Ерөнхийлөгчийн Норвеги дэх айлчлал эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.10.09-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн Норвеги дэх айлчлал эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, гэргий Хажидсүрэнгийн Болормаа нарын Норвегийн Вант Улсад хийж буй албан ёсны айлчлал эхэлж тус улсын Цог жавхлант хаан Харалд V, Цог жавхлант хатан хаан Соня нарт бараалхав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдан яваа төлөөлөгч Гадаад харилцааны сайд Л.Болд, УИХ дахь Монгол-Норвегийн бүлгийн дарга Ц.Даваасүрэн, Монгол Улсаас Шведийн Вант Улс, Норвегийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Энхмандах, Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэн, Ч.Сосормаа нарын хамт хааны ордонд хүрэлцэн ирэхэд ордны торгон цэрэг жагсан угтлаа.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурсныхаа дараа Цог жавхлант хаан Харалд V, хатан хаан Соня нартай уулзав. Тэрээр “Эрхэм дээдэс тантай уулзаж буйдаа баяртай байна. Манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой ирэх жил тохионо. Энэ хугацаанд хоёр орны хувьд олон чухал үйл явдал өрнөж, найрсаг харилцаа улам бүр өргөжин хөгжсөн байна. Манай хоёр орны ард түмэн ардчиллын замаар замнаж буй нэг ижил үнэт зүйлтэй бөгөөд сайн засаглал, хууль дээдлэх ёс, хүний эрхийг хангах, тогтвортой хөгжлийн төлөө олон салбарт туршлагаа хуваалцаж хамтран ажиллаж ирсэн. Цаашид бид байгаль орчны салбарт тулгамдаж буй асуудлуудыг хамтран шийдвэрлэх, соёл, спорт, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь чухал юм” гэв.

Норвегийн Вант Улсын Цог жавхлант хаан Харалд V  хэлэхдээ “Монгол Улс бол эртний түүхтэй орон. Энэ удаагийн таны айлчлал Монгол Улсын Ерөнхийлөгчийн манай улсад хийж буй анхны түүхэн айлчлал. Тэр утгаараа энэ айлчлал хоёр орны хоорондын хамтын ажиллагааг бүхий л талаар өргөжүүлэн хөгжүүлэхэд илүү үр дүн авчрах биз ээ” гээд 20 гаруй жилийн өмнө өөр нийгмийн тогтолцооноос ардчилсан тогтолцоонд амжилттай шилжиж өдгөө Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг амжилттай тэргүүлж буй Монгол Улсын байр сууриар бахархаж буйгаа илэрхийллээ.

Дараа нь талууд хоёр улсын түүх, уламжлалын сэдвээр болон ардчиллын үнэт зүйлийн талаар харилцан ярилцсан юм.
 
Норвегийн хаан Харалд 1937 онд төрсөн бөгөөд 1991 оны нэгдүгээр сарын 17-нд хаан ширээнд заларчээ. Тэрээр Цэргийн академи төгсөж, Оксфордын их сургуулийг түүх, нийгмийн ухаан, эдийн засгийн мэргэжлээр дүүргэн Норвеги дахь Дэлхийн байгаль орчны санг 20 жил удирдсан юм. Хатан хаан Соня мөн 1937 онд мэндэлж, Ослогийн их сургуулийг англи, франц хэл, урлагийн түүхийн чиглэлээр дүүргэсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж