Анагаахын Нобелийн эздийг зарлалаа

Хуучирсан мэдээ: 2012.10.09-нд нийтлэгдсэн

Анагаахын Нобелийн эздийг зарлалаа

Энэ жилийн хамгийн анхны Нобелийн шагналтнууд  Жон Гёрдон,
 Шинья Яманака

Шинэчлэгдэж,
өөр эсэд хувирах чадвартай боловсроогүй эсийн талаар судалдаг
Кембрижийн Их сургуулийн профессор Жон Гёрдон, Киотогийн Их сургуулийн
профессор Шинья Яманака нар 2012 оны  Анагаах ухаан физиологийн салбарын
Нобелийн шагналтан боллоо. Энэ хоёр эрдэмтэн “нас бие гүйцсэн” тусгай
эсүүдийг дахин  программчилж  өгвөл “залуу” эсүүд болоод организмын бүх
махбодид ялгагдах чадвартайг тогтоож өгөв.

“Тэдний нээлт
нь эс ба организмын хөгжил хэрхэн явагддаг тухай бидний мэдлэгт
хувьсгал хийж өглөө” гэж Каролиний анагаахын дээд сургуулийн дэргэдэх
Нобелийн хорооны мэдээлэлд өгүүлжээ.

Жон Гёрдон  эсийн ангилал
эргэлт буцалтгүйг 1962  онд тогтоожээ. Түүний бүтээл нь Journal of
Embryology and Experimental Morphology сэтгүүлд хэвлэгдсэн юм.

Анагаах
ухаан, физиологийн шагналтнуудыг зарласнаар 2012 оны Нобелийн
шагналтнуудыг зарлах долоо хоног эхэлж байна. Энэ жилийн Нобелийг найман
сая швед крон дагалдах нь 1,2 сая ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгө
юм.

Яманака, Гёрдон хоёр хэдэн жилийн турш энэ өндөр шагнал авах
хүмүүсээр тооцогдож байсан. Тэдний нээлт нь шинэ эд эс бий болгох,
бүхэл бүтэн эрхтэн ургуулах үндсийг тавьж өгөв.

Шинья Яманака нь
Кобе хотын их сургуулийн төгсөгч бөгөөд Киотогийн их сургуулийн
Анагаахын тэргүүлэх шинжлэх ухааны хүрээлэнгийн iPS-эсийн хавсрага
судалгааны төвийн захирал мөн АНУ-ын зүрх судасны өвчний Глэдстон
хүрээлэнгийн ажилтан юм. Өөрийн бүтээлдээ тэр олон нэр хүндтэй
шагналууд, түүний тоонд Шаогийн шагнал (2008), Ласкерийн шагнал (2009), 
Millennium Technology Prize гэх Финляндын шагнал (энэ жилийн зун)
зэргийг хүртэж байв.

Сэр Жон Гёрдон бол Оксфордын их сургуулийн
төгсөгч, Кембрижийн их сургуулийн Хорт хавдрын болон үр хөврөлийн
судалгааны Гёрдон хүрээлэнгийн ажилтан. Яманакатай хамт хийсэн
судалгаагаар тэр Ласкерийн шагналыг 2009 онд хүртжээ.

Шинья Яманака юу хийсэн хүн бэ?

“Стволовая
клетка” (Тулгуур эс)  гэдэг нь ялгагдаагүй (боловсроогүй)  эс бөгөөд
олон эст организмд байдаг. Эдгээр эсүүд нь бие мах бодь, эрхтнүүдийг 
бий олгодог тусгай эсүүдэд хувиран хөгжих чадвартай.

"Стволовая
клетка" гэсэн нэр томьёог 1909 онд Оросын эрдэмтэн Александр Максимов
гаргажээ. Хэдэн төрлийн эсийн эхлэлийг өгөх чадвартай цусны эсийг тэр
ийнхүү нэрлэжээ. Чөмөгний эсээс цусны эс бий болж буйг 1960-аад онд
харуулав. Америкийн биологч Мартин Эванс 1981 онд анх удаагаа хулганы үр
хөврөлөөс хувирч боловсроогүй плюрипотентын гэх (үр хөврөлийнхөөс бусад
янз бүрийн төрлийн эсэд хувиран хөгжих чадвартай) тулгуур эсийг ялгаж
авсан байв.

Америкийн эрдэмтэд: Жон Герхарт, Жеймс Томпсон нар
1998 онд янз бүрийн боловсорсон эсүүд болон эрхтэнг ургуулах чадвартай
өсвөрийг үр хөврөлийн тулгуур эсээс авч чаджээ. Science сэтгүүл 1999 онд
тулгуур эсийн нээлтийг биологийн шимнэлэх ухаанд ДНК-ийн хос мушгианы
тайлалт ба “Хүний геном” хөдөлбөрийн дараах гурав дахь чухал үйл явдал
гэж нэрлэсэн байв.

Үр хөврөлөөс тулгуур эс гарган авах нь ёс зүйн
асуудал дагуулдаг. Урт хугацааны турш тэр асуудлыг тойрч, “биологийн
цагийг” буцаан тусгай эсүүдийг “залуужуулж” болохгүй мэт санагдаж байсан
юм.

Түүгээрээ үр хөврөлөөс биш хүнээс iPS гэсэн плюрипотентны
тулгуур эс гарган авсан  Яманакагийн хэсгийн үр дүн дуулиан болж байна.
Эрдэмтэд генийн нарийн төвөгтэй аргаар эсийг “дахин программчилж” чадсан
байв. Ингээд организмд тодорхой чиглэлээр ажиллах залуужсан эсүүдийг
гарган авч чадсан юм.

Яманакийн аргаар тулгуур эсийн хязгааргүй
их нөөцийг бий болгож чадвал тэр нь хэрэгтэй эрхтнийг ургуулах бөгөөд
үүгээр эрхтэн суулгах салбарт хувьсгал хийж чадах юм гэж шинжээчид
дүгнэж байна.

…Харин Гёрдон юу хийв?

Клони
хийх гэдэг нь ямар нэгэн амьд биетийг ямар нэгэн тоогоор яг
хуулбарлахыг хэлнэ. Клонийг гарган авахад ямар нэгэн анхдагч үр
хөврөлөөс мэргэжиж боловсроогүй үр хөврөлийн тулгуур эс гарган авсны
цөмийг хэрэглэнэ. Түүнийг өөрийнх нь цөмийг авсан өндгөн эсэнд суулгах
бөгөөд тэр нь хөгжсөөр амьтантай генээр яг адилхан клонийг үүсгэж
магадлалтай.

“Жам ёсны” клони гэдгийг бид сайн мэднэ. Тэр нь нэг
өнгөн эсийн ихрүүд юм. Үр тогтсон эс нь жамын дагуу хуваагдан тус
тусдаа хөгжих хоёр  үр хөврөлийг үүсгэдэг.

Германы эрдэмтэн Ганс
Шпеман (Hans Spemann)  1914 онд нэг эсийнэ цөмийг нөгөө эсэд суулгах
анхны туршилтыг хийлээ. Тэр 1938 онд нэг эсийн цөмийг цөмгүй эсэд
суулгах боломжтой гэж үзлээ.

1940 онд Оросын үр хөврөл судлаач 
Георгий Лопашов эсийн цөмийг мэлхийний өнгөн эсэд суулга арга
боловсруулсан байв. Тэрээр 1949 онд бүх судалгаагаа “Ерөнхий биологийн
сэтгүүл”-д явуулсан байлаа. Гэвч Оросын тэргүүлэх шинжлэх ухааны
сургуулийг шахан дарамталж эхэлснээр түүний материал хэвлэгдээгүй бөгөөд
ажил бүтээл нь мартагдсан юм.

Хожим, 1960-аад оны эхээр
Лопашовын аргыг Гёрдон төгсжүүлжээ. Мэлхийний өндгөн эсээс цөмийг нь
зайлуулаад түүнд нь төрөлжиж ялгагдсан эсийн цөмийг суулгах болсон
байна. Эцэст нь тэр нас бие гүйцсэн мэлхийний гэдэсний салстаас гаргасан
эсийн цөмийг суулгах болжээ. Гёрдон бусдын цөмтэй өндгөн эсийн хөгжлийг
сүүл хавийн шат хүртэл явуулж чадсан байв. Ойролцоогоор  тэдний хоёр
хувь орчим нь бие гүйцсэн мэлхий болж чаджээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

Холбоотой мэдээллийг ЭНД дарж уншина уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж