“Max Mall” төвийн тавдугаар давхарт байрлах “976” уран зургийн галерейд өнгөрсөн амралтын өдөр саатлаа. Учир нь тэнд “Эртний өгүүлэмжийг Nestle-гээр” үзэсгэлэн нээлтээ хийсэн юм. Цахилгаан шатнаас буухад л үзэсгэлэнгийн танхимаас танил дотно кофены үнэр ханхална. Даяарчлагдсан ертөнц дэх хамгийн түгээмэл умдааны нэг нь кофе. Тэгвэл хүн төрөлхтний өдөр тутмын хэрэглээ болсон кофегоор дамжуулан оюуны бүтээл туурвисан нь олны сонирхлыг татаж байлаа. Зураачдын урлангаас будаг, гуаш, шинэхэн зотон давууны үнэр ханхалдаг бол энэ үзэсгэлэнгээс кофе үнэртэнэ. Үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүдийн өгүүлэмж хүртэл кофены бор шаргал өнгөөр амилсан хэдэн мянганы тэртээх түүх соёл руу хөтлөнө. Ирсэн зочдыг эртний түүх соёл руу хөтлөгч зуучлагчид бол зураач Ё.Далх-Очир, Б.Энхтуяа нар юм.
Цаг хугацаа улиран өнгөрөх тусам хүний амьдралын хэмнэл хувьсан өөрчлөгдөх ч өнгөрсөн үеэсээ улбаатай холбоотой л байдаг. Зураач Ё.Далх-Очирын бүтээлүүдэд тэртээ 30-40 мянган жилийн өмнөх хадны сүг зургуудаар илэрхийлэгдэж байсан тэмдэгтүүд орчин цагийн интернэтийн тэмдэгтүүдээр хэрхэн илдэрхийлэгдэх болсныг холбон харуулсан нь яах аргаггүй үзэгчдийн сонирхолыг татаж байсан юм. Түүнчлэн, зураач Б.Энхтуяа “Бодьсадва” цуврал бүтээлүүдээ толилуулжээ. Бодьсадва гэдэг нь самгарди хэлнээс орчуулбал “Гэгээрэхийг хүсэн тэмүүлсэн хүн” гэсэн утгатай үг. Өнөөгийн нийгэмд хүн өөрөө өөрсдийгөө танин мэдэхээр тэмүүлж байдаг учраас тэрээр өөрийнхөө дүрийг “Бодьсадва”-тай холбон дүрсэлжээ.
Кофены бор шаргал өнгө эртний хадны сүг зураг, уйгар эмэгтэйн хөрөг зурахад илүү дөхөмтэй байсан гэнэ. Мөн түүний бүтээсэн “Бодьсадва” цуврал бүтээлийн дээжээс “Говь” компанийн дизайнер С.Ариунаа ноолууран ороолт дээр урласныг тэрбээр зүүж явсан нь нь их л содон харагдсан шүү. Сонирхуулахад, цаашид түүний бүтээл ноолууран ороолтыг гоёно гэсэн шүү.
Тус үзэсгэлэн анх өнгөрсөн тавдугаар сард Уран зургийн галерейд дэлгэгдсэн. Харин энэ удаад “976” уран зургийн галерейн урилгаар дахин үзэгчдийн хүртээл болж байгаа юм. Тэд хүнсээр дамжуулан оюуны бүтээлийг урласан нь гадаад дотоодын үзэгчдийн талархалыг хүлээгээд байгаа ба энэ төрлийн бие даасан үзэсгэлэн гаргасан анхын уран бүтээлчид болж буйгаараа онцлог гэнэ. Тиймээс “Nestle” кофены Швейцарь дахь төвийн менежер тэдэнд хандан уг үзэсгэлэнгээ манай төв дээр гаргаач ээ хэмээн санал тавиад байгаа гэнэ.
Тэд хүнсий бүтээгдэхүүнээр оюуны тэжээл хийхийг гол зорилгоо болгосон нь ийнхүү биеллээ олжээ. Мөн тэд кофегоор урлагийн бүтээл хийхийн сацуу таны гэрийг чимэх интерьер дизайны шийдлийг хэрхэн амилуулж болохыг харуулсан байна.