Ерөнхийлөгч Монгол-Норвегийн бизнес форумд оролцож үг хэлэв

Хуучирсан мэдээ: 2012.10.09-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Монгол-Норвегийн бизнес форумд оролцож үг хэлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 10 дугаар сарын 8-ны өдөр Монгол-Норвегийн бизнес форумд оролцож үг хэлэв. Тус форумд Монголын талаас 60 гаруй, Норвегийн талаас мөн тооны бизнес эрхлэгчид оролцов.
Форумыг Норвегийн Үйлдвэр, худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Жанэтт Ирэн Моен нээж, МХАҮТ болон Норвегийн худалдааны танхимаас хамтран зохион байгуулж буй форумд амжилт хүсээд хоёр орны худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх талаар өөрийн байр суурийг илэрхийлэв. Тэрээр  дэд бүтэц, аялал жуулчлал, банк санхүү, гэрчилгээ олголтын салбарт хоёр орны харилцааг хөгжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа хэллээ.  
 
Дараа нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ “Өнөөдөр та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна. Юуны өмнө өөрийн улсын тухай товч танилцуулъя. Монгол Улс бол арвин баялаг түүхтэй, өөдрөг гэгээн ирээдүйтэй ард түмэн. Манай хоёр орон нийтлэг үнэт зүйлстэй, энэ бол ардчилал. 1990 оны ардчилсан хувьсгалаас хойш Монгол Улс Азийн оронд, тэр тусмаа жижиг оронд боломжгүйд тооцогдож байсан эдийн засаг, улс төрийн цогц өөрчлөлтийг нэгэн зэрэг хийж чадсан.
 
Нэгэн цагт дэлхийн хамгийн том хуурай газрын эзэнт гүрэн байсан Чингисийн Монгол өөрийн цадиг түүхийг бүтээсээр 20 дугаар зуунтай золгосон. Дараа нь коммунизмын 70 жилийн буулгыг даван гарч 1989 онд ардчилсан хувьсгалтай золгосон юм.

 
Энэ зун бид долоо дахь удаагийн парламентын сонгуулиа явууллаа. Улс төрийн эрх мэдэл нэг хүчнээс нөгөө хүчинд шилжих нь Монголд тайван замаар шийдэгддэг ердийн асуудал болсон. Бид нээлттэй орон. Норвеги улсын эрдэс баялгаа хэрхэн үр дүнтэй ашигласан туршлага нь бидний сонирхлыг татаж байна. Түүнчлэн Норвеги улс нь хууль дээдлэхүйн жишгээр амжилт олж байгаа нь бидний суралцах ёстой нэгэн зүйл. Сайн засаглалыг хөгжүүлж чадвал эдийн засаг өсдөг. Норвеги Улс нь технологийн дэвшлийг эрчимтэй хөгжүүлж усан цахилгаан станцаар эрчим хүчнийхээ 95 хувийг хангаж байна. Бид энэ салбарт төдийгүй, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах бодолтой байгаа” гэв.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж