Морин хуурын чуулга энэ жил 20 нас хүрнэ. Тэд ойдоо зориулан өнөөдөр, маргааш, мөн 12-нд Соёлын төв өргөөнд бие даасан тоглолтоо толилуулах гэж байна. Гэхдээ та гурван өдөр нэг тоглолт болно гэж андууруузай. Учир нь Морин хуурын чуулга гурван өөр тоглолтоор бэлэг барихаар зэхээд байгаа юм. Үүнд, эхний тоглолтод буюу өнөөдөр дан Монголын шилдэг уран бүтээлчдийн хөгжим, аялгуу эгшиглэх бол хоёр дахь тоглолт нь дэлхийн хөгжмийн болон дууны бүтээлүүдийг морин хуураар хэрхэн амилуулахыг үзүүлэх юм байна. Харин сүүлийн тоглолтдоо Монголын болон дэлхийн шилдэг бүтээлүүдийг нэг дор сонсох ховорхон боломжийг бүрдүүлэх гала тоглолт хүргэх аж. Ийнхүү Морин хуурын чуулга гурван өнгөөр солонгорон үзэгчдийн сонорыг мялаах нь ээ.
Морин хуурын чуулгын ойн тоглолт тухайн өдрийн 16.00 цагт эхлэх бөгөөд тасалбарын үнийн хувьд суудлын зэрэглэлээс хамаарч 10,000 ба 20,000 төгрөгийн үнэтэй юм.
Г.ДАША