
Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес улс орноо дахин зургаан жил удирдана. Анх удаагаа эвсэлдэн нэгдсэн сөрөг хүчний нэр дэвшигч түүнээс ялалтыг нь “булаан авч” чадсангүй. Өнгөрсөн ням гаригт болсон сонгуулиар Чавесийн төлөө сонгогчдын 54,44 хувь саналаа өгчээ. Тус улсын хуулиар ердийн олонхийн санал авснаар ерөнхийлөгчөөр сонгогдох боломжтой болдог. Чавес энэхүү ялалтаа “урт хугацаанд мардагдашгүй агуу ялалт” хэмээн тодотгов.
Үндэсний сонгуулийн зөвлөл ням гаригийн сонгуулийн саналын хуудасны 90 хувийг тоолсны дараа өнөөгийн Ерөнхийлөгч Чавесийн төлөө 7,4 сая хүн буюу сонгогчдын 54,44 хувь нь саналаа өгсөн гэж мэдэгдлээ. Урьдчилсан дүнг зарласны дараа Мирафлорес гэх ерөнхийлөгчийн ордны тагт дээр Чавес гарч ирэн, талбайд цугларсан олон мянган дэмжигчдэдээ баяр хүргэв.
Чавесийн гол өрсөлдөгч 40 настай, хуульч Энрике Каприлес-Радонски 44,96 хувийн санал авчээ. Миранда мужийн захирагч байсан тэрээр ялагдлаа хүлээж, Чавест дөрөв дэх удаагаа сонгогдож буйд нь баяр хүргэсэн байна. “Би түүнд баяр хүргэсэн илгээлтээ явуулсан” гэж тэрээр хэлжээ.
Энэ сонгуулийн кампани Чевесийн дөрвөн сонгуулиас хамгийн ээдрээтэй бөгөөд урьдчилан таамаглахын аргагүй нь байсан юм. Анх удаа 1999 онд, дараа 2000, 2006 онд дараалан сонгогдож байсан Чавесын хувьд сөрөг хүчнээс нэр дэвшигч Каприлес хүчтэй өрсөлдөгч нь байлаа. Орос-польшийн еврейн гэр бүлээс гаралтай Каприлес 1998 онд 26 насандаа хамгийн залуу депутат бөгөөд тус орны түүхэнд хамгийн залуу спикер болж байлаа. Тэрээр сонгуулийн өмнө Чавесийнхтай адил гэхээр чансаатай байсан юм.
Санал хураах өдрийг Чавесийн талынхан нийслэлд бүрээ үлээн сонгогчдыг сэрээснээр эхэлжээ. Хэвлэлийн мэдээгээр сонгогчдын 80 хувь нь сонгуульд оролцсон байна.
Хагас жилийн өмнө 58 настай Чавес сонгуульд оролцож чадах уу гэсэн асуудалтай байлаа. Төрийн тэргүүн хорт хавдраар өвчилсөн нь тодорхой болов. Гэвч Кубад эмчлүүлсэн ерөнхийлөгч 2012 оны гуравдугаар сард хүнд өвчнөө давсан, дахин ерөнхийлөгчийн суудлын төлөө арсөлдөнө гэж зарлав. “Удаан дурсагдах агуу ялалт хүртэл долоон сар хүрэхгүй хугацаа үлдлээ” гэж тэрээр зарлаж байсан юм.
Цэргийн хүн байсан Чавес төрийн эргэлт хийх оролдлого нь бүтээгүй учраас хоёр жил шоронд суугаад гарч ирсний дараа ерөнхийлөгчийн суудалд суусан юм. Хүнийг татах увидастай, америк ба имперализмын гэх бүгдийг үзэн яддаг, Кубын лидер Фидель Кастрогийн том найз Чавес өөрийн эрх барьсан үеэ “боливарианы хувьсгал” гэж нэрлэдэг. Тэрээр XXI зууны социализмын бүтээн байгуулалт хийхээр зарласан юм. Тэр 1999 онд бүх нийтийн санал асуулгаар шинэ Үндсэн хуулиа батлуулсан байна. Түүнийг унагаах төрийн эргэлт 2002 онд гарсан ч тэр үнэнч цэргийнхнийхээ туслалцаатайгаар эргэн засагт суугаад бүх зүүний хүчнийг Венесуэлийн Нэгдсэн социалист намын нэрийн дор нэгтгэн эрх мэдлээ бэхжүүлж чадлаа. Түүнд дарангуйлагчийн бүх эрх мэдлийг өгөх ёстой байсан 2007 оны бүх нийтийн санал асуулгад ялагдсаны дараа тэр хоёр жил болоод дахин бүх нийтийн санал асуулгыг амжилттай явуулан нэг хүн ерөнхийлөгчөөр хоёр удаа л сонгогдоно гэсэн Үндсэн хуулийн заалтыг өөрчлүүлэн өөрөө хичнээн ч удаа сонгогдох эрхийг авсан байна. Тэр тав дахь удаагаа ерөнхийлөгч болох хүсэлтэйгээ аль эрт хэлсэн байгаа.