А.Арман: МҮОНРТ бол хувийн компани биш

Хуучирсан мэдээ: 2012.10.09-нд нийтлэгдсэн

А.Арман: МҮОНРТ бол хувийн компани биш

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүд өчигдөр хуралдлаа. Тэд Хяналт шалгалтын хороогоо байгуулахаас эхлээд өнгөрсөн зургаан жилийн хугацаанд хийсэн ажлаа тайлагнах байсан ч тайлагнахыг хүсээгүй байна. Тэр ч бүү хэл, хяналт шалгалт хийе гэж санал гаргасан нэгнээ “нүд үзүүрлэж”, ярьж хэлснийг нь үгүйсгэсэн гэнэ. Энэ талаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн А.Армантай ярилцлаа.

-МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл өнөөдөр /өчигдөр/ хуралдлаа. Хур­лаар ямар асуудал хэлэлцэв. Хурлын шийдвэр юу гэж гарсан бэ?

-Үндэсний хорооны шинээр томилогдсон долоо, хуучин байсан таван гишүүн гээд нийт  12 хүний бүрэлдэхүүнтэйгээр хурлаа хийлээ. Гэтэл хурлаас миний хүлээж байсан үр дүн гарсангүй. Ямар үр дүн хүлээж байсан гэхээр олон нийтийн эрх ашгийг нэн тэргүүнд тавь­сан өөрчлөлт шинэч­лэлийн талаар ярилцах, өмнөх хийсэн ажлаа тайлагнах, түүнд хяналт шалгалт хийх тухай ярих байх гэж бодсон. МҮОНРТ бол хувийн компани биш нийтийн өмч гэдгийг нь жинхэнэ утгаар нь харуулахын төлөө цаашид тэмцэх болно. Энэ бол өв залгамжилсан вант улс биш байхгүй юу.   Тэгтэл хурлаар ямар ч асуудал хэлэлцсэнгүй. Зөвхөн миний санал болгосноор Л.Пүрэвдорж гуайг Үндэсний зөвлөлийн даргаар томилсон. Үүнээс өөр ямар ч асуудал хэлэлцээгүй. Хэлэлцэж шийдэх асуудал өчнөөн байхад тоосонгүй. Яагаад Л.Пүрэвдорж гуайг санал болгосон бэ гэвэл насаар ахмад, бусдыг удирдах талаар  хүлээн зөвшөө­рөгд­сөн генерал хүн гэдэг утгаар нь.

-Хяналтын хороогоо байгуулах ёстой байсан гэл үү?

-Байгуулах ёстой.  Энэ байгууллагад төрөөс 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулдаг атал  хяналт та­вих боломжийг нь бүрдүүлэхгүй байна. Өнөөдөр иргэн бүр сар болгон  хүссэн, хүсээгүй 800 төгрөг төлж байгаа атал үүнийг ямар зүйлд зарцуулж байна вэ гэдэг нь тодорхойгүй байна шүү дээ. УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн зүгээс томилогдсон дарга нар өнөөдөр юу ч хийхгүй байна. Тэд ёстой нөгөө нэг “цайны үг”-ээ яриад шинэчлэл өөрчлөлтийн талаар санал гаргахгүй юм. Нэг зүйлийг тодруулж хэлэхэд, надад МҮОНРТ-ийн захирал М.Наран­баатар гэдэг хүнтэй харш­лах шалтгаан байхгүй. Би түүнтэй дайсан  биш. Дээрээс нь түүнийг олон жил дарга хийлээ гэж атаархсан юм биш. Зөвхөн хийсэн, бүтээсэн ажлаа тайлагнаж, өөрийнх нь томилгоо хууль ёсных байсан уу гэдгийг лавлах гэсэн юм. Ажлын үр дүн­гээр нь тухайн захирлыг үргэлжлүүлэн томилох ёстой. Гэтэл Үндэсний зөвлөлийн гишүүн байх бүрэн эрх нь дууссан байтал зарим хүний тусламжтайгаар дахин сонгогдлоо. Энэ бол хууль бус томилгоо. Хууль бус юм бол тайлбарлах ёстой. Хуулийн хугацаа нь дууссан  гишүүдийн тусламжтайгаар дахиад сонгогдсныг л гайхаад ойлгохгүй байна. Хуулиа­раа бол УИХ-д шинээр сонгогдсон гишүүд танга­рагаа өргөснөөр шинэ УИХ хүчинтэй болдог. Үүнтэй адил байх ёстой. Би телевиз, радио, сонины салбарт 22 жилийн туршид ажилласан хүн. Удирдах зөвлөлийн гишүүд дотроо энэ байгууллагын талаар сайн, муу бүхний та­лаар­хи их мэдээлэлтэй хүн учраас хууль бус байж болох нөхцөл байдлын талаар асуух эрх нь надад бий.

-М.Наранбаатарыг яагаад дахин томилсон гэж үзэж байна. Нөлөө, хү­рээлэл байсан юм болов уу?

-Түүнийг өнгөрсөн зур­гаан жилийн хугацаанд юу хийснийг нь олж харахгүй байна.  Ажлын тайлан хүсч байсан ч өг­сөнгүй. Зөвхөн  ажиллаж байгаа хүний тоо, тэдний авч байгаа цалингаас өөр зүйл яриагүй. Үндэсний зөвлөлийн гишүүдэд  хэдэн хүн ажиллаж байгаа нь сонин биш. Зөвхөн хийж бүтээсэн ажлын тай­лан хэрэгтэй. Энэ утгаараа би хариуцлага яримаар байна. Ний нуугүй хэлэхэд МҮОНРТ-д ажиллаж байгаа сэтгүүлчидтэй уулзаж ярилцахад тэд шинэчлэлийг хүсч байна лээ. Бодит байдал дээр шинэчлэлийн төлөө ажлаа сайн хийгээд ч нэмэр алга. Даргын ойр тойронд байгаа хүн дэвшиж, гадаад руу томилолтоор явна. Тойрон хүрээлэгч байгаа энэ үед ямар ч хэцүү ажлыг сайн хийгээд хэрэг байхгүй.

-Та өөрөө Үндэсний зөвлөлийн гишүүн гэдэг утгаараа ажлаа хийхийг шаардаж болдоггүй юм уу. Хийсэн ажил шаардаж байхаар?

-Шаардлага тавихад хуучны гишүүд нь “Залуу хүүхэд дуугүй бай. Орж ирээд бужигнуулах гэж байна уу” гэх жишээтэй. Би насны хувьд залуу байж болно. Гэхдээ энэ байгууллагын Үндэсний зөвлөлийн гишүүний хувьд адил тэгш эрхтэй. Ажлын туршлага ярих юм бол би тэднээс илүү, давуу байх. Хүүхэд байхаас сонин, радио, телевизэд ажилласан. Энэ утгаараа туршлагатай гэдгээ ам бардам хэлнэ. Хүүхэд гэж хэлээд байгаа хүмүүс нь улс төрийн захиалгатай байдаг юм уу эсвэл хувийн ашиг сонирхолтой болоод асуудлыг хойшлуулж байгаа байх. Дээрээс нь өнөөдрийн хурлаар  Өргөдөл, гомдол шалгах хорооны даргаа сонгож чадсангүй. Өргөдөл, гомдол шалгах хорооны хуучин даргаас нь “Хэдэн өргөдөл гомдол ирдэг вэ. Түүнийг ялгаж салгадаг зүйл байна уу” гэхэд “Үгүй” гэж хариулж байна лээ. Энэ нь ажилдаа ямар хайнга ханддагийг илэр­хийлэх байх. Өнөөдрийн хуралдаан бол найзан дундаа хуралдсан болоод тарлаа. Хурлын дараа юу болсныг сайн мэдэхгүй байна. Бодвол хоол идэ­хээр хамт явсан байлгүй.

-Тэгэхээр М.Наран­баатар солих ёстой гэж үзэж байгаа юм уу?

-Түүнийг солихоос илүү системийг нь өөрчлөх ёстой. Энэ бол олон ний­тийн гэсэн нэр томъёотой боловч хувийн компани шиг байна. Хяналт шалгалт нь сул зөвхөн дарга нарыг тойрон хүрээлэгч нар олон байна. Үүнийг өөрчлөх ёстой. МҮОНРТ-д ажиллаж байгаа бүх уран бүтээлч үүнийг баталж чадна. Дээрээс нь энэ завхралыг өөрчлөх чин эрмэлзлэл Үндэсний зөвлөлийн гишүүдэд байх ёстой. Уг нь шинэчлэлийн төлөө гэсэн сэтгэлтэй олон хүн Үндэсний зөвлөлд бий л дээ. Даанч хэлсэн, ярьс­ныг нь тоохгүй юм. Энэ завхралын эсрэг тууштай явна гэдгээ хэлье. МҮОНРТ бол хувийн компани биш нийтийн өмч гэдгийг нь жинхэнэ утгаар нь харуулахын тө­лөө цаашид тэмцэх болно. Энэ бол өв залгамжилсан вант улс биш байхгүй юу.

-Хурлаар хэлэлцэх асуудлын дараалал ч байгаагүй хэрэг үү?

-Байгаагүй. “Дараалал гаргая” гэхэд үл тоосон шинжтэй сатааруулсан. Хамгийн гол нь яагаад бухимдаад байна гэхээр  МҮОНРТ-ийн удирдах зөвлөлийн ирц бүрдэхгүй байдаг юм. Тэгвэл өчигдөр бүрдлээ. Гэвч ирц бүрдсэн ч шийдвэрлэх ёстой олон асуудлыг хэлэлцэхээс татгалзлаа. Одоо дахиад хэдий хугацаанд энэ байдал үргэлжлэхийг хэлж мэдэхгүй юм.

-МҮОНРТ-ийг төрийн эрхэнд байгаа албан тушаалтнуудад үйлчилдэг гэх шүүмжлэл бий. Үүнд ямар хариулт өгөх вэ?

-Би нэг зүйлийг олж харсан. Өнөөдөр ч олж харлаа. Юу гэхээр энэ телевиз, радио бүхэлдээ намд үйлчилдэггүй юм байна. Зөвхөн удирдаж байгаа хэсэг хүн төрийн өндөрлөгт байгаа хүмүүст үйлчилдэг юм билээ. Хэн хүчтэй байна түүнд үйлчилж байна. Наад зах нь залуус сайхан нэвт­рүүлэг хийгээд өгөхөд авахгүй байна. Зөвхөн удирдах албанд байгаа хүмүүсийн хувийн бизнес цэцэглэсэн газар нь МҮОНРТ болжээ.

-УИХ-ын Төрийн бай­гуулалтын байнгын хо­рооны дарга А.Бакей МҮОНРТ-ийн захирал М.Наранбаатарт шаард­лага хүргүүлсэн. Энэ нь хууль бусаар томилгоо хийхгүй байх тухай байсан?

-Албан тушаал эрхлэх хугацаа нь хуулиараа дууссан байтал Үндэсний зөвлөлийн гишүүд М.На­ран­баатарыг томилсон нь хууль бус томилгоо. Үүний­гээ тэд зөв гэж тайл­барлаад барахгүй, үүнд “Улсын дээд шүүхийн тайлбар гаргуулъя” гээд хүний санаанд оромгүй зүйл яриад явж байна. Ингэж болохгүй. Тэгж ярих юм бол Улсын дээд шүүх, Хууль зүйн яамны зөвшөөрлөөр Эрүүгийн, Иргэний, Эрүүгийн бай­цаан шийтгэх хууль, Гэр бүлийн тухай хууль гээд олон хуулийг тайл­бар­ласан ганцхан зохиолч нь гэвэл би. Миний бүтээл ард түмэнд хүрээд, МҮОНР-ийн “Алтан фонд”-д хадгалагдаж байгаа шүү.

-Та М.Наранбаатарын ямар ажил хийсэн гэж дүгнэж байгаа юм бэ?

-Ямар ч ажлыг нь харахгүй байна. Хийсэн ажлынхаа тайланг ч гаргаж өгсөнгүй. Тэгэхээр үүнийг юу гэж ойлгох ёстой юм бол. Сайн мэдэхгүй юм.

-МҮОНРТ-ийн Үн­дэс­ний зөвлөлийн гишүүд ямар үүрэгтэй байдаг юм бэ. Цалин мөнгө авдаг уу?

-Урамшуулал байдаг юм билээ. Энэ нь 250 мянган төгрөг. Бидний гол зорилго нь урамшуулал авахдаа биш. МҮОНРТ-ийг шинэчилж хөгжүү­лэхдээ л байгаа юм.

-Хяналтын хороо байгуулаагүй шалтгаан нь юу бол. Хардлага бий биз?

-“Өөрчилж, шинэ­чи­лье” гэж олон нийт хүлээж байхад холбогдох хүмүүс нь үүнийг хайцаалж байна. МҮОНРТ  бол ард түмний өмч. Гудамжинд яваа хүн ч М.Наран­баата­раас юу хийсэн тухай нь  асуух эрхтэй. Гэтэл энэ бүхэн бүхэлдээ хаалттай байна.

-Үүний цаана авлигын асуудал байна гэж үзээд байна уу?

-Энэ байгууллагын нийт төсөв 10 тэрбум төг­рөг. Үүнийг юунд зар­цуулс­наа яагаад тайлаг­нахгүй байгааг нь ойлгохгүй юм.

-Таныг шүүмжиллээ гээд дарамт шахалт ирвэл яах вэ?

-Би шинэчлэл, өөрч­лөлтийн талаар ярьж байгаа болохоос биш хэн нэгний мууг үзэх гээгүй. Хурлаар намайг ширүүн үг хэллээ гээд зарим хүн “Ална” гэхчилэн занаж  яваа гэнэ лээ. Яагаад ийм зүйл яриад явааг нь ойл­гохгүй л байна. Шүүмжлэл хүлээж авахгүй дарга байгаад  яах юм бэ.

Д.БОЛОРМАА
Эх сурвалж: Зууны мэдээ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж