Экс Ерөнхийлөгч Мохамед Нашидийг өнгөрөгч хоёрдугаар сард болсон эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр хүчээр огцруулж, гэрийн хорионд оруулсан юм. Мөн түүнийг дахин ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхийг нь хассан байна. Харин Мохамед Нашид өөрийг нь ийнхүү баривчилсныг эсэргүүцэн энэ нь улс төрийн зорилготой үйлдэл гэж мэдэгджээ. Мальдивийн экс Ерөнхийлөгчийг өнгөрсөн хугацаанд хоёр ч удаа байцаалтад дуудсан боловч тэрээр өөрт нь тулгаж буй хэргийг эсэргүүцэн очоогүй. Түүний хэргийн шүүх хурал өнөөдөр болох бөгөөд гэм буруутай гэж үзвэл гурван жил шоронд хорих юмуу жижиг арал руу цөлөгдөх ял сонсох аж. Мохамед Нашид нь өнгөрсөн 30 жилийн хугацаанд анх удаа ардчилсан сонгуулиар сонгогдсон ерөнхийлөгч юм.
Мальдивийн экс ерөнхийлөгчийг баривчилжээ
Мальдивийн цагдаа нар улсынхаа дөрөв дэх Ерөнхийлөгч асан Мохамед Нашидийг өмнөд хэсгийн “Fares Mathoda” шүрэн арлаас баривчилсан байна. Экс ерөнхийлөгчийг баривчлах ажиллагаанд гурван завь бүхий 80 гаруй бүрэн зэвсэглэсэн цагдаагийн тусгай албаныхан оролцсон бөгөөд түүнийг дэмжигчид баривчлах ажиллагааг эсэргүүцэн саад хийхийг оролджээ. Мохамед Нашидийг шүүхийн шийдвэрийг үл тоосон, хорионоос зугтсан хэргээр ийнхүү баривчилсан байна.
Б.АНХТУЯА