
Стортингийн Дэд Ерөнхийлөгч Ахтар Шаудри “Ардчиллын үнэт зүйл бол хамгийн чухам. Тэрхүү үнэт зүйлийг Азийн тоталитар дэглэмтэй байсан оронд буй болгож эрийн цээнд хүргэх нь бүр ч амаргүй. Ардчиллын үнэт зүйлийг амьдруулахад удирдагчийн манлайлал зайлшгүй чухал. Таны манлайл дор Монгол Улс цаазаар авах ялаас бүрэн татгалзахад бэлэн болоод байгаад баяртай байна. Таны Киргизийн парламентад хэлсэнчлэн бид бусдад заах бус, туршлагаа хуваалцах хүсэл эрмэлзэл дүүрэн байдаг. Одоогоос 100 орчим жилийн өмнө манай улсад эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, сонгох сонгогдох эрхийг хуулиар нээлттэй болгосон юм. Монгол Улсад ч мөн эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь, улс төр дэх оролцоо таны тууштай дэмжлэгийн дор өсөн нэмэгдэж байгаад баяртай байна.
Бид 30-40 жилийн турш нийгмийн баялгийг зохистой хуваарилахад чиглэсэн туршлага хуримтлуулсан. Энэ туршлагаа та бүхэнтэй сэтгэл харамгүй хуваалцахдаа баяртай байх болно. Манай хоёр улс хэдийгээр хүн ам цөөтэй жижиг улс боловч дэлхийн хэмжээнд эрх чөлөө, хүний эрхийн талбарт хүчтэй дуу хоолой болж чадна гэж бодож байна. Тухайлбал авлигын эсрэг тууштай тэмцэх нь ч ардчиллыг бэхжүүлэхэд томоохон дэмжлэг, тод дуу хоолой болох юм” гэлээ.
Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Ард түмний сонголтоор бүтсэн төр албан тушаалтан, эрх мэдэлтний төлөө биш ард түмнийхээ төлөө л үйлчлэх ёстой. Өнөөдөр бид энэ зарчим дээр байгаа. Монгол Улсын хувьд бид өөрсдийн туршлагаасаа бусадтай идэвхтэй хуваалцаж байна. Эмэгтэйчүүдийн эрхийн тухайд бид түүхийнхээ улбааг харахад л бүсгүйчүүд төрийг тохинуулж, эрчүүдтэйгээ эн зэрэгцэн зүтгэж байсан уламжлалтай ард түмэн. Тиймээс Монголд эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо улам бүр өсөн нэмэгдэнэ гэдэгт итгэж байгаа” хэмээв.