНҮҮД НЭГ УДАА ЗАЛИЛАН ХИЙГЭЭД Л ДУГААРАА ӨӨРЧИЛЖ, ШИНИЙГ АВДАГ БАЙСАН

-Гэмт этгээд­үүд я­мар аргаар залилан хийдэг байсан бол?

-Өнгөрсөн долдугаар сарын сүүлээр манайд  гар утас, мөнгөө залилуулчихлаа гэсэн  мэдээлэл ирэх болсон. Сар гаруй хугацаанд мөрдөж байж зохион байгуулалттай залилан хийдэг 20-22 настай О, Б, З, М-ийг баривчилсан. Энэ залуус unegui.mn, zarmedee.mn зэрэг сайтуудаар орж “I phone 4, I phone 4s, Galaxy S3, Notebook зэргийг солино, зарна” гэсэн зарын дагуу худалдан авагчийн дүрээр иргэдтэй холбоо тогтоодог. Тэгээд Тэнгис кино театр, 13 дугаар хороолол, Оюун ухааны музей, Бөхийн өргөө, Жуковын музей, Удирдлагын академи, 10 дугаар хороолол, Саппорогийн ойролцоох байрнуудын урд хоёулаа очиж уулздаг. Тэгээд “Манай гэр энэ байрны долдугаар давхарт байдаг. Би ахдаа, эсвэл эгчдээ үзүүлэх хэрэгтэй байна” гэж хэлээд нэг найзтайгаа үлдээгээд орц руу ордог. Тэгээд хоёр давхарт нь орж нуугдаад хохирогч руу залгаад “Долоон давхарт гарч ирээд мөнгөө ав” гэж хэлдэг. Хохирогч долоон давхар руу гарсан хойно нь гарч зугтдаг. Мөн өөрсдөө тухайн сайтуудад I phone, Galaxy зэрэг утас хямд зарна гэсэн зар байрлуулдаг. Тэгээд хүн холбоо барихаар нь мөн дээрх байрнуудынхаа ойролцоо уулздаг. Хохирогчтой анх уулзахдаа оргиналь гар утас үзүүлдэг. Үзүүлж байгаа утасных нь цэнэг дуусч байх бөгөөд хэрэв хохирогч худалдаж авна гэвэл сим картаа авах, утсан дээрээсээ хэрэгтэй зүйлсээ хуулж авна гэсэн нэрийдлээр анхаарлыг нь сарниулж байгаад БНХАУ-д үйлдвэрлэсэн хуурамч утсаар сольж өгдөг байсан байна.

-Эдгээр залуус ямар нэгэн ажил эрхэлдэг үү?

-Эдгээр залуучууд бүгд ШУТИС, КТМС-ийн дөрөвдүгээр курсын оюутнууд. Хулгайч гэмт хэрэг хийхийн тулд обьектоо судлах зэргээс эхлээд эхлээд цаг хугацаа шаарддаг. Харин эд нар захын интернетэд ороод л хохирогчоо сонгочихдог тул гэмт хэрэг үйлдэхэд амархан байдаг. Тэднийг өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан эсэхийг шалгаж байна.

-Хэргээ хүлээж байна уу, иргэдэд нийт хэдэн төгрөгийн хохирол учруулсан бэ?

-Хэргээ хүлээж байгаа. Иргэдэд 20 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Гэхдээ энэ бол албан ёсны тоо биш. Хэрэгтнүүд залилсан эд зүйлээ Tedy төв дээр гар утасны ченж хийдэг 35 настай Б-тэй оройн цагаар уулзаж аваачиж өгдөг, түүнд зардаг байсан. Одоо эдгээр эд зүйлсийн заримыг нь хураан авч байна.

-Энэ залуучуудаас өөр ийм төрлийн гэмт хэрэг хийдэг хүмүүс байдаг  болов уу?
-Эдгээр залуус энэ төрлийн хэрэг хийхдээ гаршсан гэдгийг гэмт хэрэг үйлдсэн арга замаас нь мэдэгдэж байгаа.  Эднээс гадна энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг хүмүүс байх магадлалтай. Гэхдээ өмнө нь манай дүүрэгт ийм хэрэг бүртгэгдэж байгаагүй.

-Хохирогчтой холбоо тогтоохдоо гар утас ашигладаг нь ойлгомжтой. Утасных нь дугаараар хөөгөөд олон залилан хийхээс нь өмнө баривчлах боломж байсан болов уу?

-Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан утасны дугаараа шууд хаядаг байсан нь тогтоогдсон. Телевизээр утасны дугаар зарна гэсэн зар гарвал холбоо тогтоож, дугаарыг худалдаж авдаг. Тэгэхдээ авсан дугаараа өөрсдийн нэр дээр хэзээ ч шилжүүлж авдаггүй. Жишээлбэл, миний хэрэглэж байсан утасны дугаарыг худалдаж аваад гэмт хэрэг хийхдээ ашиглаад шууд хаяна. Цагдаагийн байгууллага залилан хийхдээ ашигласан утасны дугаараар шалгаж үзэхэд өөр хүн байдаг. Тэгээд энэ дугаарыг зарсан гэдэг. Худалдаж авсан дугаараараа нэг нэгэн рүүгээ битгий хэл гэр бүлтэйгээ ч холбоо барьдаггүй. Зөвхөн хохирогчтой холбоо тогтооход л ашигладаг. Мөн гудамжаар явж байгаа настай хүмүүстэй уулзаж “Яаралтай дугаар авах хэрэгтэй байна. Та надад дугаар авч өгч тус болооч. Би мөнгийг нь өгнө. Өөрөө авах гэсэн боловч бичиг баримтаа мартаад хүрээд ирсэн байна” гэж хэлдэг. Тэгээд тэр хүний нэрээр дугаар авдаг. Хүн харахад нүдэнд дулаахан сайхан залуучууд тул иргэд дургүйцэлгүй аваад өгчихдөг. Тиймээс иргэд аливаа эд зүйлсээ зарах, худалдан авахдаа анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Мөн сайт дээр байрлуулсан заранд итгээд хэрэггүй.

СЭЖИГТЭН О:
ЗАЛИЛАН ХИЙХЭЭ БОЛЬЁ ГЭЖ ХЭЛСНЭЭС БОЛООД ЗОДОЛДСОН

-Хэзээнээс залилан хийж эхэлсэн бэ?

-Өнгөрсөн долдугаар сарын сүүлээс хойш залилан хийж эхэлсэн. Яг хэдэн удаа залилан хийснээ сайн мэдэхгүй байна. Олон залилан хийсэн тул мартчихаж. Ямар ч гэсэн 10 гаруй хүн залилсан байх аа.

-Залилан хийх санааг анх хэн гаргасан юм?

-Энэ санааг З гаргасан. Би З-тэй найз. Нөгөө хоёрыг нь сайн мэдэхгүй. З-гийн хамаатан гэсэн.

-Яагаад залилан хийх болсон юм. Ажил хийгээд мөнгө олоход хэцүү байна гэж үү?

-Аав, ээж, дүүтэйгээ хамт амьдардаг. Аав, ээж ажил хийдэг. Би ШУТИС-ийн дөрөвдүгээр курсын оюутан. Найз минь “Надад мөнгө хэрэгтэй байна. Чи туслах ёстой” гэхээр нь туслахыг хүссэн юм. Нэг ёсондоо найздаа уруу татагдсан. Гэрийнхэн минь мэдээд их гайхсан. Хохирол барагдуулахын тулд их хичээж байгаа.

-Залилан хийхээ болих хэрэгтэй гэж бодож байсан уу?

-Би эд нарт одоо залилан хийхээ болих хэрэгтэй гэж хэлсэн. Ингэж хэлснээсээ болж тэдэнтэй хоёр ч удаа муудалцаж, зодолдсон. Даанч болиулж чадаагүй юм. Би дахиж залилан хийхгүй гэж хэлээд энэ хэдээс зайгаа барьсан хэдий ч над руу залгаад дуудаад салдаггүй байсан юм. Одоо яах гэж энэ хэргийг хийв дээ гэж их харамсаж байна. Өөр юу ч хэлэх вэ дээ.

-Найзад чинь хэр хэмжээний мөнгө хэрэг болсон юм бэ, юунд зарцуулах гэж байсан юм бол?

-Сургалтын төлбөр, машин авах мөнгө хэрэг болоод байна гэсэн. Гэхдээ олсон мөнгөөрөө хоёр гурван өдөр баар хэсч, архи уугаад л дуусдаг байсан. Олсон мөнгөнөөсөө сургалтын төлбөрөө л өгсөн байх.

-Утасны ченж та нарын аваачиж өгдөг эд зүйлсийг залилан хийж олсон гэдгийг мэддэг байсан уу?

-Бид ченжийг танихгүй. Тэр ченжийг “Tedy” төвийн лангуу түрээслэгчид бүгд таньдаг юм байна лээ. Бид утас зармаар байна гэсэн чинь тэр хавийн лангуун дээр зогсдог хүмүүс дугаарыг нь өгсөн. Залилангийн замаар олсон эд зүйл гэдгийг мэдэж байгаа ч биднээс худалдаж авдаг.

СЭЖИГТЭН З:
БИДНИЙ ХИЙСНЭЭС ӨӨР ГҮТГЭЛГИЙН ЧАНАРТАЙ ХЭРЭГ НЭМЭГДЭХ ВИЙ ГЭХЭЭС ЭМЭЭЖ БАЙНА

-Энэ хэргийг чамайг санаа­чилсан гэж О хэлсэн. Үнэн юм уу?

-Би энэ хэргийг санаачлаагүй. Найзууд л уруу татсан юм. Надад бас бага зэрэг мөнгөний хэрэг гарсан юм. Тэгээд л залилан хийх болсон. Би ШУТИС-д сурдаг. Энэ жил төгссөн. Энэ хэргийг хийсэндээ их харамсаж байна. Ойр зууртаа хэрэглэх хэдэн төгрөгийн л хэрэг болоод байна.

-Хэн хэнтэйгээ амьдардаг вэ?

-Би гэртээ аав, ээж, ахтайгаа хамт байдаг. Аав, ээж тэтгэвэрт байдаг. Том ах маань Солонгост ажил хийдэг. Нэг эгч Архангайд байдаг юм. Хамт байдаг ах маань барилгын коллежид сурдаг.

-Залилан хийхээ болих хэрэгтэй гэж О-г хэлэхэд та нар эсэргүүцсэн гэсэн. Үүнээс болж зодоон болсон гэсэн үнэн үү?

-Худлаа. Дөрвүүлээ нийлээд залилан хийхээ болье гэж ярилцсан. Тэгээд больж чадахгүй хэн хэндээ уруу татагдаж явсаар байгаад л ийм байдалд хүрлээ. О бол миний найз. Харин нөгөө хоёр нь манай хамаатан. Бид ах дүүсийн хүүхдүүд. Бид бүх хэргээ хүлээсэн. Одоо хохирогчдыг таниулах үйл ажиллагаа явж байна. Бидний мэдэхгүй, гүтгэлгийн чанартай хэрэг нэмэгдэх вий гэхээс айж байна. Яагаад гэвэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа болохоор зарим нэг зальтай хүмүүс цагдаад худал мэдүүлэг өгч биднээс мөнгө нэхэх магадлалтай. Тиймээс хилс хэрэг гарч ирэн бидний нуруун дээр буувал хэцүү л байна. Гэхдээ хуулийн дагуу үнэн зөвөөр нь шийдэх байх.

Ч.БОЛД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж