Ерөнхийлөгч Норвегийн Ерөнхий сайдтай уулзав

Хуучирсан мэдээ: 2012.10.09-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Норвегийн Ерөнхий сайдтай уулзав

Норвегийн Вант Улсад айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж тус улсын Ерөнхий сайд Енс Столтенбергтэй уулзав. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол орны нийгэмд эдийн засаг, улс төрийн байдлын талаар товч танилцуулаад байгалийн баялгаас олсон орлогыг Норвеги улс төрийн өмчит компаниудын оролцоотойгоор хэрхэн амжилттай хуримтлал болгон “тэтгэврийн сан” бүрдүүлж байгаа талаар сонирхов. Мөн сэргээгдэх эрчим хүч, усан цахилгаан станцын талаар Монгол Улс Норвегийн туршлагыг судлах зорилготой байгааг дурдлаа.
Норвегийн Ерөнхий сайд хэлэхдээ “1960, 1970-аад оны үед Норвеги Улс нь далайн гүний газрын тос, байгалийн хийн асар их нөөцийг тогтоож улмаар улсын өмчит компаниуд дээрх ашигт малтмалыг бизнесийн эргэлтэд оруулан олборлох үйл ажиллагаа эхлүүлсэн. Байгалийн баялагтай ихэнх орнуудын хувьд гадны том компаниудтай хамтардаг бол манай улсын томоохон компаниуд төрийн мэдэлд байдаг. Мэдээж төрийн өмчит компаниудын хувьд улс төрийн нөлөөлөл, авлигын асуудал тулгардаг боловч бид нээлттэй, өндөр хариуцлагатай, ил тод байдлыг дээд зэргээр хангаж өгснөөр дээрх байгалийн баялгийг улс орноо амжилттай хөгжүүлэх хөшүүрэг болгож чадсан.
 
Бидний хувьд танай оронтой бүхий л талаар туршлагаа хуваалцах боломжтой байна. Монгол Улсын хувьд богино хугацаанд ардчилсан тогтолцоонд шилжиж улс төр, эдийн засгийн өөрчлөлтийг нэгэн зэрэг хийж чадсанаараа гайхамшигтай бөгөөд өмнөө тулгамдаж буй сорилт бэрхшээлийг даван туулж сайн хөгжлийн жишгээр урагшилна гэдэгт итгэлтэй байна” гэв.
 
Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч болон Норвегийн Ерөнхий сайд нар хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Норвегийн Ерөнхий сайд Енс Столтенберг хэлэхдээ “Хоёр улсын түүхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн манай оронд хийж буй энэ анхны айлчлал нь Монгол, Норвегийн харилцааг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна гэж үзэж байна. Энэ удаагийн уулзалтаар бид хоёр орны эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг хэрхэн хөгжүүлж болох тухай түлхүү санал солилцлоо. Мөн хүний эрх, ардчиллын сэдвээр ч дэлгэрэнгүй ярилцаж Монгол Улсын бүс нутагтаа төдийгүй дэлхий дахинд үнэлэгдэж буй ардчиллын төлөөх хүчин чармайлтын талаар санал солилцов. Монгол Улсын хувьд эдийн засгийн хурдтай өсөлтийг түүчээлж буй нь гайхалтай юм” гээд Монгол Улсын хөгжил дэвшилд амжилт хүслээ.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч хэвлэлийнхэнд хандан хэлэхдээ “Монгол Улсын Төрийн тэргүүний хувьд анх удаа Норвеги Улсад хийж буй албан ёсны айлчлал амжилттай үргэлжилж байна. Бидний хувьд байгалийнхаа баялгийг ард түмэндээ хэрхэн нээлттэй зөв хүртээх вэ гэдэг асуудал байгаа. Норвегийн хувьд газрын тос, байгалийн хийнээс орж буй ашгаа хамгийн зөв ашигласан туршлагатай орон. Дээрх орлогоо бүгдийг нь тусгай сан болгоод түүнийгээ дэлхийн хэмжээнд хамгийн амжилттай бизнест хөрөнгө оруулалт болгох замаар орлого олдог. Нэг үгээр бол 100 ам.доллар тутмын 4 ам.долларыг л хэрэглэдэг. Харин үлдсэн мөнгөөр нь хөрөнгө оруулалт хийн арвижуулдаг. Хэзээ ч бэлнээр тараадаггүй, нийгмийн халамж болгоод дуусгачихдаггүй онцлогтой. Энэ чиглэлээр бид Норвегиос туршлага судлах зүйл их байгаа. Бид энэ зохицуулалтын хууль эрх зүйн орчныг нь судалж байна. Дараагийн нэг асуудал бол Норвеги Улс нийт цахилгааныхаа 95 хувийг усан цахилгаан станцаас гаргаж авдаг. Энэ чиглэлэд болон сэргээгдэх эх үүсвэрээс эрчим хүч гаргаж авах талаар ч хамтран ажиллах боломжтой” гэв.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж