Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих ёстой гэв

Хуучирсан мэдээ: 2012.10.09-нд нийтлэгдсэн

Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих ёстой гэв

УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлэг Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран эмэгтэй бизнес эрхлэгчидтэй уулзаж байна. УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлэг чуулганы хугацаанд  эрүүл мэнд,  нийгэмд тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа.

Үүний нэг нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлыг эмэгтэй гишүүд парламентын төвшинд яаж шийдвэрлэх боломжтой вэ гэдгийг нээлттэй хэлэлцэхээр ярилцаж байгаа гэлээ. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн 60 гаруй хувь нь  жижиг, дунд, бизнес эрхэлдэг юм байна. Гэтэл жижиг, дунд бизнес эрхлэгчдэд тавих анхаарал нь бага байдаг гэдгийг онцолж байлаа. УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Жижиг, дунд үйлдвэрлэл ажлын байрны 90 хувийг бүрдүүлдэг. Гэтэл төр засгаас үүнд анхаарал тавих нь бага байдаг. Ялангуяа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид нь голдуу эмэгтэйчүүд байдаг. Энэ хүмүүст туслах, тэдэнд тулгамдаж буй асуудлыг төрөөс зохицуулах юм бол ядуурал буурах хамгийн гол хөдөлгүүр болж чадна. Тиймээс бид эмэгтэйчүүдийн бизнесийг дэмжих, тэдэнд тулгамдаж буй асуудлыг нээлттэй ярилцахаар энэ уулзалтыг зохион байгуулж байна” гэлээ.

Харин бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн  төлөөлөл тэдэнд эргэлтийн хөрөнгө, татварын дарамт, тоног төхөөрөмж, хүний нөөцтэй холбоотой  олон олон бэрхшээл тулгардгийг хэллээ. Тэгэхдээ энэ бүгдийн дотроос хүний нөөцтэй холбоотой асуудал бол хамгийн хурцаар тавигдаж байгаа” онцоллоо. Учир нь ажиллах хүчний ихэнхи хувь нь уул уурхай, барилгад ажиллаж үйлдвэр эрхлэгчдэд тогтвортой ажиллах хүчин дутагдаж байгаа гэнэ. Мөн ажиллах насны иргэдийн ихэнхи хувь нь гадаадад гэрээгээр ажиллах болсон . Үүнийг хуулиар нарийвчлан зохицуулж Монголдоо ажиллах боломжоор хангаж өгөхийг тэд уриаллаа. Үүнээс гадна зөвхөн төрийн албан хаагчдыг бус бизнес эрхлэгч хувийн хэвшлийнхнийг ч мөн орон сууцны урт хугацааны хөнгөлөлттэй зээлэнд хамруулж өгөх зэрэг тулгамдаж буй асуудлуудаа нээлттэй хэлэлцсэн юм.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж